Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Спорт тоглоомын хөгжил, түүний орчин” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

2015-11-02

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо Ерөнхий боловсролын сургуулиудын багш дасгалжуулагчид, холбоодын дарга нартай /2015.10.27/ "Спорт тоглоомын хөгжил, түүний орчин" сэдвээр хэлэлцүүлэг уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд спортын үүсэл хөгжил болон Хөл бөмбөгийн холбоо, Талбайн теннис, Софт теннис, Бадминтон, Гандбол, Хоккейн холбооны талаар танилцуулсан юм.

Дархан-Уул аймагт тэмцээн, уралдааны зардалд жилдээ 40-42 сая төгрөг төсөвлөдөг байна. 2015 оны тухайд 38,5 сая төгрөгийн төсөвлөгдсөн. Спортын 26  төрөлд оролцооноос хамаарч хуваарилжээ. Тухайлбал: Гар бөмбөгт жилд 1,9 сая төгрөгийн зардал тавигдсан байдаг.

Манай аймгийн хөл бөмбөгийн спортын хөгжил улсын хэмжээнд эхний топ 3 байранд ордог. Тэмцээн уралдаанд хүүхэд, залуучууд, өсвөр үе, насанд хүрэгчид жигд сайн оролцдог. Дарханы залуучуудад стандарт талбай хэрэгтэй байна. Хөл бөмбөгийн мини талбайг сайжруулж хариуцсан байгууллагатай болгох, хашаажуулах хэрэгтэй байна. Хөл бөмбөгийн амжилтанд под заал маш чухал үүрэгтэй. Под заалны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн удирдлагууд ухаалаг шийдвэр гаргаж дэмжинэ гэж найдаж байна хэмээн Хөл бөмбөгийн холбооноос санал гаргасан юм.

Харин Гандболын холбооны үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байгааг Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Өсөхбаяр  санууллаа. Тэрээр тус холбоог бодлогоор удирдаад ажиллах тэргүүлэгчид хэрэгтэй байна гэв.

Бадминтоны холбооныхон заал барих газар хүссэн. Мөн хоккейн холбооныхон  шайбтай хоккейн стандартын иж бүрэн талбай барих газар хүсч, шайбтай хоккейн аймгийн аварга шалгаруулах цуврал тэмцээний зардлыг төсөвт суулгуулах санал гаргалаа.

Талбайн теннисний бетонон талбайг яаралтай засварлаж, 2006 оноос хойш яригдаж буй дугуйн замтай болох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж уулзалтанд оролцогчид үзэж байлаа.

Мөн Шарын гол сумын спорт ордон 1986 онд байгуулагдсан. Одоогоор шал нь цөмөрч хагарсан, бэлтгэл сургуулилт хийхэд шаардлага хангахгүй болсон тул засварлуулах хүсэлтэй байгаа тухай Шарын гол сумын спорт ордны эрхлэгч Г.Мөнхжаргал ярьлаа.

Сургуулиудын спорт заалны ашиглалт харилцан адилгүй байгаа. Ихэнх нь хуучирч муудсан тул сургуулиудын биеийн тамирын заалны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байв. Тухайлбал: ЕБ-ын 9-р сургуулийн биеийн тамирын заалны дээврээс байнга ус алддаг. Хүүхдийн зулай шиг болсон. Цагаан тоосго нь гурил шиг болсон тухай 9 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Ч.Гантөмөр  ярьлаа.

Уулзалтын төгсөлд ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооноос  Биеийн тамирын багш нарын зөвлөл байгуулах саналыг аймгийн Боловсрол соёлын газар хүргүүлэхээр болов. ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубтэй спортын холбоодуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Хүний хөгжил хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батбаяр, гишүүн Б.Эрдэнэтулга, Б.Батбаяр, Төлөөлөгч Г.Тамир, О.Цолмон, Биеийн тамир, Спортын газрын дарга О.Банзрагч болон холбоодын дарга нар, нийт 44 хүн оролцов. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%