Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БИЧИЛ УУРХАЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

2017-02-23

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Шарын гол сумын ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр /2017.02.23/ “Шарын гол сумын бичил уурхайчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Насанбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Шарын гол сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга, Хонгор сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга  зэрэг албаны төлөөлөл, Шарын гол сумын бичил уурхайчдын “Хайрханы хишиг” ТББ, тус сумын бичил уурхайчдын төлөөлөл 60 гаруй иргэд оролцлоо. 
Хувиараа ашигт малтмал олборлох үйл явц нь 1998-2000 оны үед эхэлж, иргэд алтны компаниудын хаягдалтай шороо болон бусад ойролцоох эрүүл газрыг дураараа ухаж олборлож эхэлсэн. Энэ нь Байгаль хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн тухай зэрэг хуулиудыг зөрчих үндэслэл болжээ.  
Бичил уурхай нь  хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас зохион байгуулалтад орж чадахгүй, хэсэг бүлгээрээ  зөвшөөрөгдөөгүй эрүүл газар, малын бэлчээрийг ухаж төнхөх, ухаж авсан шороогоо голын урсгал усанд угааж бохирдуулах зөрчил олон жил давтагдсаар ирсэн. 
Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах ихэнх тохиолдолд маш их эсэргүүцэлтэй тулгарч, гар аргаар алт олборлогчид эргээд  ажлын байр нэхэж шаарддаг байна. 
Тиймээс  2007 оны үеэс эхлэн Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах асуудал яригдаж, 2010 онд  Засгийн газрын 308 дугаар тогтоол батлагдсан юм. Уг тогтоолын дагуу гар аргаар алт олборлогчид нөхөрлөлийн зохион байгуулалтанд шилжих шаардлагатай болсон. 
Шарын гол сумын хэмжээнд нийт  30-аад нөхөрлөл байгуулагдсан бөгөөд 1 нөхөрлөлд 5-7 хүн хамрагддаг. Эдгээр иргэд голдуу эрхэлсэн ажилгүй,  нийгмийн эмзэг бүлэгт харьяалагддаг хүмүүс байдаг тухай мэдээллийг Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр өглөө. 
Хэлэлцүүлэгт оролцсон бичил уурхайчдын зүгээс Засгийн газрын 308 дугаар тогтоолд заасан зарим нэг заалтууд нь хуультайгаа зөрчилддөг, тодорхой биш заагдсан байдгаас иргэд, төр захиргааны байгууллагууд хооронд үл ойлголцох байдал үүсдэг. Тиймээс заагдсан хууль дүрмийн дагуу алт олборлох газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймаг, сумын удирдлагуудаас хүсч байв.  
Харин сумдын удирдлагуудын зүгээс иргэдийн тавьсан хүсэлтийг хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат: “Монгол улс эдийн засгийн гол, тулгуурын нэг бол уул уурхайн салбар юм. УИХ-ын байнгын хорооны 2016 оны 12 дугаар 21-ний 05 дугаар тогтоолоор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн. 
Үүний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” журмыг шинэчлэн боловсруулж, энэ оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын Хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд тусгагдах юм. Мөн Бичил уурхайн үйл ажиллагаа явуулах газрыг тогтоох шаардлагатай байна. Эдгээр асуудлыг хамтдаа хэлэлцэн, төр болон бичил уурхайчдын хамтын ажиллагааг сайжруулах боломж нэмэгдэнэ” гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%