Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗУРГААН ТЭРБУМ 275 САЯ ТӨГРӨГИЙН АЖЛЫГ 100 ХОНОГТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2016-11-04

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 7 дугаар сарын 21-нд ажлаа хүлээж авсанаас хойш хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эрх зүйн акт болох 185 захирамж, 5 албан даалгавар гаргаж, удирдлага, зохион байгуулалт болон бодлогын түвшинд олон асуудлыг шийдвэрлэжээ. 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөж томоохон ажлуудын талаар  аймгийн Засаг даргатай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Аймгийн Засаг дарга ажлын 100 хоногт хийсэн бүтээсэн ажлуудаа иргэдэд танилцуулж байна. Цаг үеийн олон ажлууд давхацсан гурван сар өнгөрсөн байх?
-2016 оны 7 дугаар сарын 21-нд Монгол улсын Ерөнхий сайд батламжилснаар миний бие аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авсан. Энэ хугацаанд хийж бүтээсэн олон ажлууд байна. Мэдээж хэрэг ногоо цагаагаа хураах, хадлан тэжээлээ гүйцэд базаах зэрэг хөдөө аж ахуйн салбарын ажил анхаарлын төвд байлаа. Энэ намар тариаланчид маань арвин ургац хурааж авлаа. Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Сумдад Нээлттэй хаалганы өдөрлөг хийж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртууллаа. Инженерийн шугам сүлжээний байгууллагуудынхаа хамтаар хотын орон сууцны байрууд, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд 98 хувьтай хангасан байна. 
Хүйтрэхээс өмнө бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгахаар төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудтайгаа идэвхитэй хамтран ажиллалаа. Ер нь орон нутгийн хөгжлийн сан, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам, гэрэлтүүлэг, өвөлжилт зэрэг нийт 6 тэрбум 275 сая төгрөгийн ажлыг өнгөрөгч гурван сарын буюу 100 хоногийн  хугацаанд хийж гүйцэтгэлээ.
-Энэ намар зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд урагшилсан. Ер нь аймгийн хэмжээнд ямар ямар гол ажлууд хийгдэв?
- Хамгийн томоохон ажил гэвэл шинэ хуучин Дарханыг холбосон 2.4 км урттай, 14 м-ийн өргөнтэй, хоёр урсгалтай нэгдүгээр зэрэглэлийн автозамыг гүйцээж ашиглалтад оруулах байсан. Дархан хотыг анх байгуулж байх үед төлөвлөгдсөн хотын үндсэн магистрал 8 км шугамын ажлыг эхлүүлж, анх удаагаа орон нутгийн төсвөөр барьж чадлаа. Мөн шав тавьчихсан хэрнээ инженерийн шугам давхацалтай гэх шалтгаанаар удааширч байсан Хүүхэд хөгжлийн ордоны барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Ингэснээр хүүхдүүдэд ая тухтай орчинд сурч боловсрох хичээлээс гадуурх соёл хүмүүжлийн ажилд хамрагдах боломж нээгдэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан саналын дагуу 250 сая төгрөгөөр тухайн тухайн багт хамгийн ихээр тулгамдаж буй тодорхой нэг асуудлуудыг шийдвэрлэлээ. Жишээлбэл: 10 дугаар багт орцны гэрэлтүүлгүүд хийсэн бол 9 дүгээр багийн орон сууцны байруудад кодтой хаалга хийлээ. Хорооллын доторх 3500 м2 замыг нөхөж, хотын доторх нийтийн эзэмшлийн авто зам дахь зорчих хэсэгт нөхөөс хийсэн. Пионерийн гудамжны 360 м хучилттай зам, Өргөө багийн нутаг дэвсгэр дэхь байрнуудын гадна фасад засвар, гэрэлтүүлэг гээд зайлшгүй хийх шаардлагатай олон ажлын ард гараад байна. Бүх зүйлийг 100 хувь амжуулсан гэвэл өрөөсгөл болно. Энэ ч утгаараа төмөр замын презерээс Хараагийн гүүр хүртлэх 870 сая төгрөгийн замын ажлыг амжуулахаар нэлээн зүтгэсэн боловч цаг агаараас шалтгаалан энэ ажил зогсоод байна. Мөн хотынхоо 55 жилийн ойн өмнөхөн аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг иргэд, хөдөлмөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран хэлэлцэж, нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилттой хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан нь чухал ажлуудын нэг байлаа. Одоогоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. Үүний зэрэгцээ аймаг, сумын ИТХ-ын сонгууль гээд цаг үеийн олон чухал ажлууд давхацсан ажил ихтэй гурван сар өнгөрлөө.
-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөртэй уялдсан байх. Тус хөтөлбөрт туссан чухал ажлуудаасаа нэрлээч?
- Шат шатны сонгууль болж өнгөрлөө. Дарханчууд Монгол ардын намд итгэл хүлээлгэж, аймгийн Монгол Ардын Намын 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцсон “Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг дэмжсэн. Тус хөтөлбөрийн 9 бүлэг, 142 арга хэмжээнээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 80 арга хэмжээ нь шууд тусгагдсан ба 56 арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгалаа. Үйл ажиллагааны хөтөлбөрт бидний өмнө тулгамдаж буй олон арван асуудлыг тусгахын дээр олон давтамжтай, иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа асуудлуудыг нэгтгэн бүтээн байгуулалтын томоохон 13 ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ. Тодруулбал:Өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Жишиг хороолол” төслийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлсэн. Тэгвэл ирэх дөрвөн жилд “Тохилог хороолол” төсөл хэрэгжүүлж гэр хорооллын иргэдийн ая тухтай, амрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Өмнө нь жишиг хороолол төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлыг хийж байсан бол одоо “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж орцуудыг засварлах, орон сууцны байрнуудын доорх инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд түлхүү анхаарна. 
-Орцнуудын хаалгыг сольсон. Энэ нь СӨХ-ны хийх ажил биш үү? Саяхан 16 давхарт гал гарлаа, нилээдгүй хохирол учирлаа. Үүнийг СӨХ-ны хариуцлагагүй байдалтай холбож байгаа. СӨХ-ны өмнөөс хариуцлага үүрсээр байх уу, яаж хяналт тавьж ажлыг нь сайжруулах вэ? 
- Уг нь СӨХ нь тусгай зохицуулдаг эрх зүйн зохицуулалттай, дээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй, тэндээсээ баталсан дүрэмтэй газар. Засаг дарга, түүний Тамгын газраас энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож ажиллах боломж байхгүй, иргэдийн эрх ашиг, асуудал байгаа учраас мэдээж орон нутгийн зүгээс тухайн байгууллагатай байж болох бүхий л хэлбэрээр хамтарч ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр байрны зоорийн давхарыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийлээ. Энд ажилгүй байсан иргэдийг хамруулж, тодорхой хэмжээний орлоготой болгосон. Үр дүн гарч байгаа. СӨХолбоод маань урам зориг ороод олон санаачилга гаргаж байна. Тэдний ажлыг үгүйсгэж болохгүй. Хамгийн гол субъект бол иргэд өөрсдөө. Тийм учраас иргэддээ хандаж Та бүхэн минь үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна. Бид СӨХолбоодоо урамшуулаад, шагнахыг нь шагнаад, дэмжихийг нь дэмжээд, шүүмжлэхийг нь шүүмжлээд хамтарч ажиллах болно оо. 
-Засаг  даргын  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засаг хүнд үед эдгээр төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх нь сонирхол татаж байна. Санхүүгийн эх үүсвэр, нөөц байна уу? 
- Улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгож байгаа. Гэхдээ бид дэд бүтэцтэй газраа дуудлага худалдаанд оруулж төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх, хандивлагч орны зээл тусламжийг үр дүнтэй ашиглах гэх мэтээр боломжийг хайх ёстой. 2018, 2019 он гэхэд эдийн засаг сэргэнэ. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж тооцсон, УИХ-ын гишүүдтэйгээ зөвлөсөн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр учраас бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд олон талт эх үүсвэрийг судалж байна. Азийн хөгжийн банк, бусад гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацаатай зээл тусламжаар Дархан-Шарын гол сумын хооронд 49 км хатуу хучилттай, гуравдугаар зэрэглэлийн автозамыг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банк, МУЗГ хамтран ажиллах гэрээний төсөлд Дархан-Шарын голын авто зам, Хонгор Салхитыг холбосон авто зам, шинэ хуучин Дарханыг холбосон авто замын үлдэгдэл болох 5,8 км авто замын ажлыг суулгахаар санал солилцож, хүсэлтээ тавьсан. 9 дүгээр сарын 2, 3-ны үед Сангийн яамаас ажлын хэсэг ирж, танилцаад явсан. Ирэх 11 дүгээр сарын 16-ны өдөр Сангийн яам, Азийн хөгжлийн банкны эхний уулзалт болно. Энэ уулзалтаар бидний хүсэлт дэмжигдвэл 2018 оноос эхлээд дээрх автозамын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэсэн үг. Энэ асуудалд манай аймгаас сонгогдсон их хурлын гишүүд маань ач холбогдол өгч дэмжиж байгаа. Мөн Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийг Орхон суманд байгуулах шийдвэрийг Засгийн  газраар дэмжүүлж хэрэгжүүлэхээр болсон. Шарын голын уурхайн нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ашиглалтыг сайжруулж, түүнээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглана. Боловсролын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Боловсрол хотхоны бүтээн байгуулалтыг эцэслэнэ гээд олон ажлууд байна.
-Орон нутгийн тээвэр, авто замын асуудлыг хариуцах аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулахаар болсон. Эдийн засаг хүнд үед төрийн байгууллагын бүтцийг данхайлгахгүй байх, орон тоо нэмэхгүй байх шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага байгаа юу?
- 2015 онд шийдлийн засгийн газраас аймгуудын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын бүтэц орон тоог батлахдаа тээврийн салбарыг үндсэнд нь байхгүй болгосон. Үүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Дархан-Уул аймаг хүн тээвэр, ачаа тээвэр, авто замын нэгдсэн бодлого байхгүй, зохицуулах эрхзүйн орчин бүхий байгууллагагүй явж ирлээ. 
Өнөө жилийн сонгуулийн дараагаар байгуулагдсан засгийн газрын 8 дугаар сарын 3-ны өдөр батласан шинэ бүтцэд ч мөн адил тусгагдаагүй. Тэгсэн хэрнээ авто тээврийн тухай хуулиар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллах томоохон асуудлын нэг нь тээвэр, авто замын асуудал байдаг. Аймгийн хэмжээнд засмал зам 73,79 км байдаг. Үүний 58 км буюу 78,6% нь хатуу хучилттай авто зам байдаг. 
Гэтэл бид авто замаа аймгийн НААҮГ-ын балансад бүртгээд явж байна. Хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг “Элит хөгжил” компанийхан үзүүлж байна. Хотын доторх болон хот хоорондын такси, нийтийн тээврийн үйлчилгээ ямар ч зохицуулалтгүй байна. Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулж диспетчерийг нь цалинжуулаад тус төвөөр дамжуулж хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг хянуулж байна. Цаашид олон арван км хатуу хучилттай авто замууд ашиглалтад орно. Өвөл болж байна, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. 
Энэ нөхцөл байдалд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Дархан сумын ЗДТГ хамтран судалгаа хийж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд дүгнэлтээ танилцуулсан. Ингээд бид дээрх хүндрэлтэй асуудлаа шийдэх хүрээнд орон нутгийн өмчит газар байгуулж, 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс тус байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. 
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар төсөвт хүндрэл учруулахгүй байх зарчмаар ажиллана. Гарааны санхүүжилтийг аймгаас нэг удаа хийж өгнө, үргэлжлүүлээд хойд урд постны орлого, хотын доторх болон хорооллын доторх авто замын нөхөөсний ажил зэрэг тодорхой эх үүсвэрүүдээс өөрийн орлогоо бүрдүүлж ажиллана. 
- Яг энэ байгууллага шиг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх орон нутгийн өмчит байгууллага Барилга захиалагчийн албыг 2013 онд байгуулж байсан. Таны дараагийн удирдлагууд тус байгууллагыг ажил үүрэг давхардаж байна гэж үзээд татан буулгасан. Гэтэл шинээр байгуулагдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурлаар тус байгууллагыг дахин байгууллаа. Ер нь энэ байгууллагыг заавал ажиллуулах шалтгаан юунд байна вэ?
- 2012 онд Монгол улсын эдийн засаг 17.6% хүртлээ өсч эдийн засгийн чадавхи сайжирч улмаар аймаг бүрт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт нэмэгдэж түүнийг дагасан бүтээн байгуулалтууд их хийгдсэнийг эргэн санах нь зүйтэй болов уу. Эдгээр хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж бодит ажил болгох үүднээс бид Дархан барилга захиалагчийн товчоог байгуулсан. Уг товчоо нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх орон нутгийн өмчит гэдгээрээ онцлогтой. Татан буулгасан удирдлагууд хэвлэл мэдээллээр орон нутгийн төсөвт ачаалал өгсөн мэтээр тайлбарласан л даа. Гэтэл үнэндээ төсөвт ачаалал үүрүүлж байгаагүй, тендерийн магадлашгүй ажлын хоёр хувиар санхүүжилтээ олж байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг ГХБХБГ хуулийн дагуу хянадаг бол орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлууд, 2, 3 дугаар зэрэглэлийн барилга байгууламжийн ажилд уг товчоо хяналт тавиад ажиллаж байсан. Энэ нь эрх мэдлийн давхцалыг бий болгох биш харин ч аймаг орон нутагтаа хийгдэж буй бүтээн байгуулалтыг чанартай хийхэд илүү анхаарч чадсан юм. Тэр ч утгаараа бид энэ онд тус байгууллагыг дахин байгуулсан. 
-Ирэх дөрвөн жилд хичнээн сургууль цэцэрлэг шинээр барьж байгуулахаар төлөвлөгдсөн вэ? 
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдсэн. Хэдхэн жилийн дараа СӨБ, ЕБС түүн дотроо бага ангийн хамран сургалт тулгамдсан асуудал болж хувирна. Бид 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Дээр нь өөр зориулалтаар ашиглагдаж байгаа барилга байгууламжийг суллаж, засварлах замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд шилжсэнтэй холбоотойгоор хуучин байрыг анх баригдсан зориулалтаар нь ашиглах санал иргэдээс ирэх болсон. Саяхан УБ хотноо энэ ажлыг хөөцөлдөөд ирлээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө учраас баланснаас балансад шилжих боломжгүй. Тийм болохоор үлдэгдэл үнэ болох 220 сая төгрөгөөр аймаг худалдаж авахаар санал тавьж байгаа. Байрны засварын зардлыг БСШУССайдын багцад суулгаж чадвал 210 хүүхдийн цэцэрлэгийн байр 2017 онд шийдэгдэнэ. Мөн ОХУ-ын өмчлөлд байдаг Дархан сумын 4-р багт, хуучин Прокурорын байгууллага ажиллаж байсан байр бий. Сүүлийн жилүүдэд өмчлөлийн асуудлаас болоод ашиглагдахгүй байгаа. Анх баригдахдаа цэцэрлэгийн зориулалттай баригдсан тус барилгын асуудлыг Оросын талтай тохирч чадвал 280-320 хүүхэд хүлээн авах боломж байна. Төсвийн хөрөнгө гэхээсээ гадна төсөл сонгон шалгаруулах шугамаар газар олгож, өөрсдөө төсвөө гаргаад цэцэрлэгийн байраа барьсан компаниудын урсгал зардлыг яамнаас санхүүжүүлэх замаар хувийн хэвшлийнхэнээ дэмжинэ. Хөтөл хороололд нэг цэцэрлэг барих зайлшгүй шаардлага байна. Дархан сумын 15 дугаар баг, үйлдвэрийн районд БНСУ-ын хөрөнгөөр баригдаж байгаад дутуу орхигдсон нэлээд том барилга байгууламж байгаа. Үүнийг сургууль цэцэрлэгийн байраар ашиглах, өөрөөр хэлбэл 540 хүүхдийн бага сургууль хэлбэрээр ажиллуулах бүрэн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Мөн дараагийн 4 жилд 960 хүүхдийн сургуулийг 15 дугаар баг, Хүслийн хотхоны урд талд нийтийн шугам сүлжээнд ойрхон газар барихаар төлөвлөсөн. Газрыг нь бэлдсэн, төсвийг ирэх 4 жилийн дотор заавал шийдүүлнэ. Мөн барилга захиалагчийн товчоо үйл ажиллагаа явуулж байгаад гарсан Дархан сумын 8 дугаар багт байршилтай тус байранд аймгийн Боловсрол соёл, урлагийн газрыг шилжүүлэн байрлуулж, одоогийн Оюуны ирээдүй цогцолборын нэг давхарыг сургалтын зориулалтаар бүрэн ашиглана. Ингэснээр 5 анги буюу 200 гаруй хүүхдийн сурч боловсрох орчин бүрдэнэ гээд боловсролын салбартаа анхаарч ажиллана.
-Дархан-Уул аймаг сумдтайгаа хэр уялдаатай ажиллаж байна вэ? 
-Аймаг, Дархан сумын бүтээн байгуулалт нь нэг талбарт хийгддэг учраас 2013-2015 онуудад газрын доорх инженерийн шугам хоолойн шинэчлэл, хотын дэд бүтцэд аймаг хөрөнгөө оруулна. Харин Дархан сум иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлуудад хөрөнгө оруулалтаа хийнэ гэдэг байдлаар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж ирсэн. Эдгээр ажлуудын үр дүн одоо гарна. Аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг сумандаа хэрэгжүүлж бодит ажил болгох хүмүүс нь сумдын засаг дарга нар. Гэтэл манай аймагт өнгөрсөн найман сарын хугацаанд буюу өмнөх удирдлага Засаг даргын зөвлөлийн хуралдаа сумдынхаа Засаг дарга нарыг оролцуулдаггүй жишиг тогтоочихож. Ийм байж таарахгүй ээ. Үүнээс үүдэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын олон ажил зогссон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь намайг ажил авахад ердөө хоёрхон тендерийн ажил зарлагдсан байсан, ийм л нөхцөл байдалтай ажлаа хүлээж авсан. Дүгнээд хэлэхэд аймаг сумын удирдлагууд хоорондоо нягт уялдаа холбоотой нэг зүгт харж байж аймаг орон нутгаа хөгжүүлэх нь зүйн хэрэг юм. 
-Саяхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хууль бус газар олголтын асуудлаар мэдээлэл танилцуулж байсан. Ер нь газар зохион байгуулалтын асуудалд аймаг, сум хэрхэн уялдаатай ажилладаг вэ ?
-Газрын тухай хуулинд тодорхой заасан байдаг. Сумын дарга хашааны газар буюу инженерийн дэд бүтэц, шугам хоолойнд холбогдоогүй газарт иргэдэд газар өмчлүүлнэ. Харин аймгийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу газар олголт хийдэг. Таны асууж байгаа мэдээллийн хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг дээрээ батлаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх ашгийг зөрчсөн. Дээр нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрөгч 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд гурван удаа тодотгож 400-гаад хүнд газар олголт хийсэн байна. Тухайн үед Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг мэдэгдэж байсан ч уг асуудал хэвээр үргэлжилсэн. Үүний уршгаар өнөөдөр олон иргэн хохирох болчихоод байна. 2008 онд Г.Эрдэнэбат Засаг даргын үед гарсан хотын дотор шатахуун түгээх станц, гражын газар олголт хийгдэхгүй гэсэн захирамжийн хэрэгжилт байхгүй болсон зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ бүгдийг засч залруулах нь зайлшгүй учраас бид аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хоёр сар гаруйн хугацаанд хяналт шалгалт хийлээ. Ингээд гарсан зөрчил, дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байна. 
-Дарханд ер нь иргэдэд өмчлүүлэх газар байгаа юу? Олон хүнд газар олгосон байсан гэж байна. Хаана тийм газар байна?
-Засгийн газраас тогтоол гарч тухайн онд аймгийн хэмжээнд өмчлүүлэх газрыг зааж өгдөг. Энэ дагуу аймгийн ГХБХБГ төлөвлөлтөө хийдэг. Мэдээж төвдөө инженерийн шугам сүлжээндээ холбогдсон газартай болох хүсч байгаа олон иргэд байдаг. Хүсэлтийн дагуу газар олголт хийвэл замбараагүй байдал үүсэх учраас аймгийн хэмжээнд шинэ суурьшлийн бүс гэж нэрлээд Хөтөл хороололд газрыг үе шаттайгаар иргэдэд өмчлүүлж ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг төлөвлөлтийн дагуу нийгмийн салбарт өгөхөөр хадгалж байна. Инженерийн дэд бүтэц, шугам хоолойд холбогдоогүй газруудыг иргэдийнхээ эрх ашгийн төлөө эргэлтэнд оруулах зарчмаар ажиллаж ирсэн. Тухайлбал, 8,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Дархан К-39 шугам буюу хотын захиргааны гаднаас эмнэлэг, хүмүүнлэгийн ухааны сургууль хүртэл нэг шугам, цаашаа 15 дугаар баг хүртэлх дулааны шугамын өргөтгөлийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Нэг талаас Мангирт Хабитат орчмын айлуудыг дулаанаар хангаж “Утаагүй Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөгөө талаас УГТСЭШХ орчимд дэд бүтэц татаж тухайн газруудыг дуудлага худалдаанд оруулж орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх бодлогоор хийсэн ажил. Гэтэл энд давхардуулаад газар олголт хийсэн байсан. Мөн 6,1 тэрбум төгрөгөөр иргэдийн оролцоотой 251 айлын амины орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хороололд газар эзэмших хүсэлтэй иргэд 24 сая 980 мянган төгрөг тушаагаад хашаатай, дэд бүтэцтэй, гэрэлтүүлэгтэй, банкны зээлэнд хамрагдах боломжтой газар авах боломжтой байсан. Гэтэл иргэдийн оролцоотой хийгдсэн энэхүү ажлыг нураан зүгээр л  50 гаруй айлд давхацуулаад  газар өмчлүүлсэн байна. Энэ нь буруу юм. Мөн Хүслийн хотхоны ард Дархан хотын олон жил ярьж байгаа үйлдвэр технологийн паркийн 2 дугаар бүсэд газар олголт хийсэн байна. Тиймээс бид газар олголт хийсэн захирамжуудыг цуцалж буцаагаад эмх цэгцэнд нь оруулахаар ажиллаж байна. Хот өөрөө төлөвлөлтийн дагуу хөгжих ёстой. 
-Төлөвлөлт гэснээс манай хотод алсыг харсан ерөнхий төлөвлөгөө байгаа юу?
 
-Хотын ерөнхий төлөвлөгөөг “Арт” констракшн компани боловсруулж байгаа. Энэ ажил жаахан удаашралтай байлаа. Гэхдээ одоо захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрээд овоо ахицтай явж байна.  Та бүхэн санаж байгаа байх, аймгийн ЗДТГ-ын үүдэнд 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг төлөвлөсөн макет байрлуусан даа. Тэр бол иргэдийг хуурсан үзүүлэн биш, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан ажил. Энэ хүрээнд тээврийн товчооны цаана 3 дугаар хорооллыг төлөвлөж, Бурхант дэд станцаас 5,1 тэрбум төгрөгөөр цахилгаан хангамжийг шийдвэрлэсэн. Энэ бол цаашид 2 дугаар хорооллыг цахилгааны хоёр эх үүсвэртэй болгох, улмаар 3 дугаар хороололд төлөвлөсөн бүтээн байгуулалтыг барихад цахилгааны эх үүсвэр найдвартай байхаар тооцож хийсэн бүтээн байгуулалтын ажил. Энэ бүх ажлууд төр засаг солигдох үеэр зогссон. Тэгэхээр одоо эхлүүлсэн бүхнээ үргэлжлүүлнэ.
-Дэлхий нийтээр ногоон хөгжил, эко ирээдүйг чухалчилж байна. Манай улс ч энэ чиглэлээр хөгжих хэтийн төлөвлөгөөг гаргажээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн хувьд  ногоон хөгжилд чиглэсэн төлөвлөгөө байгаа юу? 
- 2014-2015 онуудад бид ХААИС, УГТСЭШХ, Байгаль орчныхонтойгоо хамтран аймгийн хэмжээнд нэг га газар хэдий хэмжээний ургамал ургаж байна, цөлжилтөөс болж устаж үгүй болж байгаа ургамал байгаа эсэх, ойн сан ямар хэмжээнд байгаа зэргийг судалсан. Мөн аймгийн хэмжээнд хэдэн төрлийн ан амьтан байгааг тоолж, салбар яаманд танилцуулсан. Бид суурь судалгаагаа хийсэн гэсэн үг. Уг судалгаанд тулгуурлан салбарын яам бодлогоо тодорхойлж, орон нутаг хэрэгжүүлээд явах нь дамжиггүй ээ. Нөхөрлөлийн тухай хууль гарч, ашиглалт сайжирснаар ой хээрийн түймэр багассан. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтан ихээр суурьшиж байна. Энэ бол нааштай үр дүн. Мэдээж экологи, хүрээлэн буй орчин, цөлжилт, дулаарлын асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. МУ-ын Засгийн газар мэргэжлийн яамд энэ асуудалд онцгой анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай аймагт ч мөн хэрэгжиж байна. Тодруулбал: МУ-ын хэмжээнд ойн сангийн генетик фондыг нэмэгдүүлэх лаборторийн төслийг Хонгор суманд 2 дахь жилдээ Домогт Шарын гол хэмээх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага амжилттай хэрэгжүүлж байна. Бид саяхан тарьдасыг нутагшуулж байсан бол өнөөдөр суулгац бэлэн болсон. 2017 он гэхэд бэлдсэн суулгацуудаа нөхөн сэргээлтэнд гаргана. Тус лабортори зөвхөн ойн генетикийн судалгаанаас гадна улсын хэмжээний сургалтын бааз болсон. Төслийг цаашид үргэлжлүүлэхээр Чехийн гадаад хэргийн орлогч сайдыг манай аймагт ирэх үеэр саналаа уламжилсаны дүнд мэргэжлийн яам, Чех, Монголын Засгийн газрын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч, дэмжих саналаа Засгийн газарт уламжилсан. Энэ дагуу НҮБ-ын ойн сангийхан манай аймагт ирж төсөл хөтөлбөрийг дэмжээд явлаа. Үүний үргэлжлэл нь болж ХААИС-ийхан Зулзагын гол орчимд мөн ийм хэмжээний 2 дахь нөхөн сэргээлтийн төвийг хийх гэж байна. Энэ бол маш том ажил. МОМО төслийн хүрээнд Хараа, Ерөө гол орчмын, тухайлбал Дархан-Уул аймгийн цэвэр усны хангамжийн асуудлыг тогтвортой байлгах судалгааг хийсэн. Монгол Улсын засгийн газар, Түлш Эрчим Хүчний яам, Дани улсын засгийн газрын хамтарсан цэвэрлэх байгууламж, дулаан хангамжийг сайжруулах, цахилгаан станцын хэрэглэж байгаа усны хэрэглээг багасгах, дахин ашиглах зорилготой төсөл юм. 

-Дархан үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутаг. Гэтэл үйлдвэрүүд маань сайн ажиллахгүй байна. Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид сул зогсолтын мөнгөө авч чадахгүй, олборлож байгаа хүдрээ боловсруулж чадахгүй хилээр гаргаж байна гэх асуудал байнга яригдаж байна. Төмөрлөгийн үйлдвэрт орон нутгийн зүгээс хяналтаа тогтоож ажиллах боломж байдаг уу? 
-Мэдээж энэ үйлдвэрийг концессын гэрээгээр хувьчилсан цагаас эхлээд нэлээдгүй хэл ам таталсан нөхцөл байдал орон нутагт үүсээд байгаа. Он гарснаас хойш төмөрлөгийн үйлдвэр орон нутагт 1.6 тэрбум төгрөгийн өртэй, нийгмийн даатгалын санд бас энэ хэмжээний өртэй явдаг. Орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэнд ч мөн нилээн хүндрэл учруулж байгаа тул үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан. Үүний үр дүнд сүүлийн саруудад, тухайлан энэ хүндэрсэн саруудад татвараа төлж орон нутгийн санд тодорхой хувь нэмэр оруулаад байна. Үйлдвэрийн удирдлагууд эдийн засгийн хямралыг давах гэж ажиллаж байгаа. 
Ажил олголтын тал дээр хүндрэлтэй, төсөл хөтөлбөр нь зогсонги байдалтай байгаа энэ үйлдвэрийн ажлыг цааш явуулахын тулд хүдрээ баяжуулахгүйгээр бага хэмжээний хүдрийг шууд ачилт хийж байна. Үүнээсээ олсон орлогоор хүмүүсээ цалинжуулж, дараагийн үйлдвэрийн технологийнхоо урьдчилгаа төлбөрөө өгөх байдлаар явж байна. Эрдэнэт хотод ган бөмбөлөг үйлдвэрлэх томоохон гэрээ хийж, энэ үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал 200-300 хүнийг ажлын байраар хангана, байгаа бүх боломжоороо ажиллаж байна гэсэн мэдээллийг үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өгч байгаа. Та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх, Хятадын зах зээлд цэсийн үнэ тогтворжих хандлагатай байна. Тэгвэл цэсний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, эерэг үр дүн бий болно гэж тооцож байгаа.
-Намын даргын хувьд сонгуулийн дүнтэй холбоотой асуулт асууя. Сонгуулиар МАН дийлэнх олонх боллоо. Нэг ёсондоо сөрөг хүчингүй засаг тогтлоо. Маш их хариуцлага ирж байна?
- Бид өнгөрсөн хугацаанд улсын төсвийн томоохон бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн орон сууцны зоорийн давхарын засварын ажил, нийтийн тээврийн үйлчилгээг Дархан хотод явуулж улмаар нөхөн олговрыг улсын төсөвт суулгасан, Азийн хөгжийн банкны 20 сая доллараар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн зэрэг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бодит ажил болгосон учраас ард иргэд биднийг сонгох нэгдүгээр шалтгаан болсон болов уу. 
Мөн 2015 оны намар манай аймагт засаглал хямарч МАН-аас сонгогдсон зарим төлөөлөгчид Ардчилсан намтай нэгдэн ИТХ, Засаг даргаа унагаасан. Үүний уршгаар найман сарын хугацаанд төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, шударга сонгууль явуулах нөхцөл бололцоог хааж, өөрсдөөсөө бусад нам, эвсэл, бие даагчдын сонгох сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн зэрэг увайгүй үйлдэлүүд нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн болов уу гэж хувь хүнийхээ зүгээс дүгнэж байгаа.
Сонгуулийн үр дүн хэдийгээр бахдам ялалтыг авчирсан амжилттай боловч нөгөө талдаа томоохон хариуцлага үүрүүлсэн сонголт болсон гэдгийг бид шат шатандаа хаана хаанаа ойлгож байгаа. 
-Та 16, 17 гэсэн харьцаагаар буюу нэг хүний саналын илүүгээр аймгийн Засаг дарга болсон. Тэгэхээр ирэх 4 жилд тогтвортой ажиллаж чадах болов уу, нам дотор хагарал байна уу даа гэх хардлага иргэдийн дунд төрсөн. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 
- Хагарал гэдгийг ямар өнцгөөр харж байгааг мэдэхгүй байна, би бол хагарал гэж харахгүй байгаа. Анхдугаар хуралдаанд бие даагчид болон Ардчилсан намын нийт 8 хүн байсан, түүний дээр манай нам дотооддоо ардчилалтай нам гэдгээ л нийгэмд харуулсан. Нам хагарч, бүлэглэл болсноо намын дүрэмд заасны дагуу албан ёсоор зарлаад явах юм бол түүнийг жинхэнэ намын хагарал гэж үзнэ. Хэрвээ бид хагаралтай байсан бол өнөөдөр аймгийн ИТХ-ын 30 суудлыг авахгүй байсаан. Энэ нь нөгөө талаасаа хариулт болж байна.
-Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь чөлөөт хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээлэлд хэр нээлттэй ханддаг вэ? Чөлөөт байдлыг хангаж ажиллах тал дээр та санал бодлоо илэрхийлээч?
- Үе, үеийн ИТХ, ЗДТГ нь орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтайгаа чөлөөтэй ардчилсан хэлбэрээр хамтарч, ажиллаж ирсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд нуух зүйл байхгүй. Төсвийн шилэн дансны хууль үйлчилж байна. 52 тэрбум төгрөгөөс 32 тэрбум төгрөг нь дансаараа ирээд ажилчдын цалин болоод гарчихна. Бид чинь 18 тэрбум орчим төгрөг л цуглуулдаг. Үүнийгээ юунд зарцуулахыг аймгийн ИТХурал олонхиороо шийдэж баталдаг. 
Бид илүү олон мэдээллийг цаг алдалгүй хүртээмжтэй хүргэх хүрээнд аймаг сумын ЗДТГ, ИТХурал дэргэдээ Мэдээллийн алба, мэдээллийн ажилтантай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхий л сувгаар мэдээллийг түгээж байна. Тийм болохоор төрийн бүхий л ажил үйлчилгээ нээлттэй, ил тод байгаа. Ийм байх боломжийг ч бүрдүүлсэн. 
-Таны ажилд амжилт хүсье.       
“СЭТГҮҮЛЧИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%