Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хамран сургах тойргийг шинэчлэн тогтооход санал авлаа

2015-06-22

“ЕБС, СӨББ-ЫН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТЭМДЭГЛЭЛ

       Дархан –Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Боловсрол соёлын газар хамтран 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГазрын хурлын зааланд “ЕБС, СӨББ-ын хамран сургах тойрог” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
       Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Ганчулуун нарын аймгийн удирдлагууд ЕБСургууль, цэцэрлэгийн ерөнхий менежерүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл бүхий нийт 124 хүн оролцлоо.
Нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин нээж, удирдан явууллаа.

ТАНИЛЦУУЛСАН МЭДЭЭЛЭЛ:
“ЕБС, СӨББ-ын хамран сургах тойрог” мэдээлэл -Аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Ганчулуун

          Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ЕБС-ийн нийт 18064 суралцагчидтайгаас төрийн өмчийн 14 сургуульд 17527 сурагч суралцаж байна. Үүнээс бага, дунд ангийн 12219 суралцагчдыг хамран сургах тойрогт хамааруулж үздэг ба 7072 сурагч тойрогтоо, 5147 сурагч тойргийн бус ЕБС-д суралцаж байна. Дээрх тоо сургууль бүрт харилцан адилгүй. Тухайлбал: ОИЦ сургуулийн бага, дунд ангийн нийт 2656 суралцагчдаас 1456 сурагч /57%/ тойргийн бус, ЕБ-ын 15-р сургуулийн бага, дунд ангийн 1406 суралцагчдаас 876 сурагч /62%/ тойргийн бус, Од цогцолборын бага, дунд ангийн 2127 суралцагчдаас 695 сурагч /32%/ тойргийн бус байгаа нь эдгээр сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлж ачаалал ихэсгэж нэг бүлэгт ноогдох сурагчдын тоог өсгөж байна.
       Харин зарим сургуулиудын хувьд хамран сургах тойргийн сурагчид нь хамрагдахгүй байгаагаас болж сурагчийн тоо нь цөөрөх багшийн илүүдэл үүсэх хүндрэл учирч байна.
      Цэцэрлэгүүдийн хувьд аймгийн хэмжээнд 2-5 насны 7917 хүүхэд байдгаас цэцэрлэгт 6415 хүүхэд хамрагддаг. 4444 хүүхэд хамрах тойрогтоо суралцдаг бол 1856 хүүхэд хамран сургах тойргийн бус байна.
Энэ тоо нь цэцэрлэг бүрт харьцангуй байгаа юм. Тухайлбал 12, 23, 7, 1, 4, 5, 18 дугаар цэцэрлэгүүдэд 40% дээш харъяаллын бус хүүхдүүд хамрагдаж ачаалал үүсгэж байна.

САНАЛ ХҮСЭЛТ:
1.    Б.Давааням 15-р сургуулийн захирал:
Хамран сургалтын асуудлыг өнгөрсөн хавраас идэвхитэй ярьж эхэлсэн. Ажил болгож, хэрэгжүүлэхээр санал авч байгаад сэтгэл хангалуун байна.
1.  Энэ жилийн хувьд 15 дугаар сургууль нь 5 дугаар сарын эхээр 1 дүгээр ангийн 5 бүлэгт 200 гаруй хүүхэд бүртгэсэн. Тэгэхээр хэлэлцүүлгийн дараагаар нутгийн удирдлагын байгууллагаас тодорхой шийдвэр гарах байх. Уг шийдвэрийг харгалзан үзэж, 15 дугаар сургуульд бүртгэгдсэн өөр багийн хүүхдүүдийг харьялалын дагуу тухайн сургуулиуд руу нь шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Тухайлбал: Маанийдаарий, Амгалан, Дэлгэрбаяр нарын захирлуудад албан бичиг хүргүүлнэ. Хамран сургах тойргийн дагуу сургуульд хамрагдалтыг зохион байгуулна гэвэл манай сургуульд 300 гаруй хүүхдийн хөдөлгөөн хийгдэнэ. Шулуухан хэлэхэд энэ зохицуулалтанд баярлаж байна. Учир нь манай сургууль 928 хүүхдийн багтаамжтай ч өнөөдрийн байдлаар 1768 хүүхэд суралцаж байна. Хүүхдүүдээ дугуйлан секцэнд хамруулах боломж байдаггүй.
2. 2015-2016 оны хичээлийн жилд цөм хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн хувьд байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтыг стандартаас давсан агуулгаар хичээллүүлнэ. Тэгэхээр зөвхөн хамран сургах тойргоосоо суралцагчидаа сонгоно гэж үзэхгүй байна. Гүнзгийрүүлж суралцах сонирхолтой хүүхдүүд бусад багаас ирнэ. Иймд 5-10 хувийг онцгой нөхцлийг харгалзан үзэж хамран сургалт хамрагдахгүйгээр элсүүлэх зохицуулалт хийх шаардлагатай байна.
3. Хамтын ажиллагааны асуудлыг сайн бодох хэрэгтэй. Хаана хүүхдээ сургах нь эцэг эхчүүд, хүүхдийн эрх. Эхний ээлжинд ирэх намраас 1 дүгээр ангиудад хамран сургах тойргийг баримталж үзье.  
4. Энэхүү зохицуулалтыг төрийн байгууллагын түвшинд ухамсарлах шаардлагатай байна. Зарим эцэг эхчүүд сайн багшид хүүхдээ өгөх сонирхолтой байдаг. Энэ сонирхлын дагуу хүүхдээ сургуулиудад элсүүлж байна. Энэ хандлагаас зайлсхийхгүй бол энэ ажлыг унагаана. Иймд хамран сургах тойргийн дагуу суралцахыг уриалсан сурталчилгааг сайн хийх хэрэгтэй.
2.    Б.Оюунчимэг Дархан сумын 5 дугаар багийн засаг дарга:
Эцэг эхчүүд хүүхдээ аль цэцэрлэгт өгөх вэ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Манай багийн хувьд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх цэцэрлэг огт байдаггүй. Хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан шинэчилсэн тойргийн хуваарилалтанд манай багийг хуваарилаагүй байна. Энэ асуудлаар иргэдээс маш их санал ирдэг. Аймгийн Боловсрол соёлын газрын даргад танилцуулсан байгаа.  
3.    Урангоо Дархан сумын 6 дугаар багийн засаг дарга:   
Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн асуудлыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, багш эцэг эхчүүд, багийн засаг дарга нар хамтдаа суугаад ярилцаж байгаад баяртай байна. Цаг үеээ олсон хэлэцүүлэг болж байна.
9 дүгээр сарын 1-нд бүх айл хүүхдүүддээ сургууль цэцэрлэгт хамруулахыг хүсдэг. Нэн ялангуяа цэцэрлэгт хамруулахыг хичээж, 8 дугаар сарын 20-оос эхлэн цэцэрлэгүүдийн гадна хонон өнжин дугаарладаг. Гэр хорооллын айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд тоглож чадахгүй байна. Боловсролын байгууллага энэ байдалд онцгой анхаарах шаардлагатай байна.
 Манай баг нь сургуулийн өмнөх насны 680 гаруй хүүхэдтэй. Дархан сумын 5, 6, 7, Малчин багийн хүүхдүүд цэцэрлэгт орох боломж бараг байхгүй байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан хуваарийг зөв хуваарь болжээ гэж харж байна. Цаашид багийн Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар хамтарч ажиллах ёстой. Хамтарч ажиллахгүй байгаагаас хүүхдүүд хохирч байна.
Мөн боломжтой айлын хүүхдүүд шинэ дарханы цэцэрлэгүүдэд ирж суралцаж байна. Иймд зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар хамтарч ажиллая.
4.    Т.Борхүү  Дархан сумын 9 дүгээр сургуулийн эрхлэгч:
Ер нь хамран сургах тойргийн асуудлаар ярилцаж байгаа нь цаг үеэ олсон гэж үзэж байна. Тойргуудад хуваариласан байгаа байдлыг харлаа. Энэ нь урьд хойд хормойгоо нөхөж байгаатай ижил өнөө маргаашаа аргацаасан асуудал. 2016 оноос сургуульд хамрагдах хүүхдийн тоо улам өснө.  Асуудлыг нухацтай шийдвэрлэмээр байна.
1. Оюуны ирээдүй цогцолборын урд хуучин цэцэрлэгийн зориулалттай барилга одоо баар болсон байна. Үүнийг яаралтай цэцэрлэгийн зориулалтаар ашиглах
2. 19 дүгээр сургууль нь цэцэрлэгийн зориулалтын барилга бөгөөд зориулалтаар нь ашиглах шаардлагатай байна. Хувийн сургууль газар аваад сургуулийнхаа барилгыг барина биз. Буцааж авах хэрэгтэй.
3.  15, 18 дугаар цэцэрлэгийн талбай боломжыг ашиглан өргөтгөх шаардлагатай.
4. 9 дүгээр сургуулийн хувьд 1-2 жилийн дараагаар сургуульд хамрагдах хүүхдүүдийн тоо ихсэх хандлагатай  байна. Учир нь 12 дугаар багт шинээр орон сууцны барилгууд олноор баригдаж байна.
5. Хээтэй хорооллын 2а, 1а байрны хажууд орон сууцны байр барьж байна. Уг нь тэнд сургуулийн барилга барих төлөвлөгөөтэй байсан. Ер нь орон сууцны барилга барьж байгаа бол сургууль цэцэрлэгийн асуудлыг хамтад нь шийдэж байхыг барилгын компаниудаас шаардаж байя. Ирээдүйгээ харсан хот төлөвлөлтийг аймаг орон нутгаас хийж, сургууль, цэцэрлэгийн барилгуудыг зөв төлөвлөж барих шаардлагатай байна. Хөдөлмөрчдийг чирэгдүүлэхгүй ажилламаар байна. Энэ хурлын дараагаар асуудлыг дорвитай шийдвэрлэж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
5.    Б.Бат-Эрдэнэ Энэрэл сургуулийн нийгмийн ажилтан:  
Хамран сургах тойргоор авч үзвэл энэ жилийн хувьд 221 хүүхэд шинээр манай сургуульд элсэх судалгаа байна. Гэтэл үүнээс манай сургуульд 30 хүүхэд элсэхээр бүртгүүлсэн байна. Бусад нь ОИЦ, Жигүүр, Од, Дархан дээд сургуулийн лецей зэрэг сургуулиудад элсэхээр бүртгүүлсэн байна. Манай багийн дийлэнх хүүхэд өөр баг руу шилжих хандлагатай байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.






6.    М.Соёл-Эрдэнэ Энэрэл цогцолборын сургалтын менежер:
5 дугаар сард багш ажилтнууд баг болж, хамран сургах тойргийн асуудлаар судлагаа хийх ажилласан. Дархан сумын 7, 8 дугаар багийн иргэдэд сургуулийнхаа талаар сурталчилгаа хийсэн. Гэвч өөр багийн сургуулиудад хүүхдээ сургах эцэг эхчүүд олон байна.








7.    Н.Майцэцэг Од цогцолбор сургуулийн захирал:
Од цогцолбор сургууль нь хичээлийн А, Б, В байртай. 2014-2015 оны хичээлийн жилд 2542 хүүхэд суралцсан. Нэг байранд 1200 хүүхэд хичээллэдэг. Голдуу 16, 17 багийн хүүхдүүд хамрагддаг. Мангиртийн В байранд 480 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өнөөдөр 240 хүүхэд хичээллэдэг. Хамрагдалт 50 хувьтай байна. Тус хичээлийн байр ашиглалтанд ороод 7 жил болж байгаа бөгөөд цайны газар, спорт заал, урлагийн заал байхгүй учраас хүүхдийн тоо хамрагдалт бага байна. Аймгийн удирдлагууд манай сургуулийн хичээлийн В байранд анхаарал хандуулж, энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.



8.    Л.Буянтогтох ЕБ-ын 9 дүгээр сургуулийн захирал
Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож байгаа нь сургууль цэцэрлэгийн ачааллыг тэнцвэржүүлэх, хүүхдийг сургууль завсардуулахгүй байх гэсэн 2 зорилготой.
1. Дархан-Уул аймгийн хувьд хүүхдийг сургууль завсардуулахгүй байх талаар  багийн захиргаа, сургууль цэцэрлэгийн захиргаа хамтран судалгаагаа гаргаж ажиллах боломжтой.  Хамгийн гол нь сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх нь чухал байна. Өнөөдрийн байдлаар хамран сургах тойргийн төсөл гаргаж, газрын даргын тушаалаар шийдвэрлэхээр хэлэлцүүлж байна. Тушаалаар энэ ажлыг явуулахад бэрхшээлтэй. Иймд тодорхой бодлого гаргаж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай болов уу.
2. Мөн сургуулиудын сургалтын чанарын асуудалд нэн тэргүүнд анхаарах нь чухал байна. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд элсүүлэхдээ багшийн чадамж, сургалтын түвшин, тус сургуулийн сурагчдын амжилтыг харгалзаж үздэг. Хүчээр хамран сургах тойргоороо суралц гэж тэдэнд хэлэх эрхгүй. Тэгэхээр тухайн тухайн сургуулийн багш нарыг хөгжүүлэх чадварлаг багш нартай байх шаардлага тавигдаж байна. Сургуулийн захиргаа багш нарын зүгээс сургуулийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багш нараа чадваржуулах, хүүхдүүдээ татах ажлыг санаачилгатай зохион байгуулж байя.
3. Сургуулиудыг цэцэрлэг бага сургуулийн цогболбор байдлаар хөгжүүлэх саналыг дэвшүүлж байна.

9.    А.Нарантуяа ОИЦ сургуулийн захирал:
Манай сургууль 80- аад оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулж ирсэн. Одоо БСШУЯ-ны лаборатори сургуулиар ажиллаж байна. Гүнзгийрүүлсэн сургалттай холбоотой элсэлтийг аймгийн хэмжээнд авдаг. Хэдийгээр манай сургууль олон хүүхэдтэй боловч, хичээлийн байртай харьцуулбал ээлжийн коэффицент 1/3 хувьтай, ангий танхимын ачаалал хэтрээгүй, хэвийн түвшинд 1- 3 ээлжээр хичээллэж байна.
Сургуульд суралцаж буй нийт хүүхдийн 60-70 хувь нь үндсэн багийн буюу Дархан сумын 9, 10 дугаар багийн хүүхдүүд байдаг. Манай сургуульд ойролцоогоор 3-4 багийн хүүхдүүд ирж суралцаж байна. ОИЦ сургууль нь дотуур байртай учир хүүхдийн тоо өндөр байхад нөлөөлдөг. Дотуур байранд жилд 100 гаруй хүүхэд амьдарч байна. Ихэвчлэн 15, 16 дугаар баг, Малчин баг, Орхон сумдаас хүүхдүүд ирж суудаг.
 Нөгөө талаас сүүлийн жилүүдэд хээтэй хороололд орон сууцны шинэ байрууд баригдаж байгаатай холбогдуулан элсэлт нэмэгдэж байна. Тухайлбал: Энэ жил 1 дүгээр ангийн 12 бүлэг шинээр нээж байна. Шинээр элсэн суралцаж буй 1 дүгээр ангийн суралцагчдын 80-аад хувь нь буюу 339 нь үндсэн багийн хүүхдүүд бүртгүүлсэн байна. Хэрвээ 1 дүгээр ангийн сурагчид хамран сургах тойргийн дагуу суралцана гэвэл 11 бүлэг хичээллэнэ гэсэн үг.
Хамран сургах тойргийг тогтоож байгаа нь тухайн сургуулийн хүүхдийн тоог багасгах сайн талтай боловч маш олон асуудлыг дагуулна.
Энэхүү хэлэлцүүлгийн дараагаар саналаа нэгтгэж, аймгийн Боловсрол соёлын газраас шийдвэр гарч, хамран сургах тойргийн хуваариалалтын дагуу ажилла гэвэл манай сургуулийн хүүхдийн тоо тодорхой хувиар буурна. Ачаалал багасах нь сургуулийн хувьд сайн талтай.

10.    Ч.Оюунбилэг ЕБ-ын 9 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш:

Боловсролын байгууллага нь үйлчилгээний байгууллага учраас хүчээр биш асуудлыг зөв бодлогоор шийдвэрлэх ёстой. Зарим сургуулийн хамрагдалт бага байгаад, зарим нь өндөр байгаад тухайн тухайн сургуулиуд дүгнэлт хийж, бодлого төлөвлөлтийг зөв хийх гарц хайх шаардлагатай.
Хүүхдүүдээ яагаад өөр багийн нутаг дэвсгэр дэхь сургуульд элсүүлэх,  шилжүүлэх болсон бэ гэдгийг тодруулах судалгааг эцэг эхчүүдийн дунд явуулж, тэднээс санал авч ажиллах саналтай байна.
Ер нь чанартай боловсрол олгохын тулд багшийн чадавхийг сайжруулж, боловсон хүчний нөөцөд онцгой анхаарах хэрэгтэй юм.


11.    З.Батхишиг Дархан сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч:
Манай цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтай Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 393 хүүхэд хамрагдсан. Дархан сумын 15 дугаар баг буюу  Мангиртад 2 бүлэг салбарлаж ажилладаг. Хүүхдийн тоо олон, багш нар их ачаалалтай ажиллаж байгаа. 14 бүлэгтэйгээр ажилладаг учраас өргөтгөж, 2 ангийн асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Ингэснээр 60 хүүхдийн асуудал шийдэгдэнэ. Өргөтгөл барих төсвийг хийж холбогдох газруудад нь танилцуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Аймгийн удирдлагуудыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна.
12.    С.Энхцэцэг Дархан сумын 15 дугаар цэцэрлэг эрхлэгч:  
Цэцэрлэг хүрэлцэхгүй, цэцэрлэгүүдийн ачаалал их байгаа нь сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд цэцэрлэг баригдаагүй, цөөхөн байгаатай холбоотой.
Манай цэцэрлэг  ердийн 10 бүлэгтэй, 24 цагийн 2 бүлэгтэй.  300 гаруй суралцагчидтайгаар ажиллаж байна. Хэрвээ хамран сургах тойргийнхоо буюу 11 дүгээр багийнхаа хүүхдүүдийг сургана гэвэл манай багийн 280 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах боломжтой.
Гэтэл манай цэцэрлэгт Дархан сумын 1 дүгээр багаас-10, 2 дугаар багаас-6, 3 дугаар багаас-12, 4 дүгээр багаас -2, 5 дугаар багаас-8, 6 дугаар багаас -8,  7 дугаар багаас-19, 8 дугаар багаас 31, 9 дүгээр багаас-19, 10 дугаар багаас -22,  Үндсэн баг болох 11 дүгээр багаас -140, 12 дугаар багаас-28,  13 дугаар багаас -12, 14 дүгээр багаас - 7, 15 дугаар багаас- 65, 16 дугаар багаас- 3, Өргөө багаас-1, Малчин багаас-5  хүүхэд суралцаж байна. Үндсэндээ Дархан сумын 18 багаас суралцаж байна.  2 настай элсэж орсон 5 настай хүртлээ цэцэрлэгт явах шаардлагатай бусад багийн ийм олон хүүхдүүд суралцаж байгаатай холбоотой багийнхаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол бүрэн хамруулж чадахгүй байна. Бидэнд “Хамран сургах тойргоо мөрдөнө та бүхэн багийнхаа цэцэрлэг рүү яв” гэж хэлэх эрх байхгүй.  Хүний эрх зөрчиж болохгүй. Иймд:  
1.    Цэцэрлэг байхгүй гэр хороололдоо шинээр нэмж цэцэрлэг бариулах талаар аймаг орон нутаг жил бүр анхаарч, байнга хөөцөлдөж байх
2.    Шинээр орон сууцны хорооллын газар олгохдоо цэцэрлэг, сургуулийг хамтад нь заавал барих болзол, шаардлагыг барилгын компаниудад тавьж, үүрэгжүүлж байх
Эцэст нь сургууль цэцэрлэгийн барилгыг хангалттай хэмжээнд хүргээгүй байж, хамран сургах тойргийг хатуу чанд мөрдөж, хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах нь учир дутагдалтай байна.

13.     Б.Ганчулуун Аймгийн БСГ-ын дарга:
Хамран сургах тойргийн хувьд залруулга хэлье. Хэд хэдэн хүний ярианаас одоо шууд л хүүхдүүдийг шилжүүлэх тухай ярьж байна. Ийм зүйл байхгүй.
Одоогоор хамран сургах тойргоо шинэчлэн тогтоож, хил хязгаар, зургалалыг гаргаж авахаар санал асууж байна. Саналуудыг нэгтгэж, судалж баталгаажуулсны  дараагаар баримталж ажиллахаас биш одоо байгаа бүлгийг шууд шилжүүлэхгүй.
СӨБайгууллагуудад элсэлт явагдаагүй, намар явагдах учраас хамран сургах тойргийг харгалзаж ажиллана. 24 цагаар ажилладаг бүлгүүдэд хамран сургах тойрог хамаарахгүй.
Цогцолбор сургуулиудын захиралууд бүсийн лабортори сургууль учир хамран сургах тойрог гэж ярьвал өрөөсгөл болох тухай санал хэллээ. Тодорхой хэмжээнд квот тавина. Тухайлбал үндсэн багаасаа тэдэн хувь, бусад багаас тэдэн хувь гэх мэтчлэн элсэгчдийн тоонд квот тогтооно.
5 дугаар багт цэцэрлэг байхгүй. Өнөөдрийн танилцуулж буй зураглалд оруулаагүй байна гэж тус багийн Засаг дарга Б.Оюунчимэг санал хэллээ. Тус багийн хүүхдүүд 1 дүгээр цэцэрлэг болон 23 дугаар цэцэрлэг, Улиасхан цэцэрлэгт хамрагддаг.  Ирэх онд 4 цэцэрлэг, 1 цэцэрлэгийн өргөтгөл баригдана. Хамгийн түрүүнд зураг төслийн ажил бэлэн болсон Жигүүр цогцолбор сургуулийн хажууд цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. 4 цэцэрлэгийн зураг төсөл нь хийгдсэн ирэх оны яамны төсвийн хөрөнгө оруулалтанд тусгагдсан. Тодруулбал: Цант, Малчин баг, Өргөө баг, Дархан сумын 5 дугаар баг, 13 дугаар цэцэрлэгийн өргөтгөл. Энэ жил 14 дүгээр хороолол дээр 1 цэцэрлэг баригдахаар БСШУЯ дээр тендер зарлагдсан явж байна.
С.Энхцэцэг эрхлэгчид баярлалаа. Би тантай санал нэг байна. Архангай аймагт барилга барьж байгаа л бол цэцэрлэгийн асуудлыг хамтад нь шийддэг болсон. Улсын хэмжээнд тэргүүн туршлага нэвтрүүлсэн аймаг болсон. Манай аймгийн удирдлагууд үүнийг соргогоор харж нэвтрүүлэх боломжтой.
14.    Б.Ганбаяр ЕБ-ын 18 дугаар сургуулийн захирал:
Хамран сургах тойргийн чиглэлээр сургууль дээрээ судалгаа хийж үзсэн. Манай сургуульд 960 хүүхдийн хүчин чадалтай. Энэ хичээлийн жилд 1058 хүүхэд суралцлаа. Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8 дугаар багаас гэх мэтчлэн олон багаас хүүхэд ирж суралцаж байна. БСШУЯамнаас 1 сургуулийг нэг ээлжээр хичээллүүлэх бодлого барьж байгаа. Манай сургуулиас ч хүүхдээ нэмэх бодлого барихгүй байгаа. Гэвч улсын тэргүүний сургууль учир сургуульд элсэн суралцах хүсэлт маш их ирдэг.
Мөн сургуулиа сонгож байгаа нь байршлын онцлогоос шалтгаалж байна. Иймд боловсролын салбарт өөрчлөлт хийх боломжтой гэж үзэж хуучин Дарханы 16,15, 18 сургуулийг цогцолбор хэлбэрээр хичээллүүлэх саналыг дэвшүүлж байна.
Жигүүр цогцолбор сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль нь ойролцоо байрладаг. 18 дугаар сургуулийг бага, 15 дугаар сургуулиа дунд, Жигүүр цогцолбор сургуулийг мэргэжлийн клиник байдлаар хөгжүүлэх саналтай байна. Ингэснээр багш нар зэрэгцэж хөгжинө. Хүүхдийн хэрэглэгдэхүүн тодорхой хэмжээнд хэмнэгдэнэ.  
Бага анги, дунд, ахлах гэсэн цогцолбор сургуулиар зохион байгуулах шаардлага  тулгарч байна.
15.    Б.Давааням ЕБ-ын 15-р сургуулийн захирал:
Бодлогын бичиг баримт гаргахдаа хөдөө сумдын хүүхдүүдийн зохицуулалтыг хамтад нь шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ жилийн хувьд зөвхөн 1 дүгээр ангиудад хамран сургах тойргоор хичээллүүлэх саналтай байна. 3 жилийн дараагаар тодорхой цэгцэрсэн байх болно.
16.    Н.Тунгалаг Дархан сумын 23  цэцэрлэгийн эрхлэгч:
Өнөөдөр зохион байгуулж буй хэлэлцүүлэг цаг үеэ олсон байна.
Хэдийгээр хүүхдээ ямар сургуульд сургах нь эцэг эхчүүдийн өөрсдийнх нь эрх гэж үзэж болох ч өнөөгийн нөхцөл байдлаас харахад зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.  
1. Зарим цэцэрлэгүүд хуваарилалтанд ороогүй байна. Хуваарлалтын төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна. Манай 23 дугаар цэцэрлэгийн хувьд төвдөө 8 бүлэгтэй. Салбар цэцэрлэг нь Нарантолгойд байрладаг. 100 хүүхдийн хүчин чадалтай.  8 дугаар багийн 1-16 байр, Ёотонгийн 8 байр, Дэвшил, Нарантолгой, Манхантолгойн гэр хорооллын гудамж гээд маш олон хүүхэд суралцдаг. Манхантолгойн хүүхдүүд зам гараад манай цэцэрлэгт ирэх нь цөөхөн байдаг. Ихэвчлэн 1 дүгээр цэцэрлэгт очих сонирхолтой. Дэвшлийн хүүхдүүд 21 дүгээр цэцэрлэг рүү явдаг. Энэ бүхнийг харгалзан үзэж хамран сургах тойргийн хуваарилалтанд анхааралтай хандаарай. Эцэг эхчүүдээс мөн санал авч шийдвэр гаргаарай гэж хэлэх байна.
2. Ачааллын хувьд хуучин Дарханы цэцэрлэгүүд өндөр байдаг билээ. Иймд хуучин Дарханы төвийн хэсэг буюу 4, 5 дугаар баг, 8 багт цэцэрлэг шинээр барих зүйтэй.
17.    В.Отгонхүү Дархан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч:
Манай цэцэрлэг Дархан сумын 4 дүгээр багт байрладаг. Өнгөрөгч хичээлийн жилд Дархан сумын 4, 5 дугаар баг, Өргөө багийн иргэдээс 1038 хүүхдийн судалгаа гаргаж, түүнээс 220 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулсан. Цэцэрлэгийн барилгын хувьд 150 хүүхдийн хүчин чадалтай боловч 230-аад хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Мөн Манхантолгойн хүүхдүүд, вокзалын арын 1 дүгээр багийн хүүхдүүд манай цэцэрлэгт суралцдаг.
Өнөөдөр танилцуулж буй зураглалаас харахад Дархан сумын 4, Өргөө багийн хүүхдийг авах юм байна гэж ойлголоо. Тэгэхээр Дархан сумын 5 дугаар багийн 400 гаруй хүүхдийг яах вэ?  Цэцэрлэгээсээ хасах уу?  Ажлын хэсгээс лавламаар байна.
Мөн зураглал дээр 4 дүгээр багуудад байруудыг зааж өгсөн байна. Манай үндсэн багийн байр болох 15, 16 дугаар байр алга байна. Төмөр замын 7, 8, 9 дүгээр байрны хүүхдүүд Улиасхан цэцэрлэгт хамрагддаг. Иймд төмөр замын байруудыг хасаад манай цэцэрлэгт хамрагддаг 15, 16 дугаар байруудыг хамран сургах тойрогт нь тусгаж өгөхгүй бол болохгүй.
18.    Т.Тулга Дархан сумын ИТХ-ын дарга:
Боловсролын байгууллага, эцэг эхчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг болох хамран сургах тойргийн асуудлаар ярилцаж байгаад талархаж байна.  
Шинээр цэцэрлэг, сургууль барих асуудал нэн тэргүүнд тулгарч байгаа ч хамран сургах тойргийн хүрээг барьж ажиллах зайлшгүй шаардлага байгаа нь хэлэлцүүлгээс харагдаж байна. Иймд аймаг сумын ИТХ-ын түвшинд шийдэх үү, Засаг даргын түвшинд шийдэх үү гэдгийг нарийн судалж, 8 дугаар сараас өмнө шийдвэр гаргана.
Дархан сумын ИТХ, ЗДТГ-аас Дархан сумын нутаг дэвсгэр дэхь багуудын хилийн заагийг 2014 онд тодорхойлсон. Энэ хүрээнд шинээр баригдаж буй байрууд аль багийн нутаг дэвсгэрт харъяалагдах нь тодорхой болж байна.
Шинээр сургууль цэцэрлэг барьж болох газруудыг Дархан сумын ИТХурал, ЗДТГ нь төрийн мэдэлд авч байна.
Хуучин сургууль цэцэрлэгийн зориулалттай барилгыг төр буцааж авахад бодит амьдрал дээр хүндрэлтэй байгаа. Иймд ашиглагдаагүй байгаа  байгаа анги танхимыг бүрэн ашиглах зорилгоор ашиглалтанд оруулж, хөрөнгө оруулалтуудыг хийж байна.  
Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулснаас үйл ажиллагаа сайжирч байна гэж үзэж байна.Туршлагууд маш сайн нэвтэрч байгааг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын тайлант өдөрлөгүүдээс харагдаж байна. Цаашдаа солилцооны хөтөлбөрийг ЕБСургуулиудад зохион байгуулах саналтай байна.

19. Тунгалаг Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгч арга зүйч:
Хамран сургах тойргоор хүүхдээ авах аймгийн бодлогыг хүндэтгэж, барьж ажиллахыг хичээдэг. Гэвч хамран сургах тойргоор хичээллэх нь учир дутагдалтай нь амьдралаас харагдаж байна. Энэ нь аймгийн хэмжээнд цэцэрлэг хомс байгаатай шууд холбоотой. Цэцэрлэгийн байгууллага нь үйлчилгээний байгууллага учир төрийн үйлчилгээг айл өрх бүрт хүргэх зорилгоор хүүхэд бүрийг авахыг хичээдэг. Ер нь цэцэрлэгийн нэг багш 25-30 хүүхэдтэй ажиллах стандарт байдаг. Гэтэл өнөөдөр 35-40 хүүхэдтэй ажиллаж байна. Хамгийн гол нь хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгөний асуудлыг бүрэн өгч байх шаардлагатай байна.
Шинээр барьж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгүүдийг анхнаас нь 150 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байх санал хэлмээр байна. Нэгэнт шинэ газар дээр гал тогоо бүхий цэцэрлэг барьж байгаа учир 150 хүүхдээр тооцож хүчин чадлыг нэмэх хэрэгтэй байна. 

19.    Т.Оюунчимэг Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн аргазүйч:
Дархан сумын 23 дугаар цэцэрлэг нь том талбайтай. Уг талбайг ашиглан 100 хүүхдийн өргөтгөл барина гэж хөгжлийн хөтөлбөртөө тусгасан. Ийм учраас өргөтгөл бариулах асуудлыг судлан шийдвэрлүүлж өгнө үү.










Л.Гүнчин Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга:

Ажил хэрэгч хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэг тодорхой саналуудыг хэлж байна. Та бүхний гаргасан санал, дэвшүүлсэн асуудлыг тэмдэглэн  эрх баригчдад хүргүүлнэ. Тодруулбал: Улсын их хурлын 2 гишүүн, аймгийн ИТХурын дарга, Засаг дарга болон аймгийн БСГазрын ажлын хэсэгт уламжилна. Ажлын хэсэг иргэдийн гаргасан саналыг нухацтай авч судлан,  сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Дарханы хувьд Нийслэлтэй харьцуулахад сургууль, цэцэрлэгийн ачаалал хүнд нөхцөлд ороогүй харьцангуй таатай байна. Энэ зуур онцлоход хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүд маань төрийн өмчийн сургуулийн ачааллаас үүрэлцэж байгаа.  Тэдэнд талархах хэрэгтэй. Хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилгыг гаргасан Б.Ганчулуун даргадаа амжилт хүсье. Идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%