Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Б.ЦЭВЭЛМАА: ХАЙР ДҮҮРЭН ГАРААР 55 ЭМЭГТЭЙД ТУСАЛНА

2017-03-28

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 55 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ойг тэмдэглэх ажлын хүрээнд 55 эмэгтэйд туслах, эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах, амьдралд хэрэгцээтэй сургалт, мэдээллийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Тус холбооныхон гуравдугаар сарын 7-ны өдөр аймгийнхаа Буянтай шилдэг ээжүүдээ алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаатай уулзлаа.

- Эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэхэд анхаарч ажилладаг нь мэдээж хэрэг юм. Та холбооныхоо эрхэм зорилгыг тодорхойлооч?

Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай холбоо “Эрдэм боловсрол, Эрч хүч, Эв нэгдэл = Хамтын хүч” гэсэн уриатай. Эмэгтэйчүүдийнхээ үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал зэргийг үл харгалзан тэдний нийтлэг эрх ашиг, сонирхолыг илэрхийлэн хамгаалах, төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох болон эмэгтэйчүүдийг бүх талаар хөгжүүлэхэд оршиж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд хэчнээн хүн багтаж байгаа вэ?

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нь удирдах зөвлөлийн нийт 13 гишүүнтэй. Тэд маань салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд байдаг. Холбооны маань дүрмийн дагуу хурлаа хийж, удирдах зөвлөлтэйгээ ярилцаж, хамтарч шийдвэрээ гаргаж, хамтын шийдвэрийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж ажилладаг.

- Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 55 жил энэ онд тохиож байгаа. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?

- Тиймээ. 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан хотын эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурлаар МАХН-ын хорооны харьяа орон тооны бус зөвлөл ажиллаж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш эмэгтэйчүүдээ дэмжсэн үйл ажиллагаа явуулсаар эдүгээ 55 дахь жилээ угтаж байна. Энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойгоо угтаж бид Дархан-уул аймагтаа “Хайр дүүрэн гар” нэртэй аян өрнүүлж байна. Аян маань “Хайр дүүрэн гараараа Халуун сэтгэл түгээцгээе” гэсэн уриан дор 55 эмэгтэйд туслах ба 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд сумдууд, Дархан сумын багууд болон гишүүн байгууллагуудийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийг хамруулан 5 дугаар сарын эхээр эмэгтэйчүүдийнхээ дунд спортын их наадам зохион байгуулах төлөвлөөгөөтэй байна.

Дараагийн нэг том ажил маань Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгууллагддаг “Зуны сургалт” тойрон аялалын арга хэмжээг аймагтаа зохион байгуулахаар болсон. Энэ арга хэмжээнд Монгол улсын 21 аймгийн эмэгтэйчүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж манай аймгийн түүх дурсгалуудтай танилцахаас гадна хоорондоо туршлага хуваалцдаг уламжлалтай.

- Та бүхний төлөвлөсөн ажлуудаас Дарханыхаа амьдралын боломж тааруу хүнд нөхцөлд ажиллаж амьдарч буй 55 эмэгтэйд туслах санаачилга их сонирхол татаж байна. Эмэгтэйчүүдээ хэрхэн яаж сонгох вэ?

- Баярлалаа. “Хайр дүүрэн гар” аянд маань хөдөлмөр халамжийн байгууллагаас байнга тусламж аваад байдаггүй өрх толгойлсон, ажил хийе гэсэн ч ажилд авдаггүй, өвчтэй боловч боломжгүйн улмаас эмчлүүлж чаддаггүй, амьдралд ньжаахан дэм болоод өгвөл урагшилах боломжтой эмэгтэйчүүд хамрагдана. Бид 03 дугаар сарын 02-оос эхлэн тусламж үзүүлэх эмэгтэйчүүдийнхээ судалгааг багийн засаг дарга болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нартайгаа хамтран эхлүүлсэн байгаа ба энэ сарын сүүлчээр аяны нээлтээ хийж, эхний хүмүүст тусламж хүрч эхэлнэ.

- Зуны сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ. Эмэгтэйчүүдийн манлайлал хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтууд байгаа юу. Ер нь таны бодлоор чадварлаг эмэгтэйчүүдийг хэрхэн бэлдэх вэ?

- Дээр хэлсэн байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Зуны сургалт” тойрон аялалын 20 жилийн ой тохиож байгаа нь манай аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 55 жилийн ойтой давхардаж, баярламаар зүйл болж байгааг хэлмээр байна. Энэ зуны сургалтаар бид аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, чадварлаг эмэгтэйчүүдээ монголынхоо бүх аймгуудад таниулан сурталчилахаас гадна эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах, туршлага солилцох гэх мэтчилэн олон талын зорилтод агуулгатай өргөн хүрээтэй арга хэмжээ болох юм.

Нэмж хэлэхэд аймгийн эмэгтэйчүүдийн ордонд маань оёдол эсгүүр, хөөрөгний даалин оёх, мөн бүжиг болоод хүүхдийн урлан бүтээх төвийн дархан салбар, урчуудын эвлэлийн холбооны маань гар зураг, уран бичвэр, уран хайчилбар гэх мэт олон чиглэлийн сургалтууд явагдаж байгаа ба эмэгтэйчүүд маань ямар чиглээр сургалт авах тухай хүсэлтээ ирүүлж болно.

- Холбооны гишүүн байгууллагууд эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх ашгийг хамгаалсан ямар ажил хийж байна?

- Аймгийн эмэгтэйчүүдийн холбоонд нийтдээ салбар салбарын төлөөлөл болон 18 гишүүн байгууллага хамтран ажиллаж байна. Байгууллагуудын эмэгтэйчүүдийн зөвлөл маань өөрсдийнхөө үйл ажиллагааны чиглэлээс хамаарч, түүнийхээ дагуу эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан сургалт мэдээлэл хийхээс гадна харилцан холбоотойгоор хамтран ажиллаж байна.

- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж та дээр хэллээ. Байгууллагын санхүүгийн асуудлыг хэрхэн шийддэг вэ. Таны дээр хэлсэн ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд нэлээн хөрөнгө мөнгө шаардлагатай болов уу?

- Мэдээж тэгэлгүй яахав. Энд манай байгууллага гишүүд дэмжигчид, анхан шатны болон удирдах зөвлөлийн гишүүд, хамран ажиллагч байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагынхаа тусламжтайгаар үйл ажиллагаа зохион явуулдаг. Дэм дэмэндээ Дээс эрчиндээ гэдэгдээ бид хамтдаа эв нэгдэлтэй байж эдгээр ажлуудаа хэрэгжүүлж чаддаг юм.

- Яг энэ мөчид та бүхэн аймгийнхаа шилдэг буянтай ээжүүдээ алдаршуулж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд 3 дугаар сард багагүй ачаалалтай ажилладаг байх?

- Тиймээ. Буянтай ээж, Шилдэг ээжүүдээ алдаршуулдаг “Мянган ээжийн баяр”-ын арга хэмжээ маань маш сайхан болж байна. 2017 онд бид 20 Буянтай ээж, 15 Шилдэг ээжүүдээ шалгаруулан алдаршууллаа. Мөн монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж бидний эрх зөрчигдөөд байгаа энэ цаг дор Нэгэн сайхан чуулганд оролцлоо. Дархан-Уул аймгийн хүн амын 51,3 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин өнөөдөр 40,6 хувьтай төдийгүй сарын цалин нийт ажиллагсдын дундаж цалингаас 14,2 хувиар бага байна. Тиймээс аймгийн эмэгтэйчүүдийн холбоо 2013 оноос эхлэн гишүүнчлэлээ сэргээж охид бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэхээр үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн. Зөвхөн 3 дугаар сар гэлтгүй энэ жилийн тухайд хийхээр төлөвлөсөн ажлууд маш их байгаа тул ачаалал ихтэй жил болох нь ээ.

- Гадаад улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?

- Байгаа байгаа. Гадаад улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудынхаа талаар судалгаа хийж, харилцаа тогтоож ажиллах нь бидний бас нэгэн том зорилт юм.

ЯРИЛЦСАН: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%