Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2016.12.19/ болов.
Тус хурлаар “Хууль сурталчлах 1 сарын аян”, “Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын тайлан”, “Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” “Оюутан цагдаа” эргүүлийн ажлын тайлан”, “Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэн таслан зогсоох болон малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан ажлын тайлан”, “ГХУСАЗЗ-ийн 2016 оны санхүүгийн тайлан” зэрэг мэдээллүүдийг хийсэн юм.
Тухайлбал ГХУСАЗЗ 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 14-нийг хүртэл “Хууль сурталчлах” сарын аяныг хэрэгжүүлсэн ба “Иргэд олон нийт рүү чиглэсэн” ажлын хүрээнд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, объектын камержуулалт болон гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын айл өрхүүдийн гудамжны хаягжилт, тохижилтын ажлыг зохион байгуулах, гэрэлтүүлэг камерын систем холбох, иргэдийг “Хөршийн холбоо”-нд хамруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, Баг хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, Согтууруулах ундаа хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, залуучуудыг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд хамтран сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж үр дүнг тооцох зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ.
Тодруулбал согтууруулах ундаа хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэж, болзошгүй залуучуудыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд 43 иргэнийг архины хамаарлаас гаргах сургалтад хамруулж итгэлцлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Түүнчлэн архины хамааралтай иргэдийн судалгааг шинэчлэн шинээр 139 иргэдийн судалгааг гаргажээ. Эдгээр иргэдэд сургалт хийхээс гадна тухайн багийн нутаг дэвсгэрт цас цэвэрлэх ажлуудыг хийсэн байна.
Мөн “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг таслан зогсоох нь” сэдвээр Эрүүл мэндийн төв, “Дулаан шарын гол” ХК, “Шарын гол” ХК, Гал унтраах 55 дугаар анги, ЕБС, цэцэрлэгүүдийн нийт 140 албан хаагчдад, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг О болгоё” уриан дор ерөнхий боловсролын сургуулийн 379 сурагч, 25 багш, 100 эцэг, эхчүүдэд, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалалт” сэдвээр 37 сурагчдад тус тус сургалт зохион байгуулж, “Гэмт хэргийн хор уршиг” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сурталчилгааны самбар “Хүүхдийн нүдээр” зэрэг арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулжээ.
Мөн түүнчлэн ГХУСАЗЗ-ийн хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 82 тогтоолоор батлагдсан “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмын хэрэгжилтийн тухай мэдээллийг өгсөн бөгөөд Оюуны ирээдүй цогцолбор, 15 дугаар сургуулиудад шинэлэг ажлуудыг санаачлан идэвхтэй ажиллаж бусад сургууль хамт олноо хошуучилсан байна.
Ерөнхийдөө “School police” эргүүлийг ажиллуулснаар эцэг эхчүүдийн хандлага үүргээ ухамсарлах байдал өөрчлөгдөн сайжирч байгаа тухай дээрх тайлангуудад онцолсон юм. Тиймээс ГХУСАЗЗ-өөс “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллах журмыг Их дээд болон мэргэжлийн сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байна.
Уг ажлын хүрээнд оюутнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, Их дээд сургуулийн захирлуудтай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулах зэргээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс жил бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ажилласан ААНБ, хамт олныг шагнан урамшуулдаг бөгөөд 2016 онд Шарын гол сум болон Дархан сумын 8 дугаар баг тус тус шалгарчээ.