Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Б.Мөнхбат: “Жишиг хороолол” гэж ямар байдгийг “Хээтэй хороолол”-оос үзэж болно

2015-12-07

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Мөнхбаттай ярилцлаа.

 

-Та аль сумын аль багаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон бэ?

-Би 2012 оны Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багаас МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Одоогийн байдлаар бүрэн эрхийнхээ гурван жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн хугацаанд баг дээрээ хийсэн гол ажлууд гэвэл үндсэндээ Есдүгээр баг маань өөрөө шинэ Дарханы “Хээтэй хороолол”-ын тойргоос доошоогоо “Киви”-гийн дундах гол зам хүртэл үргэлжилдэг. Энэ хэсэгт сүүлийн жилүүдэд “Сонголон Хайрхан”, “Дархан Минж” зэрэг барилгын компаниуд ес, арван давхар барилгуудыг барьсан.

 -Таныг сонгосон энэ есдүгээр баг чинь ямар онцогтой баг вэ?

-Манай багийн нутаг дэвсгэрт Дархандаа хамгийн томд ордог Боловсролын Шинжлэх Ухааны Яамны лабортори сургууль буюу “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль байдаг. Энэ сургууль улсын  олимпиадад хүүхдүүдээ бэлтгэх цаашлаад байгалын ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль гэдгээрээ хүүхдүүд ч орчин тойронд нь их байдаг. Иргэд ч орчин тойрныг нь сайжруулах талаар хүсэлт их тавьдаг. Тиймээс тус сургууль руу ордог нэг урсгалтай авто замын урсгалыг хоёр урсгалтай болгох зардлыг нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр шийдүүлж хийлгэсэн.

-Та сонгогдсон багийнхаа иргэдийн саналыг ганцаараа авч аймгийн иргэдийн хуралд оруулж шийдүүлдэг үү? Сумын Иргэдийн хурлын төлөөлөгч гэж бас байдаг биз дээ?

-Байлгүй яахав дээ. Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Төрийн банкинд ажилладаг н.Жавхлантай хамтарч ажилладаг. Бид хоёр “Хээтэй хороолол”-ын 4-3, 4-2 байруудын олон жил болчихсон инженерийн хуучирч элэгдсэн шугам хоолойг мөн л орон нутгийн төсөвт суулгаснаар өнгөрсөн хугацаанд гурван байрныхаа инженерийн шугам хоолойг бүрэн шинэчилсэн. Мөн хороолол доторх замын асуудлыг ч сайжруулж чадлаа. Түүнчлэн 4-3, 4-4 байруудын хүүхдийн тоглоомын талбай болон ахмадын амрах сараалж иж бүрэн спортын талбайг бас л “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийхээр 2014 оны төсөвт суулгаж хийлгэсэн байгаа. Үндсэндээ н.Жавхлан бид хоёр нь 2012 оны 11 дүгээр сард сонгогдоод  2013 онд ажлаа эхэлсэн. 2013 онд бүтээн байгуулалт түрүүн миний хэлсэн инженерийн шугам хоолой солих, зам засварын ажлууд хийгдсэн л дээ. Энэ маань нэг бүр нь 60-70 сая орчим төгрөгийг зөвхөн нэг байрны талбайг тохижуулахад зарцуулж хийгддэг.

-Та голдуу сонгогдсон тойрогтоо хийсэн ажлаасаа ярилаа. Эдгээрээс хамгийн онцгойд тооцдог ажил чинь юу байдаг вэ?

-Хамгийн гол юм гэвэл аймгийн ИТХ-аар 2014 онд хэлэлцээд Дархан сумын  9, 10 дугаар багийг аймгийн “Жишиг хороолол”-д хамруулсан. “Жишиг хороолол” нь аймгийн Засаг Даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Дархан хотын гол тойргоос уруудсан бүх хэсгийн өнгө үзэмжийг сайжруулья гэсэн байгаа. “Жишиг хороолол” нь 2015 онд хийгдээд дууссан ажлаас явган хүний замын ажил л үлдсэн. Мөн дахин шинээр дээрх хоёр байрны завсар олон жил иргэдийн бухимдлыг төрүүлсэн ус тогтдог байсан хонхор газрыг битүүлж янзалсан. Мөн “Оюуны-Ирээдүй” цогцолбор  сургуулийн өөдөөс харсан тусгай зургаан орц байдаг. Тэр байрны урд мөн л ус байнга тогтдог байсан. Энэ бүгдийг бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэж янзаллаа. Жишээ нь: Орон нутгийн төсвөөс 2013-2014 онд хийгдсэн. Одоо дахиад л байруудын гадна талыг будах, хээтэй хорооллын өнгө үзэмжийг сайжруулах талаар иргэдийн санал ирж байна. Тэгээд иргэдийнхээ саналыг нь хурааж авчихаад энэ саналуудаа ажил болгое гэхээр хойшлуулах шаардлага гардаг. Бид эхлээд авто зогсоолоо хийе, замаа өргөсгөе, инженерийн шугам хоолойгоо янзлуулье гэсэн асуудлууд тулгамдаж байсан учраас энэ бүгдийг хийж хэрэгжүүлсэн. Төлөвлөж байгаа асуудлууд маань цаашид улс орны эдийн засаг сайжирвал баг дээрээ бариулах ажлуудыг эхэлчих юмсан гэсэн хэтийн зорилго бий.

-Та төлөөлөгчийнхээ бүрэн эрхийн хугацаанд иргэдийнхээ эрх ашгийн үүднээс хийж амжуулж чадаагүй ажил байгаа юу? Хэрвээ байгаа бол ямар ажил үлдсэн бэ?

-Байлгүй яахав. Энэ бүхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйл. Манай Багийн төв байр нь оршин суугчдаасаа хол 380-ын байранд байдаг. Хээтэйгийн иргэд тийш нь очиж багийн тодорхойлолтоо авч үйлчлүүлдэг. Тиймээс багийн төвийг оршин суугчдынхаа дунд нь байгуулах ажлыг хөөцөлдөж ажил хэрэг болгож амжихгүй юм шиг байна. Бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жилийн хугацаатай байдаг болохоор дараагийн сонгууль 2016 онд болно. Тиймээс үндсэндээ бидэнд нэг  жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Харин миний өнгөрсөн хугацаанд хийсэн иргэддээ ам бардам хэлэх зүйл бол бүх тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадаагүйч гэсэн Дархан сумын баг бүрийн төлөөлөгчдийн  хийсэн ажлыг дүгнэхэд нэлээн урдуур очино гэж бодож байна. Яагаад гэхээр би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дархан сумын төлөөлөгч н.Жавхлантай хийсэн бүх ажлынхаа хөрөнгө мөнгөний тооцоо хийж үзсэн. Бид хоёр багаар бодоход нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг сонгогдсон баг дээрээ хийлгэсэн гэсэн тоон үзүүлэлт харагддаг. Миний бас нэг санаа зовж явдаг зүйл бол манай есдүгээр баг нь газрын байрлалын хувьд хоёр Дарханыг холбосон аюулгүйн тойргоос доошоо уруудсан хэсгийн байруудын гадна өнгө төрхийг нэг их гоё болгож чадалгүй бүрэн эрхийн хугацаа дуусах нь байна.

-Ажлын байр нэмэгдүүлэх талаар таны бодол ямар байдаг вэ? Яавал хүрэлцээтэй ажлын байр бий болох вэ?

-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийг буруулахад эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар Барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжвөл Дарханд ажлын байр гарч ирнэ гэж бодож байна. Үйлдвэрлэл хөгжих ёстой бас нэг гол зүйл нь бизнес үйлчилгээний төв хөгжиж хүн амын тоо өсөхийн хэрээр бодлого зөв явах ёстой. Мөн яг ажил хийх хүсэлтэй хүн хэд байгаа бол гэж бодмоор байгаа юм. Хот маань хурдан хөгжин дэвжиж олон улсын жишигт хүрэхийн тулд хүн амын тоогоо олон болгох хэрэгтэй байгаа бол эргээд ажлын байрыг олноор бий болгохын тулд зөв бодлого хөтөлбөр хэрэгтэй байна даа.


 

    Ярилцсан: ХИС-ийн Дархан салбар сургуулийн Сэтгүүлзүйн 3 дугаар ангийн оюутан Б.Онон

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%