Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв

2015-04-17

      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Дархан дахь салбар хамтран зохион байгууллаа.

  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж баталгаажуулахад орон нутгийн саналыг тусгах, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Нөлөөллийн захидал бичих, УИХ-ын эмэгтэй гишүүдэд тус хуулинд тусгуулах саналаа хүргүүлэх зорилгоор дээрхи хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

    Хэлэлцүүлэгт аймгийн ИТХуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, өрхийн эмч, хэсгийн цагдаа зэрэг нийт 40 иргэн оролцлоо.

       2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмууд батлагдан хэрэгжиж байгаа хэдий ч хуулийн зохицуулалт оновчтой бус, эрх бүхий байгууллагуудын эрх үүрэг, оролцоо хэт ерөнхий, салангид байгаагаас гадна хохирогчийг хамгаалах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх бүтэц байхгүй, холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн чадавхи сул, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалагдаж чадахгүй байгаагаас тус хуулийг шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж.

   ГБХТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн шинэлэг зүйл: 

      Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн иргэний маргааны хэмжээнд авч үзэж  байсныг өөрчилж  зөрчил гэж үзэж шийтгэл хүлээлгэхээс гадна гэмт хэрэгт тооцож ял ногдуулах холимог зохицуулалтыг оруулж өгсөн;
        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын  асуудлыг  Хууль зүйн сайдаар ахлуулсан салбар Зөвлөл хариуцахаар, мөн Боловсрол, Эрүүл мэнд,нийгмийн хамгааалал, соёл, хүүхдийн төлөө төр захиргааны төв байгууллага болон ИТХ, бүх шатны Засаг дарга  чиг үүргийг илүү нарийвчлан тодорхойлж,  харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг  холбогдох байгууллагуудад оногдуулсан;
      Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээний зохицуулалтуудыг  томъёолж,  хэрэгжүүлэгч субъект, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн  үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаарх зохицуулалтуудыг тусгасан;
         Хохирогчид үзүүлэх үйлчилгээ, хамгаалалтыг засаг захиргааны нэгжийн түвшинд засаг захиргааны нэгжид орон нутгийн Салбар зөвлөл, анхан шатны түвшинд сум, хорооны засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй, хамтарсан баг; дунд шатны түвшинд харъяалах яамдын оролцоо бүхий эмнэлэгт суурилсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Цагдаагийн мэргэшсэн нэгж хариуцахаар эрх үүргийг тусгасан.
         Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах асуудлыг тусгайлан авч үзсэн.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%