Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

А.ЭНХБОЛД: Д.ХАЯНХЯРВАА НӨЛӨӨЛӨӨ АЛДАХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА

2015-12-25

Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч А.Энхболдтой ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан. Та сайхан өвөлжиж байна уу?

-Танай аймагт яг ямар асуудал болоод байна вэ? Өнгөрсөн намаржин улс төржлөө. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр таныг албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээ хэвлэлээр гарсан. Энэ үнэн үү?

-Харин худлаа мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан. Ямар зорилготойгоор, хэн ийм худлаа мэдээлэл цацсаныг гадарлаж л байна. Сүүлийн нэг жил Дархан-Уул аймгийн асуудлыг зарим хүмүүс улстөржүүлэх гэж багагүй оролдож байгаа л даа. Миний хувьд ажлаа хэвийн хийж байна. Намайг огцруулах гэсэн ямар нэгэн асуудал үүсээгүй. 

-Сошиалаар цацагдсан бичлэгийг үзсэн. Зарим нэг хүн багагүй уур бухимдалтай байх шиг харагдсан. Тэнд яг юу болсон юм бэ?

- Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 33 төлөөлөгчтэй. Дээд шүүхийн шийдвэрээр гурван төлөөлөгчийг эргүүлэн татах шийдвэр гарсны дагуу аймгийн 3 багт нөхөн сонгууль явагдсан. Шүүхийн шийдвэрээр бүрэн эрх нь цуцлагдсан тэдгээр гурван төлөөлөгч өөрсдийгөө “Төлөөлөгч мөн” гэж үзэн улс төр хийж, хуралдааныг үймүүлэхийг оролдсон. Түүнээс өөрөөр сүйдтэй асуудал үүсээгүй. Монгол улсад дээд шүүхийн шийдвэрийг иргэн, албан тушаалтан хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй.

Үүнээс гадна хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын зарим нэгэн төлөөлөгчид ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлнэ гэж улстөржсөн. Хэрэв хуралдаанаар ямар нэгэн асуудал хэлэлцүүлэх гэж байгаа бол нэг хоногийн өмнө асуудлаа үндэслэлтэйгээр тавьж, төлөөлөгчдөд тараах тухай Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд тов тодорхой заасан байдаг. Мөн аймгийн ИТХ-ын хуралдааны дэгээр ч хурлаар хэлэлцэх асуудлыг тав хоногийн өмнө өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь хянаж, шийдсэн байх ёстой гэж зохицуулсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн асуудлыг хэлэлцүүлэхээр хуулийн хугацаанд өргөн барилгүй хууль болоод хуралдааны дэг зөрчсөн учир энэ удаад хэлэлцэх боломжгүй гэдгийг хурлын даргын зүгээс тухайн үед тайлбарласан. Энэ тайлбарыг хүлээж авахыг хүсээгүй хэдэн төлөөлөгч хурал хаяж, гарсан. Тус хуралдаанаар бид аймгийнхаа энэ оны төсвийг тодотгож, ирэх оны төсвийн төслийг батласан.

-Дархан-Уул аймгийг улс төржүүлэх гэж оролдож байгаа зарим нэг хүн бий гэж ярилцлагын эхэнд хэллээ. Энэ хүн хэн юм бэ?

- Хэн гэдэг улс төрч Дарханы асуудлаар хэл ам хийгээд байгааг олон хүн мэдэж байгаа. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн манай аймгийн асуудлыг улс төржүүлж, намайг харлуулах гэж өөрийнхөө нүүр номын хуудсаараа хүртэл янз бүрийн худал мэдээлэл тарааж байна.

-Д.Хаянхярваа гишүүн та хоёрт хувийн ямар нэгэн өс хонзон байна уу? Таныг яагаад байнга шүүмжлээд байдаг юм бол. Та тэр хүнийг гомдоосон тал байна уу?

-Тийм зүйл байхгүйг гишүүн өөрөө мэдэж байгаа шүү дээ. Д.Хаянхярваа гишүүн  найман жил Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү хариуцсан даргаар ажилласан. Дахиад найман жил Засаг даргаар ажилласан. Улмаар найман жил Дархан-Уул аймгаас УИХ-д гишүүнээр сонгогдсон болохоор ч тэр үү өөрийгөө Дарханы “Нэгдүгээр хүн” гээд бодчихсон юм болов уу.

- Өмнөх Засаг дарга нартай таарч, тохироод явдаг байсан юм биш үү. Ямар ч байсан ийм хэл ам гардаггүй байсан шүү дээ?

- Урьдны Засаг даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбат, С.Насанбат хоёр бол Д.Хаянхярваагийн “халаасны хүмүүс”. Нэг байгууллагад үйлчлэгч ажилд авахдаа хүртэл Д.Хаянхярваагаас асуудаг байсан юм биш үү.

-Таныг аймгийн Засаг даргаар хэн томилсон юм бэ. Ерөнхий сайд хууль зөрчлөө гэж Д.Хаянхярваа гишүүн багагүй улстөржсөнийг санаж байна?

- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар намайг аймгийн Засаг даргаар сонгосон. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уламжилж, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар захирамжаар албан ёсоор батамжилсан.

- Д.Хаянхярваа гишүүнтэй уулзаж үзсэн үү?

- Аймгийнхаа ойгоор уриад ч ирээгүй хүн шүү дээ. Би бол Д.Хаянхярваа гишүүнтэй уулзаад юу нь болохгүй, юу нь таалагдахгүй байгаа талаар түс тас ярьмаар байна.  Эр хүн шиг, ах хүн шиг ирж уулзаад надад тэр чинь болохгүй байна. Энэ чинь болж байна гээд зөвлөж болно шүү дээ. Би залуу хүн. Алдаа, оноо байдаг л байх. Гэхдээ ажлаа сайн хийх юмсан, аймгаа хөгжүүлэх юмсан гэж хичээж явна. Ах зах хэний ч үгийг сонсож чадна. УИХ-ын гишүүнийн хувиар ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтын ажлууд, өвөлжилт гээд орон нутгийн өмнө тулгамдаж буй олон асуудлаар санал солилцож, ажил төрөл ярихын оронд фэйсбүүк, твиттер хуудсаараа намайг боловсрол мэдлэггүй, сургууль төгсөөгүй гэх мэтчлэн жижиг асуудлаар яриад яваад байгааг нь ойлгохгүй юм. Миний харж байгаагаар Д.Хаянхярваа гишүүн Дархан-Уул аймагт бий болгосон өөрийн нөлөөллөө алдах вий гэж маш их айж байна.  

- Ингэхэд та хаана, ямар сургууль төгссөн юм бэ?

- Дархан хот дахь Техникийн дээд сургуулийг 1990-1993 онд төгссөн.  Дараа нь Удирдлагын хөгжлийн институтыг төгссөн. Их Британийн удирдлагын академид суралцсан. Төрийн удирдлагын чиглэлээр магастрийн зэрэг хамгаалсан.

- Чухам юунаас болоод энэ бүх улс төржилт бий болоод байна. Энэ бүхний цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Тэр тусмаа Д.Хаянхярваа гишүүний бий болгосон нөлөөлөл гэдгийг юу гэж ойлгох вэ?

- Ганцхан жишээгээр л тайлбарлая л даа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн жолоочоо аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар томилсон тухай шүүмжлэл гарч байсныг Дарханыхан сайн санаж байгаа байх. Энэ томилгоо нь цаанаа зорилготой байсан юм билээ. Өөрөөр хэлбэл аймгийн НААҮГ-ыг шахааны газар болгосон байна. Г.Эрдэнэбатыг Засаг дарга байх үед хуучин техникийг 75 саяар шахсан нь илэрсэн. Одоо тэр техник нь ашиглагдсан юм байхгүй, хашаанд нь зэврээд хэвтэж байна. Аймгийн Ерөнхий аудитораар ажиллаж байсан С.Бэрцэцэг гэдэг хүн цас цэвэрлэгч хоёр машиныг 150 саяар шахсан байсан. Мөн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ямар ч бичиг баримтгүй хугацаа нь дуусч ашиглах боломжгүй болсон таван ширхэг сомасмолыг 119 сая төгрөгөөр шахсан байна. Энэ мэтчилэн ямар ч бичиг баримтгүй, хугацаа нь дууссан техникүүдийн шахаа нь зогссон болохоор бухимдаад байгаа хүмүүс олон байна. Өөр ч олон асуудлууд бий. Бид ийм бохир асуудлуудыг эхнээс нь засч, залруулаад явж байгаа. Энэ бүхэн Д.Хаянхярваа гишүүний дургүйг хүргэсэн байх.

-Та аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш аймагтаа ямар ажлуудыг өрнүүлэв?

- Сумдад ажиллаж, сумын удирдлагууд, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэхийг зорьсон. “Нийгмийн үйлчилгээг танд” сарын аяныг өрнүүлж, зорилтот бүлгийн иргэдийг дэмжин ажиллалаа. Энэ хүрээнд хорих ангиас суллагдсан иргэдтэй уулзалт хийж, эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, цахим үнэмлэх болон боловсролын бичиг баримт нөхөн олгох, МСҮТөвд сургалтанд хамруулж, мэргэжилтэй болгоход анхаарлаа. “Нээлттэй боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд “Шилэн сургууль” системийг нэвтрүүлсэн. “Төрийн албан хаагчийн бахархал”-ын өдөртэй болох санаачилга гаргаж тодорхой ажлуудыг өрнүүлсэн.  Иргэд Засаг даргатай уулзахаар өдөр бүр ирж дотоод ажлын хажуугаар хүлээж цаг алддаг байсныг өөрчилж, аймгийн ЗДТГ болон сумдын ЗДТГ-ын "Иргэдийг хүлээн авах өрөө"-ний үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Долоо хоног бүрийн Баасан гарагийн 15 цагт иргэдээ хүлээн авч уулздаг болсон. Нийслэлийн ИТХ, Захирагчийн ажлын алба, Иргэний Танхимын үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр туршлага судлалаа. Энэ хүрээнд тамгын газарт иргэдийн саналыг авах, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор Цахим програм нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Эрүүл мэндийн салбарынхан, СӨХолбоод, Инженерийн шугам сүлжээ, Дэд бүтцийн салбарынхан гээд салбар салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдэж, тодорхой ажлуудыг төлөвлөж байна. Соёл урлагийн салбарыхантай томоохон зөвлөгөөн хийлээ. Төрийн өмчийн Ерөнхий боловсрол, Их дээд мэргэжлийн сургуулиуд, Эрүүл мэндийн байгууллагуудын цайны газрын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлд үнэлгээ өгөх зэрэг хэд хэдэн асуудлаар ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаж ажиллаж байна.

-Дархан-Уул аймагт өвөлжилт ямар байна. Зарим нутгуудад өвөлжилт хүндэрч байгаа гэсэн мэдээлэл байсан?

- Ажлаа аваад хамгийн түрүүнд анхаарч, зангидаж хийсэн ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажил. Өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрсөн намар манай аймаг боломжийн хэрээр бэлтгэсэн. Энэ жил  аймаг 58.7 мянган тонн өвс бэлтгэсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, аймгийн Засаг даргын нөөцөөс  22.5 сая төгрөгт тооцон  100 тн өвс бэлтгүүллээ.  Дархан, Хонгор, Орхон, Шарын сумдууд өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн. Аймгийн хэмжээнд энэ өвөл дөрвөн сумын 17 багийн 2517 малтай өрхөд хонин толгойд шилжүүлснээр 704.1 мянган толгой мал өвөлжихөөр тооцоо байгаа. Мал тооллогын ажил эхэлсэн. Ид өрнөж байна.

Б.ХОНГОР

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%