Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Дархан-Ус суваг" ХК-ийн 50 жилийн ойн баяр тохиож байна.

     Өнөөдөр /2015.10.09/ "Дархан-Ус суваг" ХК-ийнхан 50 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. 

     50 жилийн ойн баярын хурал аймгийн Залуучууд театрт боллоо. Хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд болон Дархан-Ус суваг ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, үе үеийн инженер техникийн ажилтнууд оролцлоо. 

  Компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр товч илтгэл тавьж туулж өнгөрүүлсэн 50 жилийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж тайлагнав. Тэрбээр илтгэлдээ “Манай компани нь Дархан хотын 1200 гаруй үйлдвэр аж ахуйн газрууд, 11430 айл өрхийг цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулж гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 17 цэгт, сүлжээгээр 23 цэг, машинд ус ачих хоёр цэг нийт 42 ус түгээх цэгүүдээр дамжуулж түрээсийн хэлбэрээр үйлчилж байна” гэв.

      Дараа нь компанийн шилдэг тэргүүний хүмүүст шагнал гардуулах ёслол болж Нийтийн аж ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 13, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр хоёр, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан”-наар 10, Засаг даргын жуухаар 6, МҮЭ-үүдийн холбооны хүндэт тэмдэгээр 7, Дархан сумын Засаг даргын жуухаар 9, Ажил олгогч эздийн холбооны шагналаар 10, НАМЗХ-ны “Алтан-од” шагналаар 6, “Дархан-Ус суваг” ХК-ийн “Хүндэт дэвтэр”-т 10, харилцагч байгууллагуудын шагналаар 30-аад хүнийг шагнаж урамшууллаа.

   Баярын хурлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Сайн байцгаана уу  
Эрхэм хүндэт зочид оо, 
50 жилийнхээ түүхэн ойн баяраа тэмдэглэж буй Эрхэм алдын эзэд,
Эрхэмсэг ноёд хатагтай нар аа. 

   Дархан хотын усан хангамжийн түүх бол Дархан хотыг байгуулах анхны шав тавьсан тэр өдрөөс, тэр цагаас эхэлдэг билээ. Эдүгээ Найрамдлаар овоглосон Дархан хотын нэр дэлхийд танил болж, Дарханчууд бид их хотоороо бахархаж байна. 

  Төрөлх хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, орчин үеийн хот сүндэрлэн босч байгаатай хөл нийлүүлэн хөгжлийн өнөөгийн түвшинд хүрсэн та бүгдийн зам амар хялбар байгаагүй ч УИХ, ЗГ-аас дэвшүүлсэн бодлого зорилт, аймгийн төр захиргааны байгууллагуудын дэмжлэг туслалцаа, өөрийн байгууллагаа бэхжүүлэн хөгжүүлэх их үйлсэд Дархан ус суваг Хувьцаат компанийн үе үеийн ажилтнуудын оруулсан хувь нэмэр, ололт амжилт үнэлж баршгүй их юм аа. 

   Ингээд Их хотынхоо иргэдийг Чандмань эрдэнэ болсон ундны цэвэр усаар тасралтгүй хангах, экологийн тэнцвэрт нийцсэн бохир усыг байгальд нийлүүлэх үндсэн үүргээ 50 жилийн турш амжилттай биелүүлж ирсэн үе үеийн инженер техникийн ажилтнууд, ирээдүйн сайн сайхныг бүтээхийн төлөө шамдаж яваа өнөө үеийнхэндээ, мөн та бүхнийхээ гэр бүлд нийт Дарханчуудынхаа болон аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. 

   Хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг тоо, чанарын хувьд бүрэн дүүрэн хангахын тулд усны нөөцийг нэмэгдүүлэх,  олон жил ашиглагдаж хуучирсан шугам хоолойг солих, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх зэрэг бодлогыг тууштай хэрэгжүүлж, Дархан-Уул аймгийнхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах нь танай хамт олны нэн чухал зорилтуудын нэг байх нь дамжиггүй ээ. 

   Үүний зэрэгцээ Чандмань эрдэнэ болсон усаа ариг гамтай хэрэглэх ухамсарт хэрэглээг хэвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэн хүүхэд залуус, ард иргэдийг усны зүй зохистой хэрэглээнд сургах асуудлыг чухалчилж ажиллахыг зориуд онцлон тэмдэглэе. 

   Түүхийн хуудас зузаарах тусам ажиллах хүчний бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

     Та бүхний ажил үйлсэд улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%