Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрдэм шинжилгээний хурал боллоо

2015-04-15

    “Дарханы ДЦС” ТӨХК-ийн 50 жилийн ойг угтаж “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны дөрөвдүгээр сарын 10-11–ний өдрүүдэд боллоо.

    ЭХЯ, Дарханы ДЦС ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас хамтран зохион байгуулсан энэ хуралд 80 гаруй эрдэмтэн, багш, инженер, техникийн ажилтан оролцож, 63 илтгэл тавьж хэлэлцүүлэв. Үүнээс 19 илтгэлийг шалгаруулснаас, Дарханы ДЦС ТӨХК –ны Дулааны хянах хэмжүүр-автоматикийн цехийн дарга, инженер З.Батмандахын (хамтран бичигч док.проф. Ц.Эрдэнэцэцэг), “ДЦС–ын автоматжуулсан системийн архитектор бүтэц, түүний дэвшлийн чиг хандлага” илтгэл 1-р байр, Монгол Улсын Зөвлөх инженер С.Болдсайханы ( ДЦС-3 ТӨХК, хамтран бичигч мэргэшсэн инженер У.Нямбаатар, Д.Бямбадорж, Ч.Мөнхбат ) “Нам температурын буцламтгай үет давхарга бүхий зуухын технологийг сайжруулах асуудлууд” илтгэл 2-р байр, Монгол Улсын Зөвлөх инженер М.Оюунбатын (Улаанбаатар ЦТС ТӨХК ) “6,10 кВ –ийн агаарын шугам дэд станцын шинэчлэлийн асуудал, тооцоо судалгаа” илтгэл 3-р байр тус тус эзэллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Академич, Шинжлэх ухааны доктор С.Батмөнх, академич, Академич, Шинжлэх ухааны доктор Д.Содномдорж, доктор Ж.Цэен-Ойдов, Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэндолгор, Ц. Эрдэнэцэцэг, Б.Мандах, Ж.Арслан нар ажилалаа.

    Түүнчлэн академич С.Батмөнх (хамтран бичигч докторант Б.Жаргалсайхан- ДТҮЭХ) “Эргэлдэх буцлах давхаргатай зуухны математик загварчлалын үр дүн” илтгэл, доктор Ж.Цэен-Ойдов “БКЗ -75-39ФБ зуухны бүтээмжийг 90т/ц болтол нэмэгдүүлэх асуудалд” илтгэл, доктор Б.Мандах “Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал, шийдлийн онцлог” илтгэлийг өөрсдөө тавьж хэлэлцүүлсэн нь сонирхол татаж байв.

    Хурлын үеэр Дарханы ДЦС–ын дарга асан, Хөгжил төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн дарга В.Даваажав (хамтран бичигч Дарханы ДЦС ТӨХК–ны гүйцэтгэх захирал О.Нямдаваа, Монголын эрчим хүчний Ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж) “Дарханы ДЦС –ын түүхэн замнал, сургамж, хэтийн төлөв” нэртэй зочин илтгэл тавив. Илтгэгч Дарханы ДЦС хөгжлийн нэн шинэ үе дээрээ яваа орчин үеийн дүр төрхтэй компани болсныг дурдаад Дарханы ДЦС –ын түүхийг үечлэн онцлог үеүдийг тодотгож өгчээ.

    Түүнчлэн Түлш, эрчим хүчний яамны сайд асан. шинжлэх ухааны доктор С.Батхуяг “Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдвээр зочин илтгэл тавьж, эрчим хүчний үйлдвэрлэлийн аюулгүй байдал болон эрчим хүчний хомсдолд орж, гадаад улс орноос эрчим хүчний хувьд хараат байдалд орж байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлээд Таван толгойд ДЦС –ыг нэн даруй байгуулах хэрэгтэйг онцлов. Монголын эрчим хүчний Ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, ШУА –ийн техник технологийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж хэлсэн үгэндээ энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд өндөр ач холбогдол өгч, эрдмийн чуулган болж байгааг тэмдэглээд ШУА –ийн Бага чуулганы 6 гишүүний 2 оролцож байгааг ( академич С.Батмөнх, академич Д.Содномдорж ) онцлон тэмдэглэв. Мөн академич Д.Содномдорж хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрдмийн баяр болж байна гэлээ.

    Дарханы ДЦС ТӨХК –ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хааж хэлсэн үгэндээ салбарын өмнө тулгамдсан олон асуудлаар мэдээлэл солилцсон, танилцаж харилцаа холбоогоо тэлсэн, өндөр ач холбогдолтой хурал боллоо хэмээн дүгнэв.

    ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Бат-Эрдэнэ хурлыг орон нутагт амжилттай сайн зохион байгуулсан Дарханы ДЦС –ын удирдлага хамт олонд талархал илэрхийлээд хурлын үр дүнг нэгтгэсэн Зөвлөмж гаргахыг санал болгов. Мөн шалгарсан илтгэлүүдийг “ Эрчим хүч ба инженеринг” сэтгүүлд хэвлүүлнэ гэв.

    Хурлын ажиллагаанд эрдмийн зэрэг цолтой, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн 2, шинжлэх ухааны доктор 3, боловсролын доктор 11, профессор, дэд профессор 11 хүн оролцов. Мөн Монгол Улсын Зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд, докторант, магистрантууд оролцлоо.

    Түүнчлэн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ШУТИС-ын Эрчим хүчний сургууль. ШУТИС-ийн Дарханы технологийн сургууль, ДЦС-4 ТӨХК, ДЦС ТӨХК-3, ДЦС-2 ТӨХК, ЭДЦС ТӨХК , ДСЦТС ХК, УБЦДС, Диспитчерийн Үндэсний төв, Хасу Меговатт, Баянхонгор ЭХ, БНЗӨБЦТС “Сэлэнгэ энерго” Дулааны Станц, Эрлдэнэтийн ГОК-ийн ДЦС, Монголын эрчим хүчний ассоциаци, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг нийт 17 байгууллагын төлөөлөгч оролцож, илтгэлүүдээ илгээжээ.

    Ирүүлсэн бүх илтгэлээр “Эрчим хүчний хэмнэлт,үр ашиг, дэвшилтэт технологи-2015” нэртэй эмхэтгэлийн номыг Дарханы ДЦС ТӨХК эрхлэн хэвлүүлсэн байна. Илтгэлүүдийн эмхэтгэл нь онолын болон практикийн ач холбогдолтой судалгааны үнэ цэнэтэй баримт, дүгнэлтүүдийг агуулсан тул эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд, судлаачдад гарын авлага болох юм.

     Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс доктор Ц.Өнөрмаагийн “ Төвийн бүсийн ЭХС –ийн хүчдлийн горим тохируулгад авсан арга хэмжээ үр дүн” илтгэл, Монгол Улсын–ын Зөвлөх инженер Ц.Цэрэндуламын “ ДЦС –уудын үр ашгийг дээшлүүлэх ба хуурмаг чадлын тариф” илтгэл, доктор Ж.Цэен-Ойдов (ШУТИС-ЭХС), МУ-ын Зөвлөх инженер Ц.Батбаатар, инженер Б.Батхүү (ДЦС-2 ТӨХК) нарын “ Нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлш шатаах технологийг ашиглах нь” илтгэл, доктор Бум-Аюуш (ЭХЗТЗХ), Ё.Энхтуяа( ЭХЯ), Б.Алтанцэцэг (ДДС ТӨХК), Монгол Улсын Зөвлөх инженер Г.Туяахүү (Дархан ДЦС ТӨХК) нарын “ Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” илтгэл, Д.Лувсанчүлтэмийн (ДЦС-4 ТӨХК) ”Турбиний конденсаторын хоолойг ажиллагааны явцад цэвэрлэх систем болон эргэлтийн усанд агуулагдах механик бохирдлыг зайлуулах шинэ технологи, тоног төхөөрөмжийн тухай” зэрэг илтгэлүүд тусгай байр эзлэв.

     Зарим илтгэгчид (нийт 6 илтгэгч) илтгэлээ ханын хэлбэрээр танилцуулсан бөгөөд тэдгээрээс Монгол Улсын Зөвлөх инженер В.Даваажавын (Дарханы ДЦС ТӨХК) “ Эрчим хүчний үйлдвэрт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, үр дүн” илтгэл; Л.Оюунчимэг,Б.Анхбаатар, Х.Даваасүрэн (ШУТИС ДаТС) нарын “ Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновчлолд ашиглах нь” илтгэл; Ж.Бат-Эрдэнэ (ШУТИС-ДаТС), П.Нансалмаа (ШУТИС-ЭХС), Х.Алтангэрэл нарын Дарханы ДЦС –ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчмийн судалгаа” илтгэл; Ш.Дуламсүрэн (ШУТИС-н ДаТС), Б.Мөнхбаяр (ЦДҮС ТӨХК), Б.Отгонцэцэг (ЭХЯамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн) нарын “Дархан-Сэлэнгийн бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах” илтгэл тус тус шагналт байранд шалгарав.
Хурал зохион байгуулагчдын зүгээс ажлын хэсэг байгуулж илтгэл хэлэлцүүлгийн үед гарсан гол оновчтой санал санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гаргах шийдвэр гаргав.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%