Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд Шарын гол суманд ажиллав

2015-09-30

    Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн МХГ, ОБГ, БОГ-ын дарга удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Шарын гол суманд ажиллалаа. 

  Тус суманд тулгамдаж буй асуудлаар сумын ИТХ-ын дарга Тэргүүлэгчид,  сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.

   Өнөөдрийн байдлаар Шарын голчууд халаалт дулаан аваагүй зутруухан байдалтай байгааг сумын удирдлагууд танилцууллаа. Энэ байдал нь Дулаан шарын гол ТӨХК, Шарын гол ХК-ийн хооронд үүссэн өр авлага, нүүрс нийлүүлэх үнийн асуудлаар тохиролцож гэрээ байгуулж чадахгүй байгаагаас үүсчээ. Эхний ээлжинд иргэдийг дулаанаар хангаж, дараагаар нь өр авлагын асуудлаа харилцан яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж аймгийн удирдлагууд үзэж байсан. 

     Үүний зэрэгцээ Шарын гол сумын иргэдийн ирээдүйд хэрэглэх шинэ ундны усны эх үүсвэрт ашигт малтмал олборлуулахгүй байх талаар сумын иргэд санал нэгдэж байв. Тэд Очир Ундраа ХХК ундны усны тэжээгдлийн мужид ашигт малтмал олборловол Шарын голын иргэдийн ирээдүйн цэвэр усны нөөц үгүй болно гэж үзэж байлаа. Иймд сумын хажууханд алт олборлохоор хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байгаа “Очир Ундраа” ХХК-ийн уурхай нээх үе болон олборлолтын үеийн шаардагдах бичиг баримтууд, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, гидргеологийн судалгаа зэрэг холбогдох ажлууд бүрэн хийгдсэн эсэхэд шалгалт хийх, Бууртын хөндий нь Хонгор сумын нутагт хамаарах боловч Шарын голчууд нутаг хамаарахгүйгээр Монголын газар нутгаас ус уух эрхтэй тул Хонгор сум, Дархан-Уул аймаг ЭМЯ, БОНХЯ зэрэгт албан ёсоор хүсэлтээ илэрхийлэх шаардлагатайг аймгийн удирдлагуудаас хүслээ.

    Энэ дагуу ажлын хэсгийнхэн “Очир Ундраа” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газарт очиж танилцлаа. Тус компанийн удирдлагууд эзгүй байсан тул утсаар холбоо барьж, туслан гүйцэтгэгч "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК-ийн эдийн засагч, менежерүүдээс ерөнхий мэдээлэл авлаа. Туслан гүйцэтгэгч компани болох "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК-ийн хувьд лицензтэй талбайн нэгээхэн хэсэгт буюу хааш хаашаа 100 м газарт олборлолт явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 93 м3  хөрс хуулалтын ажил хийсэн. 11 дүгээр сар хүртэл хөрс хуулалтын ажлыг явуулахаар төлөвлөсөн байна.  66 хүний ажлын байр бий болгосон ба Шарын гол сумаас нийт 5 хүнийг ажлын байраар хангасан байна. Цаашид орон нутгаас ажиллах хүний тоог нэмэгдүүлж ажиллана гэв. 

   Аймгийн Засаг дарга М.Энхболд: - Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас холбогдох хяналт шалгалтыг явуулж, орон нутгийн ард иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэх гарцыг олох хүртэл ажлыг зогсоож холбогдох асуудлуудыг шийдвэрлэ. Хамгийн гол нь ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд анхааралтай хандаж зохих шийдвэрийг гаргах хэрэгтэй гэв. 

    Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:- Анхны шийдвэрүүдийг эргэж харъя. Хоёр сумын хил дамнасан, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал учраас Хонгор, Шарын гол сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, сумын иргэд, аймаг сумын удирдлагууд компаниудын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан өргөтгөсөн уулзалтыг  зохион байгуулж, шийдэлд хүрэх нь зүйтэй гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%