Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН ХУРЛААР “ОЮУТАН ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2016-11-04

Дарханчуудын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, чиглүүлэх үүрэгтэй ажилладаг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал /2016.11.03/ болов. 
Тус зөвлөлийн хуралд “Аз жаргалын эрэлд” ТББ нь 2016 оны ажлын тайлангаа тавьж, хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэхүү төрийн бус байгууллага нь архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ба одоогийн байдлаар нийт 150 гаруй хүнийг архины хамаарлаас гарахад нь тусалжээ.
Мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Монголын А.А” нийгэмлэгийн 3 салбар Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын Салхит баг, Дархан суманд  байрладаг байна. Мөн Шинэ амьдралын эхлэл ТББ-аас архины хамааралтай хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх зорилгоор нөхөрлөл байгуулж, 7 хоног бүрийн баасан гарагт уулзалт ярилцлагыг тогтмол зохион байгуулдаг байна.
Мөн аймгийн Цагдаагийн газраас оюутан, сурагчдыг гэмт хэрэгт өртөж, хохирох, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, оюутан, залуучуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Оюутан цагдаа” эргүүл ажиллуулах журмыг боловсруулж, үүнд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан, иргэд, олон нийт, оюутнуудын саналыг авсан. 
Энэхүү “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллах журам болон урамшууллын төслийг ГХУСАЗЗ-ийн хурлаар 2 дахь удаагаа хэлэлцэж байгаа бөгөөд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг энэхүү хурлаар батлан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. 
“Оюутан-цагдаа” эргүүлд 1 удаа 4 оюутан ажиллах бөгөөд эргүүл нь сургуулийн хичээлийн болон дотуур байрны орчмоор эргүүл, шалгалтыг хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж, сэрэмжлүүлгийг оюутан, сурагчдад өгч ажиллах юм. 
Оюутны холбоо нь “Оюутан цагдаа” эргүүлийг зохион байгуулсан тухай ажлын тайланг улирал тутам гаргаж, Цагдаагийн газартай хамтран аймгийн ГХУСАЗЗ-д хагас, бүтэн жилээр тайлагнаж, “Оюутан цагдаа” эргүүлийг амжилттай хэрэгжүүлсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, оюутан сурагчдыг Дархан-Уул аймгийн Оюутны холбоо, Цагдаагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн шагнан урамшуулж байхаар тогтлоо.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх болон иргэд олон нийтэд хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх, олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-уул аймагт “Хууль сурталчилах” нэг сарын аяныг зохион байгуулах юм.
Уг аяны хүрээнд сумдын ИТХ, ЗДТГ, Дархан сумын Багийн ИНХ, Засаг дарга нартай хамтарсан ажлуудыг хэрэгжүүлэх, Төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хулгайн гэмт хэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер гэрэлтүүлгийг шаардлагын хэмжээнд хүргэх, гэр хорооллын айл өрхүүдийн гудамжны хаягжилт, тохижилт, гэрэлтүүлэг, камерын систем холбох ажлыг зохион байгуулах, гэр хороолол болон орон сууцанд амьдардаг иргэдийг “Хөршийн холбоо”-нд хамруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, баг хороонд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд үнэлэлт дүгнэлт өгч иргэд, ААНБайгууллагуудыг “Нийтийн эргүүл”-д хамруулах, мөн “Сайн дурын урамшуулалт эргүүл”-ийн ажлыг зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй залуучуудыг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд хамтран сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж үр дүнг тооцон ажиллах зэрэг олон талын арга хэмжээг зохион байгуулах юм байна. 






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%