Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

П.ОЮУНГЭРЭЛ: ИРГЭДИЙН ГАРГАСАН САНАЛ БҮХЭН АЖИЛ ХЭРЭГ БОЛОХ ЁСТОЙ

2015-12-10

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн Дархан-Уул аймаг дахь газрын дарга П.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр аль сумаас сонгогдсон бэ?
-Би 2012 оны орон нутгийн сонгуулиар Дархан сумын 16 дугаар багт нэр дэвшиж сонгогчдийн олонхийн саналаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Миний сонгогдсон тойрог болохоор шинэ Дарханы хуучин хорооллийн дөрөвдүгээр байрнаас 21 дүгээр байр, мөн “Дархан Номин” худалдааны төвийн дэргэдэх есөн давхар байрны иргэд байдаг.

-Таны сонгогдсон баг чинь ямар онцлогтой вэ? Баг бүрт өөрийн гэсэн онцлог байдаг?
-Миний сонгогдсон багийн нутаг дахь орон сууцны байруудын доод давхарт зочид буудал, найман нэрийн барааны дэлгүүр, PC тоглоомын газар зэрэг худалдаа үйлчилгээний газрууд олон байдаг учраас иргэдийн тайван амгалан байдлыг урьд өмнө нь их алдагдуулдаг байсан бол одоо энэ асуудлууд бүгд шийдэгдсэн. “Хүйн төв” нь тус багийн 16, 21 дүгээр байруудтай ойрхон байрладаг болохоор дуу чимээ нь байнга сонсогдож шөнийн цагаар эмх замбараагүй байдал үүсгэж иргэдийн тайван амгалан байдлыг алдагдуулж шөнийн 02 цагт хаадаг байх ёстой байтал ажлын цагаа журам зөрчин уртасгаж оршин суугчдын амрах цагийг шөнийн 03-04 цаг болгон хойшлуулж ажилладаг байсныг болиулж цагийг нь хуучин хэвэнд нь оруулсан.

-Хуучин хорооллын байруудын шугам хоолой нь байнга хагарч ус их алддаг гэж яригддаг. Одоо зүгээр болсон уу?
-Манай багийн байрууд нь Дархандаа хамгийн анх баригдсан хуучин байр учир насжилт их зоорийн давхрын сантехникийн шугамуудын ихэнх нь муудсан байдаг. Тиймээс миний бие сонгогдсоныхоо дараа 2012 оноос хойш энэ хоёр байрны зоорийн давхрын сантехникийн засварын хөрөнгийг хөөцөлдөж хийгэсэн. Мөн тус багийн нутаг дэвсгэр дэхь Есдүгээр байрны урьд хийгдэж байгаа “Дэлгэрэх Тэнгэр Алтай” ХХК-ийн гарааш болон хүүхдийн тоглоомын талбайн газар шорооны ажил хийж байх явцдаа ухсан шороог нь ойр орчны байруудын эргэн тойронд асгаж маш их сул шороо бий болгож салхитай үед шороо тоос бужигнаж бороо орсон үед их хэмжээний шавар шавхай үүсгэдэг байсныг зохих газруудад мэдэгдэл  өгч  газар нь дээр шалгалт хийж зогсоосон. Үйлчилгээний төвийн талбайд автомашинууд замын хашлага даван их хэмжээний эмх замбараагүй хөдөлгөөн үүсгэдэг байсныг аймгийн Замын цагдаагийн тасагт  албан бичиг өгч энэ байдлыг зогсоож хяналтыг нь сайжруулсан. 

Сонгогчидтойгоо хэдэн удаа уулзав. Тэд танд ямар ямар асуудлыг голлож тавьдаг вэ?
-Сонгогчидтойгоо байнга уулзаж санал хүсэлтийг нь сонсож тавьсан асуудлыг нь Багийн Иргэдийн Нийтийн хурлаар, мөн байруудаар явж оршин суугчидтай нь биечлэн уулзах болон утсаар холбогдох зэргээр байнга холбоотой байдаг. Иргэд маань нэг их юм хүсээд байдаггүй ганцхан амьдрах орчины тав тух, гадаа нарлаад суух сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, хогын сав, замын гарц зэргийг сайжруулах санал тавьдаг даа. Зарим үед иргэд маань болохгүй байгаа зүйлийн талаар орц, байрааараа саналоаа нэгтгээд асуудлаа дэвшүүлж гарын үсгээ зураад авчирч өгдөг. Эдгээрийг нь хүлээж аваад харьяа байгуулага руу нь аймгийн ИТХ-аар дамжуулж албан тоот өгч мөн аймгийн ИТХ-д асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлж иргэдэд хариу өгдөг. Багийн иргэдээс гадна байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй биечлэн уулзаж тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэдэг.
-Одоогоор тойрогт тань ямар асуудал тулгамдаж байна? Түүнийгээ эрэмбэвэл эхний ээлжинд ямар асуудал шийдвэрлэх шаардлагатай байна вэ?
-Зөндөө асуудал байгаа ч тэдгээрээс “Дархан-50” цогцолборын урьд талын 19, 20, 14, 13, 7, 8 зэрэг орон сууцны байруудын урьд тал нь авто зогсоолгүй, зам нь нарийн нэг урсгалтай, явган зорчигч зам хөндлөн гарах гарцгүй, замын ачаалал ихэссэнтэй холбоотой осол аваар гарах магадлал их өндөр байдаг бол манай багийн эдгээр байруудын гаднах тохижилт их муу байдаг. Багийн хэмжээнд ердөө ганц тоглоомын талбайтай. Багийн иргэд “Жишиг хороолол”-ийг өөрийн багт хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг болохоор энэ тухай асуудлыг миний бие багийнхаа ИНХ-аас саналыг нь авч зохих газар нь өгсөн. Шинэ хороололд хийгдэж байгаа “Жишиг хороолол” төслийг дуусгаад 16 дугаар багт “Жишиг хороолол” төслийн ажлыг үргэжлүүлэхийн төлөө асуудал дэвшүүлээд явж байгаа. Түүнчлэн тус багийн дээр хэлсэн есдүгээр байрны урьд хийгдэж байгаа “Дэлгэрэх Тэнгэр Алтай” ХХК-ийн гарааштай хүүхдийн тоглоомын талбайн газрын гарааш ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулсаар хоёр жил боллоо.

-Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайг барьж ашиглалтад орсон уу?
-Энэ хугацаанд хүүхдийн тоглоомын талбай маань нэг ч тоглоомгүй, хуучин байсан явган хүний замыг эвдээд сэргээгээгүй, гарааш руу орох замыг өргөтгөөгүй зэргээр оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулсаар өнөөг хүрч байгаа тухай байнга ярьж асуудал дэвшүүлж байсан боловч захирал нь хөрөнгө мөнгө байхгүй гарааш зарагдахгүй байна гэсэн хариулт өгдөг. Би энэ асуудлаар олон удаа албан бичиг өгсөн боловч харамсалтай нь хуучин Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга байсан С.Баясгалан нар нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй. Шинээр томилогдсон засаг дарга А.Энхболдод мөн хандсан. Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тодорхой асуудлуудыг газар дээр нь шалгаж байгаа. Энэ асуудалд манай багийн тоглоомын талбайтай гараашийн асуудал орсон. Энэ ажлын хэсэгт миний бие өөрөө оролцож байгаа болохоор шаргуу хөөцөлдөж ажил хэрэг болгоно гэж бодож байна.

            Ярилцсан: ХИС-ийн Дархан салбар сургуулийн Сэтгүүл зүйн 3 дугаар ангийн оюутан Б.Ганбат

 




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%