Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БИДНИЙ ИРЭХ 4 ЖИЛД БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ТОДОРХОЙ БОЛСОН

2016-10-21

Т.ГАНБОЛД /Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч /                                                                                                                      -Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга  хэмжээний төлөвлөгөөтэй нь батлаад ард иргэддээ танилцуулж байна. Хөтөлбөрийн онцлог нь?                     -Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг 8 дугаар сарын 2 -ноос хойш энэ төсөл дээр хоёр сар гаруйн хугацаанд ажиллаж, 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилттой хөтөлбөрийг 10 дугаар сарын 3-ны өдөр аймгийн ИТХ-д оруулж, батлууллаа. Энэ 139 зорилтыг биелүүлэх 400 гаруй арга хэмжээг төлөвлөсөн. Тэгэхээр ирэх 4 жилд 400 гаруй ажил хийгдэнэ. Үндсэндээ аймгийн Засаг даргын хийх ажлын чиг гарлаа гэсэн үг. Онцлогийн хувьд, 2016 онд Засгийн газраас батласан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, түүнтэй холбоотой журмууд гарсан нь хөтөлбөрийг боловсруулах хууль эрх зүйн орчин бүрдсэн байлаа. Хөтөлбөрөө амьд болгохын тулд сум багуудад хэлэлцүүлэг хийж иргэдээсээ асуулаа, тэдний саналд тулгуурлан боловсрууллаа. Салбар бүрийн төлөөлөл, төрийн бус байгууллага, эрдэмтэдтэй уулзлаа. Яагаад ийм олон хэлэлцүүлэг, уулзалт  хийсэн бэ гэхээр Засаг дарга нь аймгийн тулгамдсан асуудлыг олж харж, түүнийг шийдвэрлэх үүрэгтэй. Нийт 4100 гаруй санал ирсэн, давхацсан саналыг нь нэгтгээд 139 зорилт 400 гаруй ажил төлөвлөөд байна. Дараагийн онцлог нь энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт суурилсан. Намын мөрийн хөтөлбөрт 142 үйл ажиллагаа тусгагдсанаас 80 ажил нь хөтөлбөрт яг туссан, 56 арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгахаар болсон.                                                                                                                                                       -Олон хөтөлбөр дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх тухай тусгагдсан байна?                -Аймаг бүрт урт хугацааны хөгжлийн цогц бодлого байх ёстой. 2021 он хүртэлх аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд одоогийн төсөл хөтөлбөрүүд хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа.  Тийм  учраас өнөөгийн шаардлагад нийцүүлэх асуудал тулгарч байна. Дээр нь 2016 онд УИХ-аар батлагдсан тогтвортой хөгжлийн төсөлд тулгуурлаж аймгийнхаа хөгжлийн үйл явцыг явуулах учиртай.  Манай аймгийн хот төлөвлөлтийн бодлогын хугацаа дууссан. Энэ их чухал төлөвлөгөө учир зайлшгүй төлөвлөж хэрэгжүүлнэ. Хотын дүрэмтэй болж, хотын соёл, хотын төлөвлөгөөтэй болоход анхаарна. Заавал хөдөө орон нутаг гэхгүйгээр ажиллая. Дархан бол өөрийн гэсэн онцлогтой хот шүү дээ.                     -Хэлэлцүүлгийн явцад иргэдээс Дархан хотын статусын асуудлыг ихэд хөндөж байсан. Энэ асуудал шийдвэрлэгдэх болов уу?                                                                                                             -Хотын статустай болох асуудлыг аймаг дангаараа шийдэх эрх мэдэлгүй. Зөвхөн УИХ-д санал уламжилна. 4100 гаруй саналд юу эс байхав дээ тэр болгоныг шийднэ биелүүлнэ гэж амлахгүй. Биелэх боломжтой асуудлыг шийдвэрлэнэ. Гэрэл тавих, гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах, замаа засах зэрэг нь тулгамдсан асуудал. Тэгэхээр бид аль болох тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорисон гэсэн үг. Одоохондоо хотын статус нь тийм ч тулгамдсан асуудал биш юм.                                  -Ямар нэгэн ажлыг эхлүүлэхийн өмнө нөөц бололцоогоо түрүүлж хардаг. Төлөвлөгөөнд туссан эдгээр ажлууд хэр бодитой вэ?                                                                                                      -Тодорхой тоо баримттай төсөвтэй, хариуцах эзэнтэй байж байж хөтөлбөр амьдарна. Бүгдийг нарийн тооцож байгаа учир хэрэгжих үндэслэлтэй гэж хэлнэ. Төсөв санхүү хүнд байгаа ч гэсэн аймгийнхаа иргэдийн хүсэн хүлээж байгаа бүтээн байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, Дархан Шарын голын замыг хатуу хучилттай болгоно. Хоёр Дарханы хооронд шинээр барьсан замыг гүйцээж ашиглалтанд оруулна. Манай аймгийн нийт иргэдийн 60 шахуу хувь нь гэр хороололд амьдарч байна шүү дээ. Гэр хорооллын айлуудын амьдрах нөхцлийг сайжруулж “Тохилог хороолол” төсөл хэрэгжүүлнэ. Орхон кластер төсөл хэрэгжинэ. Манай аймаг төмс хүнсний ногоогоо бүрэн хангаж байгаа ч нэгдсэн бодлого байхгүйгээс ногоочдын хөдөлмөр үнэгүйдэж байна. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн болгоод зардаг болмоор байна. Үйлдвэрүүдээ хувийн хэвшилтэйгээ хамтраад байгуулья. Харин төрөөс бүтээгдэхүүнээ гадаад дотоодод гаргах ажлыг шийдэж өгье.                                                                                                                                    -2012-2016 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ч биелэлээ олоогүй ажлууд энэ удаагийн хөтөлбөрт дахин туссан харагдаж байна.                                                                              -Өмнө нь эхэлж байсан ажлуудаа гүйцээх чиглэл барьж байна. Боловсрол хотхоны ажлыг эхлүүлээд орхисон байна. Өнөөдөр олон арван багш, төрийн ажилтнууд айлын байр түрээсэлж, хармай өрөөнд амьдарч байна. Төрөөс тэдний нийгмийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Мөн дутуу баригдаад орхигдсон спорт цогцолборын барилгыг гүйцээхэд 14 тэрбум төгрөг шаардлагатай. 2020 он гэхэд спорт цогцолбор ашиглалтанд орж, хүүхэд залуучууд маань чөлөөтэй ашигладаг болно.                                     -Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг иргэд сонирхох нь дамжиггүй. Ажлыг байрыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ?     -Үйлдвэрлэлийг сэргээе, ажлын байр нэмэгдүүлье, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санал иргэдээс маш их ирсэн. Мэдээж ажлын байр нэмэгдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Ажилгүйдлийг бууруулахын тулд зорилтот бүлгээр нь ангилж авч ажиллана. Залуучуудыг ажилтай болгох чиглэлд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Дээр нь монгол хүний дундаж наслалт 69 болоод байхад 40-45 насандаа тодорхой заалтаар тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна. Тэд асар их туршлага хуримтлуулсан ажлын хүч шүү дээ. Энэ чиглэлээр ахмадуудад зориулсан ажлын байр бий болгохоор хөтөлбөрт тусгасан.

-Сүүлийн жилүүдэд манай аймагт хэд хэдэн цэцэрлэгийн барилга баригдаж, хүүхдүүдээ хүлээж авсан. Гэвч цэцэрлэгийн асуудал иргэдийн дунд бухимдал дагуулсан хэвээр байна.       -СӨБ-ийн хамрагдалт бусад аймгийг бодвол манайд 90 хувьтай. 100 хувьд хүргэж шийдэж чадаагүй байна. Эдийн засаг хямарсан үед шинээр барилга барихгүй нь ойлгомжтой. Иймд хуучин цэцэрлэгийн зориулалттай барилгаа ашиглах бодлого барина. Жишээ нь: 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай нийгмийн даатгалын байрыг буцааж орон нутгийн өмчинд авч, цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглаж болно. Бас хуучин Дархан вокзалын ойролцоо 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга байна. СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх гарцууд манай аймагт байна. Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд манай аймагт 15 орчим газар үйлчилгээ явуулж байна. Харамсалтай нь энэ үйлчилгээ сайхан жигдрээд явж байтал санхүүгийн хямралаас болж ирэх онд зогсох нь... Энэ хүмүүсийн ажлыг зогсоомооргүй байна. Үүнийг аймаг бодлогоор дэмжиж хувийн цэцэрлэг хэлбэрээр хөгжүүлэхэд анхаарна.                                 -Бүх төсөл хөтөлбөрийг төрөөс санхүүжилүүлж чадахгүй. Төлөвлөсөн зарим ажлаа гадаадын хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрийн хүрээнд хийх боломж байгаа юу? Тодорхой нэрлэвэл?  -Байлгүй яахав. Хог боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ОХУ, Хятад, Турк улс хөрөнгө оруулах санал тавьсан байгаа. Бид хамгийн ашигтайг нь судалж байна. Мөн хогийг дахин боловсруулж цахилгаан үйлдвэрлэх талаас нь шийдвэрлэхийг хичээнэ. Тэгвэл аймгийн төсөвт ч улсын төсөвт ч сайнаар нөлөөлнө. Дарханд хоногтоо 100 тонн хог хаягдал гарч байна. Үүнийг боловсруулах асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна. Мөн төрийн албан хаагчдыг сургаж дадлагажуулахаар АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтарч ажиллана. Төрийн албан хаагчид чадваржиж байж, иргэдэд чанартай төрийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд төрд ямар ч дарамт ирэхгүй. Энэ мэтчлэн бид гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас тусламж авч ажиллахыг эрмэлзэнэ. Маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжих талаас нь судалгаа хийсэн.                                                                                    -Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай аймагт хэрэгжих ямар томоохон ажлууд туссан байна вэ?                                                                                                              -Засгийн газрын хөтөлбөрт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор хэлбрээр хөгжүүлэх асуудал нэр зааж орсон байгаа. Дээр нь нийгмийн салбарын, хөрөнгө оруулалтын, жижиг дунд үйлдвэрээр хөгжүүлэх асуудлууд багтсан. Эдгээрийг бид аймгийн хөтөлбөртөө давхар тусгасан учир хэрэгжих боломжтой гэж үзэж байна.              -Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.                                              -Баярлалаа. Эцэст нь Дарханчууддаа хот байгуулагдсаны 55 жилийн ойн мэнд дэвшүүлье. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр маань 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Бид  хөтөлбөрөө  хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа ороод явж байна. 20 гаруй бодлогын суурь баримт бичгийг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад 100 орчим тэрбум төгрөг шаардагдах судалгаа бий. Энэ бүгдийг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хандив тусламж гээд олон эх үүсвэрээр шийднэ. Төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна.          Ярилцсан: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%