Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Дарханыхаа уулчинд амжилт хүслээ

2015-03-30

    “Эрүүл Монгол хайкинг” клубын тэргүүн, уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа “Эрүүл монголын төлөө хамтдаа” уриан дор Эверестэд авирахаар бэлтгэлээ хангаж байна. Тэрээр 2012 оны 5 дугаар сарын 19-нд Эверестийн оргилд авирч, эх орныхоо алтан соёмбот далбааг амжилттай мандуулснаар дэлхийн зулайд хөл тавьсан Монголын зургаан уулчдын нэг болсон юм. 

    Дарханы уулчин гэх эрхэм тодотголтой түүнд өнөөдөр /2015.03.30/ аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн амжилт хүсч, Дархан-Уул аймгийн тугийг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Батханжаргалант” ХХК-ийн хамтран бэлтгэсэн сэтгэлийн хандивын хамтаар гардуулан өглөө.
    2012 онд Эверестэд авирахаар явахдаа мөн Дарханыхаа тугийг мандуулж байсан. Энэ удаад ч мөн Дарханыхаа тугийг Эверестийн оргилд мандуулахаар аймгийн ИТХ-ын даргаас хүлээж авсандаа талархаж байсан юм.
    2012 онд тэрбээр бүтэн хоёр сарын хугацаанд Гималайн ууланд бэлтгэл сургуулилтаа хийж, хүнд бэрхийг туулжээ. Харин бэлтгэл хийсэн хугацаагаа хасвал Эверест рүү авираад буухад 8-10 хоног, кэмпүүд рүү авирахад гурав, буухад хоёр хоног гээд нийт 17-18 хоног зарцуулсан гэдэг.
     Одоо Б.Цэвээндаш ирэх дөрөвдүгээр сарын 6-нд замдаа гарч, 7-ны өдөр Непалд, 11-нд Эверестийн баазад очих юм байна. Эверестийн оргил руу Төвдийн талаас буюу хойд талаас нь авирах юм байна.  
      Тэрээр ярихдаа: -Эверестийн бодит амьдралыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийхэд энэ удаагийн авиралтын зорилго чиглэгдэж байна. Дээр нь Эверестийн талаар фото зургийн үзэсгэлэн гаргана. 2012 онд явж байхдаа би хоёр сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Одоо явахдаа ч гэсэн өдрийн тэмдэглэл хөтөлнө. Эдгээрийг нийлүүлээд Эверестэд авирсан хүмүүс, ахмад уулчид, монголчуудынхаа сэтгэгдлийг оруулаад ном хийх сонирхол байна гэв.

"Дээшлэх тусмаа л Эверест өөр ертөнц. Дээшлэх тусам ямар ч амьд амьтан байхгүй болж, цас мөс, хадан хавцал, мөсөн ангалууд угтаж эхэлдэг. Хүйтрээд, салхи сэвэлзээд хүнд болдог."

      Энэ удаагийн аяллын бас нэг онцлог нь 73 настай уулчин Т.Гүррагчаатай хамт авирах гэж байгаа юм байна. Түүхэндээ Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай уулчин нь 80 настай Японы уулчин байдаг аж.

        Тэрээр Дарханчууддаа хандан амжилттай авираад ирэхээ илэрхийлж, бүгдэд нь эрүүл энхийг хүслээ.




Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%