Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эдийн засгийн эрх чөлөөг хангах замаар эдийн засагаа аварья.

2015-11-20

Монголд өнөөдөр улс төрийн эрх чөлөө байна. Ийм эрх чөлөөгүйгээр бид хөгжил дэвшлийн тухай ярих нь битгий хэл мөрөөдөх ч аргагүй биз ээ. Улс төрийн эрх чөлөө нь нийгэм дэх бугшмал эдээ бээрийг ил гаргах, нийгмийн анхаарлыг түүн рүү хандуулах, эдээ бээрээсээ салах арга замаа тодорхойлох цорын ганц шалгарсан арга юм уу даа. Үүнээс өөр сайн аргыг хүн төрөлхтөн олж чадаагүй л байна. Улс төрийн эрх чөлөөгөөр Монголчууд бид дутаагүй ээ.

Харин өөр нэг эрх чөлөө дутагдаад байгаа мэт санагдах юм. Энэ бол эдийн засгийн эрх чөлөө. Энэ бас ямар юмныхаа эрх чөлөөг яриад байна гэх хүмүүс гарах л байх. Тэгвэл энэ бол иргэн та бид ахуй амьдралаа өөд нь татаад явах гэж өдөр тутам хийж байгаа үйл ажиллагаагаа чөлөөтэй , саадгүй явуулах эрх чөлөөг хэлээд байгаа хэрэг. Өнөөдөр чухам энэ эрх чөлөөг эрх баригчид сүүлийн хэдэн жилийн популист бодлогоороо санаатай болон санаандгүй боон хаагдуулаад байгаагаас эдийн засгийн хүндрэл хямрал гараад байгаа бус уу. Хэрвээ тийм бол эдийн засгийн  хүндрэлээс гарах арга замыг чухам эндээс эрэлтэй.

Улс төрийн эрх чөлөөний индексээрээ манай улс дэлхийд дээгүүр орж байна. Та бүхэн  Freedom house хэмээх байгууллагаас жил бүр гаргадаг Улс төрийн эрх чөлөөний индексийн судалгааны дүнг хараарай. Түүнд Монгол улс маань Австрали, Еврөп, Хойд болон Өмнөд Америкийн орнуудтай мөр зэрэгцэн жинхэнэ эрх чөлөөтэй орнуудын нэгэнд зүй есоор тооцогдож байна. Энэ бол та бидний бахархал, бас ирээдүйн хөгжил дэвшилийн баталгаа  нь юм. Иргэдэд ийм эрх чөлөөтэй эдлүүлэхийг  Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг.

Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан мөртлөө хэрэгжихгүй байгаа эрх чөлөөний тухай заалтууд бас байнаа. Магадгүй би энд хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг үгийг хэрэглэх нь оновчтой байж магадгүй. Энэ бол иргэд шударгаар хөдөлмөрлөж өмч хөрөнгөтэй болох, түүнийгээ ашиглах, захиран зарцуулах , өмчлөх эрхүүд юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өмч, эд хөрөнгө, баялаг руу төрд шургалсан этгээдүүд , бас популистууд эрээ цээргүй халдаж , улмаар тэдгээр иргэдээ сөхрүүлж байна. Үүнд бас гадаадын хөрөнгө оруулагчид өртөж байгааг энд дурьдах нь зүйтэй. Тэр халдлагуудыг үйлдэхдээ дараахи сэдлүүдийг шалтаглан  халдлагаа хууль есны болгож байна. Үүнд :

а/ Нийгмийн халамжийг хэрэгжүүлэх  шаардлага . Тиймээ иргэд халамж хүртэх эрхтэй. Тийм заалт Монгол улсын Үндсэн хуулинд, бусад зайлшгүй байвал зохих нийгмийн халамжийн  тухай хуулиудад бий. Гэтэл түүн дээр нь нэмээд иргэд халамжлуулахдаа дуртай байдгийг улс төрчид овжиноор ашиглаж өөрсдийнхөө биш харин бусдын баялгийг , түүний дотор баялаг бүтээгчдийн бий болгосон баялагаас хүүдийн мөнгө , оюутны мөнгө гэх зэргээр ямар ч үр ашиггүйгээр тараадаг болсон. Тэгээд нөгөөхөө болих гэхээр амташсан нэг хэсэг нь өлсөж үхэхээрээ айлгана.  Ингээд үхлийн гогцоо үүсч, гогцоо улам чангарна.

б/Нийгэмд төрийн үилчилгээ зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл төрийн албанд очиж иргэдэдээ үйлчилэх гэж байгаа нэг хэсэг маань өөр өөрийнхөө  ажил үүргийн онцлог дээр дөрөөлөн татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг төсвөөс аль болох ахиухан хүртэх боломжуудыг цалин хөлс, нийгмийн хамгаалал хэлбэрээр гаргаж бүр түүнийгээ хууль болгон батлуулж амжина. Тэдний маань нийгмийн хамгаалал нь нөгөө баялаг бүтээдэг иргэдийнхээсээ давж талийлаа. Өндөр цалин хөлс авдаг болчихвол  түшмэлүүд авилга авахаа болиод ажлаа сайн хийдэг болно гэж ярьсаар лоббидсоор байгаад батлуулаад авна. Ямар сайндаа ажлаасаа мултарсан түшмэлүүдэд өгөх мөнгө хэмжээгээрээ хүүхдийн нэртэй тараадаг мөнгөтэй дүүж очиж байхав дээ.

в/ Нийгэмд дэг журам хэрэгтэй. Ийм дүгнэлттэй хэн ч маргахгүй байх.  Тийм ч учраас шүүх, цагдаа , прокурорын байгууллагууд байдаг. Тэгвэл дэг журам сахиулах нэрээр нөгөө хөдөлмөрлөдөг , баялаг бүтээдэг иргэдийнхээ өмч хөрөнгө рүү эрээ цээргүй халдаж байна. Дэг журам зөрчсөн иргэдийнхээ хөрөнгө мөнгийг “улсын” болгоно, хураана гэх.

г/ Байгаль орчиноо хамгаална. Монгол хүн бүрийн сэтгэлийн үзүүрт эх нутаг, газар , шороогоо хамгаалах, хайрлах үзэл бий. Гэтэл сүүлийн үед чухам энэхүү үзлийг нь ашиглаж нийгэмд нэр хүнд олохыг хүсэгчид их олшров. Зарим нь бүр байгаль орчиноо хамгаалах нэрийн дор хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдийн эд хөрөнгө , баялаг руу халдаж, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хөсөрдүүлэв. Тэр ч битгий хэл иргэд нь популистуудын бай болж хохирч байхад эрхийг нь хамгаалах үүрэгтэй түшмэлүүд маань иргэдээ хамгаалх нь битгий хэл популистуудтай зөрчилдөхөөс төвөгшөөн мэдээгүй дүр эсгэн суув. Харин нөгөө популистууд нь буу шийдэм барьж өөрсдийнх нь тухалдаг ордон руу ойртоход л нэг юм аюулыг ойлгож  даварсан популистуудад төрийн нударга үзүүлмэр  аядав.

д/Иргэдийн эрх ашгийг хамгаална. Ийм үүрэгтэйгээр бас ийм амлалттайгаар улс төрчид  төрийн эрхэнд гардаг. Хүн төрөлхтөний нийтлэг жам нь тэр. Монголд ч ялгаагүй. Ийм зайлшгүй шаардлагын улмаас тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын тогтолцоонууд үүсэж гарч байгаа л даа. Тэр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа шударга түшмэлүүд байгааг ч үгүйсгэхгүй. Гагцхүү нөгөө бидний бидний гайхуулдаг “сэргэлэн” зангаараа нэг хэсэг түшмэлүүд  тусгай зөвшөөрөл, шалгалтыг хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдийн өмч хөрөнгө руу халдах хэрэгсэл болгон ашиглах хандлага сүүлийн үед их болж , улмаар иргэдийн бий болгосон баялагаас хумслах боллоо. Нөгөө авилгал гэдгийн бордоо нь энэ дээ.

Ингээд харах юм бол эдийн засгийн өсөлт нь зөвхөн төрийн гурван өндөрлөгөөс аль эсвэл хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээс хамааралтай биш харин ч  жирийн цагдаа, шүүгч , байцаагч, тендерчин  нараас их хамааралтай болчихсон байгаа биз ?!.  Монгол улсын Үндсэн хуулийн цэц , Хүний эрхийн комисс бол бүр ч их хамаатай. Яагаад гэхээр тэдгээр бүтцүүд  бол Монголын төрийн машин иргэдийнхээ эрхэнд халдахгүй байх хяналтыг хэрэгжүүлэх үүргийг Монгол улсын хууль тогтоомжоор хүлээсэн юм.

Эдийн засгийн эрх чөлөөний асуудал олон улсын шийдвэр гаргачдын анхаарлын төвд байдаг юм байна. Тухайлбал эдийн засгийн эрх чөлөөний түвшинг илтгэх индексийг боловсруулан гаргаж улс орнуудыг эрэмбэлжээ. Канад улсад төвтэй Фрэйзэрийн институтээс энэхүү индексийг жил болгон шинэчлэн гаргаж олон нийтэд ил тод мэдээлдэг бөгөөд 2014 оны судалгаагаар Монгол улс судалгаанд хамрагдсан нийт 152 орноос 77-р байранд орж, бараг эдийн засгийн эрх чөлөөгүй орнуудын ангилалд багтсан байх юм. Тэгвэл Хэйритеиж фаундэйшн гэдэг байгуулагаас гаргасан судалгаагаар 2014 онд Монгол улс нийт 178 орноос 97-д жагсаж эдийн засгийн багахан эрх чөлөөтэй орноор тодорсон байна.

Дээрхи судалгаа хийдэг байгуулагуудын аргачилал нь аль ч орны нөхцөлд хэрэглэж болохоор боловсруулагдсан, бас олон орнуудын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд дээр суурилж олон жил дараалан хийсэн болхоор алдаа мадаг гарах магадлал бага байна гэдэг үндэслэлээр Фрэйзэрийн институтээс гаргадаг судалгаан дээр үндэслэн Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлүүд үүсэж бий болсон шалтгааныг олж тодорхойлох, улмаас илааршуулах жорыг олчих санаатай   харьцуулалт, дүгнэлт хийж үзлээ.

Фрэйзэрийн институтээс хийсэн судалгаанд эдийн засгийн эрх чөлөөний индексийг тодорхойлохдоо дараахи 5 бүлэгт хуваасан 24 үзүүлэлтүүдийг ашигласан байна.

-          Засгийн газрын хэмжээ

-          Хууль, өмчлөх эрх

-          Мөнгө ба түүний нийлүүлэлт

-          Худалдааны эрх чөлөө

-          Зохицуулалт гэж ангилжээ. Тэгээд бүлэг бүрээ дараахи байдлаар үзүүлэлтүүдэд хуваажээ. Үүнд :

Засгийн газрын хэмжээ :

- Засгийн газрын зардал  / төсвийн зардал /

- Төсвөөс санхүүжүүлдэг татаасууд / үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зардал гэх мэт /

- Төрийн өмчийн компаниуд ба тэдгээрийн хөрөнгө оруулалт

- Орлогын албан татварын дээд хэмжээ

Хууль, өмчлөх эрх

-          Бие даасан хараат бус шүүх

-          Шүүхийн өмнө тэгш байх зарчмын хэрэгжилт

-          Өмчлөх эрхийн хамгаалалт

-          Хүүлийн хэрэгжилт болон улс төрдэх  цэргийнхний орох оролцоо

-          Хууль зүйн тогтолцооны нэгдмэл байдал

-          Гэрээ , тохиролцоог заавал хэрэгжүүлдэг байдал

-          Өмч хөрөнгөө зарж борлуулахад тавигддаг хязгаарлалтууд

-          Цагдаагийн байгуулагын найдвартай ажиллагаа

-          Гэмт хэрэгтэнүүдээс учруулах дарамт

Мөнгө ба түүний нийлүүлэлт

-          Нийт мөнгөний өсөлт, нийлүүлэлт

-          Инфляцийн стандарт хэлбэлзэл

-          Сүүлийн жилүүдийн инфляциин түвшин

-          Гадаад валютын данс эзэмших эрх

Худалдааны эрх чөлөө

-          Гадаад худалдаанд ноогдуулдаг татварын тариф, түүний хэлбэлзэл

-          Тарифын бус хязгаарлалтууд, импорт , экспортын үйл ажиллагааны зохицуулалтуудыг хэрэгжүүлэх өртөг

-          Валютын хар зах дээрхи ханш

-          Бизнесийн шаардлагаар хөрөнгө , мөнгө, ажиллах хүч  шилжүүлэх, нүүлгэх , оруулах, гаргах боломж

Бизнесийн зохицуулалт

-          Зээлийн зах зээлийн зохицуулалт / банкны өмчлөл, хувийн сектөрын зээл олголт , зээлийн хүүнд тавих хяналтгэх мэт /

-          Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт / ажилд авах ба ажлаас халахад  дагаж мөрдөх журмууд, хөдөлмөрийн хамгийн бага хөлс, үйлдвэрчиний эвлэл мэтийн нэгдсэн шугамаар хэлэлцээр хийдэг байдал, ажлын цагын хэмжээ, ажлаас халахад төлдөг төлбөр , цэргийн заавал хаах алба гэх мэт /

-          Бизнесийн зохицуулалт / хүнд суртал, бизнес эхлүүлэхэд учирдаг хүндрэлүүд, гар цайлгах мэтийн нэмэлт зардлууд,/

 

Дээрхи байгуулагуудын хийсэн судалгаагаар эдийн засгийн өсөлт, хүн амын насжилт , нэг хүнд ноогдох ДНБ  зэрэг үзүүлэлтүүд нь эдийн засгийн эрх чөлөөний индекстэй шууд хамааралтай , өөрөөр хэлбэл хаана эдийн засгийн эрх чөлөөтэй байна вэ тэнд эдийн засаг өсдөг, хүн ам нь урт насалдаг , нэг хүнд ноогдох ДНБ нь өндөр байдаг ажээ.

Тэгвэл Монгол оронд одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг эдийн засгийн эрх чөлөөг хангах  замаар шийдвэрлэж болох   бус уу ? Тэрхүү эрх чөлөөг боогдуулж байгаа хаалтуудыг, халдлагуудыг үгүй болгохоос ажлаа эхэлмээр байна. Ингээд эдийн засгийн эрх чөлөөний индексийг  бүрдүүлэхэд харгалзан тооцдог  хүчин зүйл тус бүрээр нь хэрхэн асуудлыг шийдвэрлэж болохоор байгааг авч үзье :

  1. Засгийн газрын хэмжээ.  Гадаад , дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгч иргэдийн нөр их хөдөлмөр, тааламжтай гадаад орчин зэргээс үүдэн бий болсон төсвийн нөөц боломж, орлого бий болсныг  мөнхөд тийм байх  мэтээр  манай улс төрчид маань сэтгэж , улмаар  нийгмийн бүх гишүүдэд  таалагдах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж, бас дээр нь социалист төрөө санагалзаж хэвийн хэмжээтэй байсан  төрийн машиныг өнгөрсөн хэдэн жилд маш том  болгож амжсан. Төрийн машины томролтын жилийн дундаж өсөлтийг авч үзвэл манай улсын эдийн засгийн жилийн дундаж өсөлтөөс хэд дахин давж гарсан байх юм. Нэгэнт л ийм том  болгочихсон төрийн бүтцүүд нь өөрийнхөө оршин тогтнож байгааг зөвтгөхийн тулд эхлээд цалин, хөлс, байр, орон сууц, тэтгэвэр , тэтгэмж нэхэж эхлэдэг юм байна. Тэгээд нөгөө татвар төлөгч, баялаг бүтээгч иргэдийн хөдөлмөр , хөрөнгө оруулагчдийн мөнгөөр бүрддэг төсвийн хөрөнгөөс аль болох их хүртэхийн тулд лобби хийнэ. Тэгээд зогсохгүй өөрөө даахгүй амлалтууд гаргаж түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр гүйцэлдүүлнэ гээд нийгмийн халамж, байгаль орчин, дэг журам, үндсэний аюулгүй байдал гэх мэтчилэн нийгмийн нийтлэг хэрэгцээ, шаардлагаар халхавчилан хууль гаргуулчихна. Гаргуулчихна ч гэж дээ өөрсдөө гаргачихна. Үүний үр дүнд нийгэм нь том толгойтой няраа хүүхэдтэй адил толгойгоо даахгүй болж дандаа хэвтээ байдалд орчихлоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнд улсын төсөв 45 гаруй хувийг эзэлж байна, бууруулах шаардлагатай гэж гадаад, дотоодын судалгааны байгууллагууд дүгнээд байгаа нь нэгийг хэлээд байгаа бус уу. Ингээд нөгөө толгой нь бусад эрхтэндээ саад болж , эрх чөлөөг нь боомилж байгаа нь тэр. Тэгвэл одоо нөгөө толгойг нь жижигрүүлж биенд нь таарсан хэмжээнд аваачья. Өөр нэг арга нь бий нь биеийг нь томруулж толгойг нь хэвээр үлдээх. Харамсалтай нь том толгой нь биеийнхээ бусад эд эрхтэнг хав хүлчихсэн байгаа болохоор энэ арга явцгүй. Нөгөө нэг орос зүйр үг байдаг даа. Оросоор бол “дурная голова ногам не дает покоя” буюу тэнэг толгой хөлийг амраадаггүй гэсэн утгатай. Ийм л байдалд Монгол улс маань орчихоод байна. Том төрөөс татгалзаж ухаантай бас жижиг төр лүү шилжье.
  2. Хууль,  өмчлөх эрх.  Юуны өмнө иргэдийг  шүүхэд итгэдэг болгох нь эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлэхийн баталгаа болох юм. Иргэд хөдөлмөрлөж олсон орлого өмчөө өөрийнхөөрөө эзэмших , ашиглах, захиран зарцуулахдаа хэн нэг түшмэлээс, популистаас , гэмт хэрэгтэнээс айх айдасгүй байлгах нь төрийн үүрэг. Төр нь энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас иргэдийн айдас нь тэдний хөдөлмөрлөх, баялаг бүтээх эрх чөлөөг нь боомилоод байгаа хэрэг. Гэтэл иргэдийн өмч, хөрөнгө рүү  рүү нь халдаж байгаа Засгийн газар, төрийн түшмэл, популист, гэмт хэрэгтэн  ер нь хэнбугай ч байсан өнөөдөр цээрлэл хүлээж байна уу ? Үгүй гэж хэлбэл нэг үнэн бодит байдлаас нэг их хол зөрөхгүй байх.

Хууль гаргах, хэрэгжүүлэхдээ юуны өмнө иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг, түүний дотор иргэд шударгаар хөдөлмөрлөж эд хөрөнгө олж авах, хэнээс айлтгүй түүнийгээ эзэмших, захиран  зарцуулах эрхийг нь  хангах, баталгаажуулах чиглэлээр дорвитой алхам хийж чадвал иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хангагдаж түүнийгээ дагаад цаашид эдийн засгийн өсөлт хангагдана. Алдаа мадгаас ангид нэг ч хүн энэ хорвоо , ертөнцөд байдаггүй. Тэгвэл манай хуулийн хэрэгжилтийг хангадаг түшмэлүүд маань чухам тэр алдаан дээр нь дөрөөлөөд тэр иргэн, баялаг бүтээгчийн өмч, хөрөнгө тэр битгий хэл гэр бүлийн гишүүдийнх нь эрх рүү халдаж байхад хэн шударга хөдөлмөрлөх юм бэ ? Жишээ нь : Их цаг зарцуулалгүйгээр интернетийн тоолуур ашиглаад тоолж үзэхэд Захиргааны хариуцлагын тухай хуулинд хураана гэдэг үг 5 удаа, хурааж гэдэг үг 12 удаа орсон байх юм. Энэ болгон нь уг хуулийг хэрэгжүүлдэг эрхтэн , дархтанууд иргэдийн өмч хөрөнгө рүү халдах үйл ажиллагааг  хууль есны болгож, өөгшүүлээд байгаа юм. Болдогсон бол Монголын бүх хуулиас өмч хөрөнгө хураана, улсын орлого болгоно гэдэг заалтуудыг бүгдийг нь үгүй хийх юмсан.

  1. Мөнгө ба түүний нийлүүлэлт. Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтэд  шууд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол мөнгө , түүний нийлүүлэлт, тогтвортой  байдал юм.  Энэхүү бүлэг үзүүлэлтээр  Монгол улсын зэрэглэл ихээхэн доогуур байгааг гадаад , дотоодын судалгааны аль аль нь анхааруулаад байгаа. Эдийн засгийн өсөлтөөр хангагдаагүй аливаа цаасан мөнгө нь хөдөлмөрлөж үнэ цэнийг бий болгодог иргэдэд бол бүр аюултай. Мөнгө нэртэй хэвлэсэн цаас нь иргэн хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа , хүчин зүтгэлийг нь үнэгүйдүүлдэгт л  хамаг гол учир байгаа бөгөөд үүний улмаас хөдөлмөрлөж байж бий болгосон бараа, ажил үйлчилгээгээ тухайн иргэн нь үнэ цэнэ нь тогтворгүй, байнга савлаж байдаг валютаар арилжихаас эмээж тогтвортой валют эсвэл өөр бараагаар солилцох эрмэлзэлтэй болдог.  Ингээд ажил хөдөлмөр эрхлэх, бараа , ажил үйлчилгээ нийлүүлэх эрх чөлөө нь хумигдаж байгаа нь тэр. За тэгвэл мөнгөний нийлүүлэлтийн асуудлыг  эдийн засгийн өсөлттэйгөө нягт уялдуулах, нөгөө талаар мөнгөний нийлүүлэлтийн бодлого нь шударгаар хөдөлмөрлөж, бүтээн байгуулж, баялаг бүтээж байгаа иргэдийн эрхийг хэрхэн хангаж байгаад хатуу хяналт тавихгүй бол болохгүй нь.
  2. Гадаад худалдаа, харилцааны  эрх чөлөө . Энэ эрх чөлөөний бүлэг үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд Монгол улсын эрэмблэл удаа дараа доошилж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт яагаад буураад байгаагийн учир шалтгааныг илэрхийлж байгаа болов уу. Энэ нь Оюут толгой , Таван толгойн томоохон төслүүд төдийгүй бусад жижиг, дунд төслүүд дээр алхам тутам илэрч байна. Лиценз цэхцлэх нэрээр хүний хайгуул хийсэн талбайг булаах, хөрөнгө оруулагчдийн өмнөөс Монгол улсад томилогдон ирж ажиллаж байгаа гадаадын иргэдийг элдэв шалтгаан , шалтгаар саатуулах, баривчилах, дарамтлах зэргээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч иргэдийн эрх чөлөөг хяхан боогдуулж, улмаар эд хөрөнгө өмчлөх эрхэнд нь халдаж  байгаа нь нууц биш.  Монгол төрийн байж болох бүх л салаа мөчир, цэрэг даргаар ярилцаж , хэлэлцэж , эцсийн шатны шийдвэр гаргах бүх шат дамжлагаараа оруулан зөвшөөрч Монгол улсыг төлөөлөн хийсэн гэрээгээ хүндэтгэхгүй, түүнийгээ биелүүлэхгүй байгаа нь гадна, дотны бүх ажил хэрэгч хүмүүс , хөрөнгө оруулагчдийн дунд маш их болгоомжлол бас айдас  үүсгэж байгаагаас хөрөнгө оруулалт буурч байна.  Ийнхүү гадаад эдийн засгийн үйл ажиллагааны эрх чөлөө өдөр ирэх тутам хумигдаж байгааг нэ даруй зогсоож , цаашид эрх чөлөөг хангах арга хэмжээг авахгүй бол эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй төдийгүй харин ч эдийн засгийн хаагдмал , түгжигдмэл улсуудын араас орох нь гарцаагүй байна.
  3. Бизнесийн зохицуулалт . Нийгэмд дэг журам сахиулах, халамжийг хэрэгжүүлэх, нийгмийн гишүүдийг хамгаалах шаардлага , хэрэгцээгээр бамбай, халхавч хийж түүгээр хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдийг популист хууль, тогтоол, тендер,  тусгай зөвшөөрөл, шалгалтаар ил далдаар дарамтлах хандлага сүүлийн жилүүдэд улам эрчимжиж , энэ нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг боогдуулж , улмаар эдийн засгийн өсөлтийг бууруулж байна. Мэдээж хэрэг тусгай зөвшөөрөл байдгаараа байж л таараа, төрийн хяналт шалгалт байдгаараа байж л таараа, бас тэр тендер гэдэг юм нь байдгаараа байж л таарах байх.  Гагцхүү эдгээр тусгай зөвшөөрөл болон хяналт шалгалтын үүргийн хэрэгжилтийг ил тод, олон нийтийн хяналтын доор явуулдаг болчихвол, зарим үүрэг функцийг хувийн хэвшилд шилхүүлчихвэл, бизнесийн зохицуулалттай холбоотой үүсэж байгаа авилгал, хээл хахуул, үл итгэлцэл, бухимдал алга болох төдийгүй эдийн засаг маань өөдлөх нь лавтай.

Ийнхүү эдийн засгийн эрх чөлөөг сайн хангаж өгвөл Монгол улсын иргэн бүр төсвөөс амьжиргаагаа залгуулдаг биш харин ч иргэн бүр баялаг бүтээгч болж төсөвт орлого оруулдаг болох нь дамжиггүй. Төрийн албыг сонирхогчдын тоо ч эрс цөөрнө биз ээ.

Сонирхолтой нь Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих талаар  саяхан дэвшүүлсэн  санаануудын гол нь энд дурьдагдсан эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэгдсэн санаануудтай нийцэж  байна гэж хэлж болохоор байгаа юм. Эдийн засгийн эрх чөлөөг хангах нь өнөөдрийн хүндрэл, хямралыг даван туулах арга нь мөн юм байна даа гэдэг сэтгэгдэл төрсөнөө ийнхүү хуваалцав.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%