Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх архидан согтуурах явдалтай тэмцэх болон иргэд олон нийтэд хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Хууль сурталчлах аяныг санаачлан зохион байгуулсан.
Уг аяны хүрээнд хяналтын камер гэрэлтүүлгийг шаардлагын хэмжээнд хүргэх, гэр хорооллын айл өрхүүдийн гудамжны хаягжилт, тохижилтын ажлыг зохион байгуулах, гэрэлтүүлэг, камерын систем холбох, гэр хороолол болон орон сууцанд амьдардаг иргэдийг “Хөршийн холбоо”-нд хамруулах, Баг хороонд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд үнэлэлт дүгнэлт өгч иргэд, ААНБ-уудыг “Нийтийн эргүүл”-д хамруулах, мөн “Сайн дурын урамшуулалт эргүүл” зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
Хууль сурталчлах нэг сарын аянд оролцсон байгууллага хамт олны ажлын тайланг ГХУСАЗЗ-ийн хурлаар хэлэлцэн, шалгаруулсан ба өнөөдөр /2016.12.26/ шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
Үүнд: “Шилдэг баг, хамт олон"-оор Шарын гол сум болон Дархан сумын 8 дугаар баг шалгарсан бол “Шилдэг Ерөнхий боловсролын сургууль”-иар Жигүүр цогцолбор сургууль, “Шилдэг Их, Дээд сургууль”-иар “Дархан Өргөө” Полтехникийн коллеж тус тус шалгарлаа.
Мөн аяны хүрээнд “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт санамж сэрэмжлүүлгийн ТВ шторкын уралдаанд Оюуны ирээдүй цогцолбор сургууль 1 дүгээр байр, Шарын гол сумын 6 дугаар сургууль 2 дугаар байр, 15 дугаар сургууль 3 дугаар байранд тус тус шалгарсан юм.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон Хонгор сумын Салхи багийн иргэн Б.Энхбат, Дархан сумын 5 дугаар багийн иргэн Л.Цогзолмаа, Дархан сумын 8 дугаар багийн иргэн Б.Ариунаа нарыг мөн урамшуулсан байна.
Түүнчлэн 2016 оны “Тэргүүний албан хаагч”-аар аймгийн Цагдаагийн газрын албан хаагч ахлах ахлагч О.Шинэбаяр, Ш.Мөнхсүх, ахлагч Э.Наранбилэг нар тодорсон бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар нар гардуулсан юм.