Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ДАРХАНЧУУД САНАЛАА ӨГӨВ

2017-01-25

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Гэр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.25/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт  Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Багийн Нийгмийн ажилтнууд, ЕБС-ын Нийгмийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан залуус зэрэг 120 гаруй хүн оролцож, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгсөн юм. 
  Оролцогчдыг баг болгон хуваарилж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бүлэг тус бүрээр нь судлан танилцах, хэлэлцэх, хоорондоо санал солилцох боломжийг бүрдүүлсэн нь  энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлгийн онцлог байв. 
Хэлэлцүүлгийн эхэнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн талаар орон нутгаас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны тухай зэрэг мэдээллийг холбогдох албаныхан хүргэсэн юм. 
2016 онд Дархан-Уул аймагт гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 58 хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оноос 16,0 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шалгагдсан хүмүүсийн 98 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 56 иргэн бие махбоди болон сэтгэл санаагаар хохирсон байна. 
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. 
Монгол улс нь 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хуулинд гэр бүлийн хөгжлийн асуудлыг зохицуулах төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг тодорхойлоогүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг, механизм байхгүй, гэр бүлийн бат бэх, тогтвортой байдлыг дэмжсэн боловсрол олгох тогтолцооны эрх зүйн орчин бүрдээгүй, хүүхдийн хамгаалал, өмчлөлийн эрх хуульчлагдаагүй, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага тодорхой бус, гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны зохицуулалтын асуудал тусгагдаагүй зэрэг олон сул тал бий хэмээн мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн зүгээс шүүмжилдэг.  
Мөн залуусын гэрлэх нас хойшилсон, гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрагчид нэмэгдсэн, гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон,  гадаадын иргэдтэй гэр бүл болох хандлага, гэр бүл цуцлалт болон цус ойртолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсээр байгаа нь Гэр бүлийн хуулийг шинэчлэх шаардлага, хэрэгцээ байгааг харуулж байна. 
Хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг хангахад голлон анхаарах, олон нийтэд сурталчлан таниулах, залуу гэр бүл тэр дундаа гэр бүлтэй оюутнуудыг дэмжих, гэр бүлийн боловсролыг өсвөр наснаас эхлэн олгох, ЕБС-ын сургалтын хөтөлбөрт тусгах, төрийн байгууллагуудад гэр бүлийн сэтгэл зүйчдийг ажиллуулах зэргээр гэр бүлийн бат бэх, тогтвортой байдал хангагдах нөхцлийг сайжруулахад анхаарч, гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэр дундаа хүүхэд үрчлэлийн хяналтыг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон талын дэвшилтэд саналуудыг гаргалаа. 
Эдгээр саналуудыг нэгтгэн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны харьяа Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт хүргүүлэх юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%