Дархан-Уул аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт ажиллаж байна. Тэднийг тус улсын Кёнги аймгийн Засаг дарга бөгөөд мужийн захирагч түүнчлэн тус аймгийн ИТХ-ын дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар бүтэн 2 өдрийн турш тус аймагт ажиллласан манай төлөөлөгчдийн хийсэн уулзалтуудын үр дүнг сонирхож, ХАА-н салбарт хийгдэхээр яригдсан асуудлуудыг аль болох хурдан хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэй гэв. Үүний тулд Кёнги аймгийн ХАА салбарын төлөөллүүдийг ойрын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээр нь Дархан-Уул аймагт ажиллуулах санал гаргалаа. Мөн манай аймагт хүлээлгэн өгөх түргэн тусламж, гал унтраах бүрэн тоноглогдсон автомашины тоог 4 болгож нэмэгдүүлсэн таатай мэдээг дуулгасан юм. Тус аймгийн Засаг даргын Монгол улсад хэрэгжүүлж байгаа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт солонгос хэл заах төслийг аймаг орон нутагтаа, тэр дундаа аймгийн төвөөс алслагдсан гэр хороолол, сумдын сурагчдад нэвтрүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг манай талаас хүслээ.
ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын төлөөлөгчдийн зүгээс эдийн засаг хүндэрсэн үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа энэ үед Дархан-Уул аймгийн залуучуудыг гэрээгээр ажиллуулах санал тавьсан. Уг саналыг Кёнги аймгийн Засаг дарга судлаж, албан ёсоор хариу өгөхөөр боллоо.
Үүний дараагаар манай аймгийн төлөөлөгчдийг Кёнги аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзсан юм. Тэрээр 3 жилийн өмнөөс эхлүүлсэн Дархан-Уул болон Гёнги аймгуудын хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбатын санаачлагаар хэрэгжиж буй "Шинэ гудамж" төслийг дэмжиж, үргэлжүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхийг нь хангахын төлөө хийж байгаа Дарханчуудын ажил нэг бүрийг дэмжиж ажиллана гэв. Энэ бүх ажлыг үр дүнтэй үргэлжлүүлэхэд Монгол улсын Дархан-Уул аймаг, Солонгос улсын Кёнги аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хамтран байгуулсан "Найрамдлын бүлэг" тэр дундаа манай аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын гишүүд идэвхитэй оролцоо чухал нөлөөтэй гэж үзэж байлаа.
Хамтдаа эхлүүлсэн ажлын үр дүн дээрх өдрүүдэд хийсэн уулзалт, аймагтаа хийж байгаа хөрөнгө оруулалтууд гэж хэлж болно. Үүнийг ч Кёнги аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байлаа.