Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнөөдөр төлөвлөснөө гүйцэтгэж байж алсын зорилго биелнэ

2015-03-24

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай тус аймгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Өмнөхгүйгээр хойшхи гэж байхгүй. Тиймээс өнгөрсөн он аймгийн хувьд ямар он байсан бэ?

-Өнгөрсөн онд манай аймаг 51.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийлээ. Үүнээс орон нутгийн хөгжлийн сангийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалт дотроо бид эрчим хүчний, дэд бүтэцийн салбарууддаа чамгүй хөрөнгө оруулалт зарцуулж гүйцэтгэл нь өндөр төвшинд гарсан. Эдгээрээс олон жил тулгамдаж яригдсан иргэдийн хүсэлт байсан Малчин багийн “Хөтөл” хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрчит Цэнэг” компани хийж дуусган улмаар энэ сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Бид сар шинийн баярын өмнө туршилтын залгалт хийж тэнд байгаа айлууддаа баяраар нь гэрэл цахилгаантай болголоо. Удахгүй эрчим хүчний төвөөс ажлын хэсэг ирж ажилласан үед бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр Хөтөл хороололд нэмж газар олголтын ажил үргэлжлэх суурь тавигдлаа. Мөн “Хөтөл хороолол”-д бид газрын кадастрын зураглалыг хийж нийтэд газар олголтын асуудлуудыг шийдвэрлэснээр иргэд маань тийш нь суурьших боломж нээгдсэн.

-Бусад хорооллуудад цахилгаан эрчим хүчний асуудал хэр зэрэг шийдэгдсэн бэ? Ихэнх нь хангагдсан хэдий ч хүчин чадал нь дутагдалтай байдаг тухай яригддаг?

-Бидний төлөвлөж байгаагаар 2, 3 дугаар хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийн ажлыг 1.3 орчим тэрбум төгрөгөөр “Мон Энержи” компани чанарын өндөр төвшинд хийж өглөө. Ингэснээр 2 дугаар хороолол маань өмнө нь залгалттай байсан ч одоо найдвартай эрчим хүчээр хангагдах болсон. Мөн цаана нь байгаа 3 дугаар хороолол, авто тээврийн багзаалын хооронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, газар олголт, төлөвлөлтийн дагуу орчин үеийн шинэ нийтийн орон сууц барих бололцоо хангагдлаа. Энэ нь “Бурхан Хясаат”-аас татагдсан ажил. Түүнчлэн өнгөрсөн онд 2013 онд гүйцэтгэл хийгдээд улсын комисс хүлээж аваагүй, техникийн шаардлага хангаагүй байсан Бурхан Хясаатыг улсын комисс хүлээж авснаар Дархан-Уул аймаг сүүлийн 20-иод жилд эрчим хүчний хувьд эрчим хүчний дэд станц найдвартай ажиллах нөхцлөөр хангагдлаа. Улмаар Бурхант-Хясаатын энэ энэхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр Бидний төлөвлөж байгаа “Дархан” Зочид буудлын араар 251 айлын орон сууцны 25 дугаар хороололд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих боломж нээгдлээ. Энэ сард багтаж төсөл сонгон шалгаруулах замаар аж ахуйн нэгж байгууллагуудад орон сууц барих барилгын тусгай зөвшөөр олгож газар өгч эрчимжүүлнэ. Үүний өмнө “Алясти” компаниийн хөрөнгө оруулалтаар 2013 онд дулааны шугамын асуудлыг шийдэж цахилгаан нь шийдэгдээгүй байсан нь сая шийдэглээ. Ингэснээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан 5000 айлын орон сууцны хөтөлбөр цаашид биелэлээ олох боломжтой болсон.

-Хотоос алслагдсан хорооллууд цахилгаанаар хангагдахын зэрэгцээ бас дулаанд холбогдох төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Хаана хаана ийм ажил хийгдэх вэ?

-Дархан сумын 15 дугаар багийн нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэй 1.5 тэрбум төгрөгийн ажил өнгөрсөн онд хийгдлээ. Энэ мэт шинээр баригдах хорооллуудын дулаан хангамжийг найдвартай болгох үүсвэрийг нэмэх, Хабитат, Мангиртын гэр хорооллын айлуудыг дулаанд холбох ажлууд хийгдсэн энэ ажлыг “ЧМ” компани гүйцэтгэсэн. Энэ онд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж харьцангуй бага мөнгө 700 сая төгрөг тавигдсан. Сайдын багцад нэмж 1 тэрбум төгрөгт хүргэж тусгуулахаар орон нутгийн зүгээс хөөцөлдөн ажиллаж байна. Хэрвээ энэ бүхнийг амжуулж чадвал цаашид эрчимтэй хийх бүрэн бололцоотой болж “Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн тэнд 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах ажил, мөн Хятадын буцалтгүй тусламжаар баригдах 20 сургуулийн нэгийг нь бас Дархандаа бариулахаар яаманд хүсэлт тавьсан. Энэ бүхнийг хийхэд дулаан хангамжийн шугам талын нөхцөл бололцоо нь бэлэн болсон гэсэн үг.

-Аймаг өнгөрсөн жил авто замдаа багагүй анхаарал тавьж хуучин Дарханд олон улсын замд гардаг байсан түгжрэлийг чөлөөтэй болгосон. Үүнийг ямар хөрөнгөөр шийдсэн бэ?

-Үүнийг орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар өмнө нь иргэдийг ихээхэн бухимдуулдаг байсан шинээр гарч ирсэн өөрөө явагч авто машинуудын тоо эрс нэмэгдсэнээс үүдэлтэй замын түгжрэл “Монгол алт”-ны уулзварт бий болсон. Үүнийг зайлшгүй хийх ёстой гэдэг иргэдийн санал их дээгүүр орж ирсэн л дээ. Энэ ажлыг бид орон нутгийнхаа 560 орчим сая төгрөгөөр Дархан Дулааны сүлжээ компанитай хамтарч газрын доорх байгууламж шугам хоолойг өргөтгөн шинэчилж хийлээ. Үүнийг бид ил хэсэгт “Уулзвар төсөл”-ийг хэрэгжүүлж нэвтрэх чадварыг нь сайжруулж нэмэгдэл уулзваруудыг байгуулж өргөтгөсөн.

-Дархан хотыг гэрэлтэй хот гэдэг. Гэрэлтүүлгийн асуудлаа яаж шийдсэн бэ? Мөн хэд хрэдэн төсөл хэрэгжүүлж үр дүнд хүрсэн гэж ярьдаг. Энэ тухай тодруулна уу?

-Хотын гэрэлтүүлгийн ажлуудаа бид амжуулсан л даа. Энэ ажил сүүлийн 20-иод жил амжаагүй байсныг 40 орчим сая төгрөгөөр хотынхоо төвийг “ЛЕД” гэрэлтүүлэгтэй болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд “Авъяас”, “Ном” хөтөлбөрүүдийг орон нутагт бодит ажил болсон. Үүний үр дүнд Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын спортын салбарт гаргаж байгаа амжилтууд өндөр байлаа. Бид Чөлөөт бөхийнхөө заалыг засч тохижууллаа. Монголын хөгжмийн соёл урлагийг хүүхэд залуучууд түгээж дэлгэрүүлэх төсөл хөтөлбөрийг Залуучууд театрын уран бүтээлчидтэй хамтарч зохион байгуулсан. Түүнчлэн аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд үлээвэр найрал хөгжмийн шинэ хамтлагийг бий болгож ахмад багшаар удирдуулсан 30 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажилласнаар уг төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Мөн “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орчин үеийн спортын бүжгийн хамтлагуудыг дэмжиж “Ангиараа биелцгээе”, “Сургуулиараа биелцгээе” бүжгүүдийг түгээн дэлгэрүүлсэн ажил маань ихээхэн далайцтай улсын хэмжээнд яригдах ажил болж чадсан. “Ном” хөтөлбөрийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх хөрөнгө тавьж аймагтаа ном унших аяныг зохион байгуулж анги, хамт олноороо ном унших хөдөлгөөн өрнүүлж сайн уншсан хүүхдүүдээ бид “Д.Нацагдорж тэмдэгтэн”, сургууль хамт олонд номын сангийн нь фондыг нэмэгдүүлэх, урамшуулах, шалгарсан хүүхдэд нь мөнгөн шагнал олгох зэрэг ажлыг өргөн хүрээнд хийсэн. Эцэст нь 2014 онд Дархан хотын хэмжээнд дээрх хөтөлбөрийн хүрээнд нэр хүндийг олон улс, тив, дэлхийд нэрээ гаргасан тамирчин, хүүхэд багачууд, иргэдийг шагнаж урамшуулах, алдаршуулах ажлыг орон нутагтаа хийж гүйцэтгэлээ.

-Төрийн хийх ажлын заримыг нь төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх тухай их ярьдаг. Энэ талаар яаж ажиллаж байгаа вэ?

-Бид бүтээн байгуулалтаа их ярьдаг. Гэтэл цаана нь хүний хөгжил, соёл хүмүүжлийн ажлуудаа дутуу хийдэг байсан бол өнгөрсөн онд ихээхэн ахиц гарсан. Мөн залуучуд болон олон нийт, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч төрийн зарим чиг үүргүүдийг гүйцэтгүүллээ. Жишээ нь “Жишиг хороолол”-уудаа, гудамжны уралдаан, тэмцээн хийлгэж тэднээр дамжуулж хийсэн бүтээн байгуулалтуудаа хамгаалахад ахиц гарсан. Өнгөрсөн оныг эргэж дүгнээд харахад хүн ам өссөн, малын тоо толгой 42 мянгаар нэмэгдсэн, иргэдийн мөнгөн хадгаламж 9.8 тэрбум төгрөгөөр өссөн, аймгийн үйлдвэрлэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн 4 тэрбумаар өссөн, га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдсэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч Дархан-144 сортын улаан буудайг улсын нөөцөд авч 2015 онд үүнийгээ улсын хэмжээнд тариалахаар болсон. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг бүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн Дарханчуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм.

-Шинэ оны эхний улирал шувтарч байна. Энэ онд ямар гол зорилт дэвшүүлсэн бэ?

-Аймгийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, эдийн засаг, нийгэмд залуудын оролцоог хангах, боловсролыг нь дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд бид залуучуудын байгууллагуудтай хоёр ч удаа хэлэлцүүлэг хийсэн бол хувийн хэвшлийнхэнтэй уулзаж 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаараа баталж ажилдаа орсон. Тэхээр 2015 онд бид хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжиж улмаар хувийн хэвшилд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг болсон болоогүй журам заавраар ажлыг нь боймлохгүй ажиллахаар анхааралдаа авч байна. Банк болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар ажлын байр бий болгож шинээр үйлдэрлэл үйлчилгээ эрхлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжих бодлого барьж ажиллаж байна. Мөн өнгөрсөн онд хийж байгаад түр зогссон ажлуудаа гүйцээх шаардлага байна. Аймгийн маань жилийн нийт төсөв 54,4 тэрбум төгрөг байгаа бол энэ онд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 31 шинэ ажлын тендер зарлах ажлыг эхлүүлж энэ онд Худалдан авах ажиллагааны алба тендерийн ажлаа бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа.

-Аймгийн төсөв, түүний зарцуулалт бүх нийтэд ил тод байх ёстой гэж иргэд үздэг. Энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн  санаачилсан “Шилэн дансны тухай хууль”-ийг хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх ажлыг нийтэд ил тод нээлттэй байлгахын тулд улсын хэмжээнд тэргүүлэх зэрэг байлгахаар Санхүү, төрийн сангийн хэлтэс бусад холбогдох төсвийн захирагч нартайгаа гэрээ байгуулж дотоод хяналт шалгалт, мэдээ мэдээлийг их сайн гаргаж өгч явж байна. Зохион байгуулалтын томоохон ажлаас дурдвал замын газар шорооны ажил өнгөрсөн онд эхлэсэн 2.5 км-ийн урттай нэгдүгээр зэрэглэлийн замыг “Антентэй толгой”-гоор давуулаад “Монгол алт-ны уулзвартай холбож “Дархан” зочид буудлын хажуугар орж ирэх энэ ажлын асвальтан хучилтын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Үүнд 2.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж гүйцэтгүүлж байгаа үлдсэн санхүүжилтийг нь тухайн аж ахуйн нэгж өөрөөр нь гаргуулж энэ онд ашиглалтад хүлээж авна. Ингэснээр шинэ суурьшлын бүсүүд маань хатуу хучилттай замаар холбогдож тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн ая тухтай орчныг бий болгоно. Төмөрлөгийн үйлдвэрийн 134 айлын орон сууц эхнээсээ ашиглалтад орох болж байгаа. Энэ бүхэн манай аймгийн томоохон зорилтуудын нэг юм. Энэ бүхэнд орон нутгийн болон замын сангийнхаа багагүй хөрөнгө оруулалтыг ийш нь хийж байна.

-Дархан хотод барилга ихээр баригдаж байна. Тэдний ихэнх нь орон сууцны барилга байгаа. Хотын зах руу хувийн орон сууцууд баригдах болсон. Тэд бүгд дулаанаар хангагдах уу?

-Өнгөрсөн жилээс хийгдэж байгаа том ажил маань барилгажуулах ажил. Үүнийгээ улам бүр эрчимжүүлнэ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 3100 гаруй айлыг орон сууцанд оруулсан нь хувийн хэвшилд ажиллаж байгаа барилгын салбарынхны том бүтээлч ажил байлаа. “Төрийн Орон сууц корпораци” болон барилгын байгууллагуудаас төсөл сонгон шалгаруулах замаар газар олголт хийж барилга барих боломжоор хангана. Энэ онд эхлэх бас нэг том ажил бол Дархан сумын 15 дугаар багийн нутагт амины орон сууцны айлын барилгын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн онд “Бурхант Хясаат” компани 6.3 тэрбум төгрөгийн ажлыг иргэдийн өөрсдийнх оролцоотойгоор инженерийн дэд бүтэц шугамын ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй хийж  өвөл болсон учраас түр зогссон ажил одоо эхлэх гэж байна. Энэ онд 251 айлын хамгийн орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу баригдах хороолол босно. Эдгээрээс 60 орчим айлын газар үлдсэнийг Дархан хотын иргэд авч ая тухтай орчинд хувийн орон сууцтай болохыг хүсэх байна. Нэг айл 24 сая төгрөгийн инженерийн дэд бүтцийг зардлыг гаргах бол газар нь үнэгүй олгогдож байгаа.

-Дархан хотод нийтийн тээврийн үйлчилгээ хэр зэрэг явж жигдэрч байна вэ? Хотын захын гэр хороолол руу явдаггүй, зам муу гэж иргэд шүүмжилдэг?

-Том оврын автобусаар үнэгүй зорчих ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хөнгөлөлтийг яамдуудад тавьж шийдвэрлүүлсэн. Үүнд хоёр аж ахуйн нэгжийг өрсөлдүүлэх замаар нийтийн тээврийн үйлчилгээг явуулж байна. Бид гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулахын тулд замын сангийн хөрөнгө оруулалтаар Дэрээвэнгийн зам засварыг цаашид үргэлжлүүлнэ.

-Сумдад чухам ямар ямар гол ажил хийгдэх бол?

-Сумдын хөгжлийн асуудал анхаарлын төвд байдаг. Дархан хотын төвийн гэрэл, гэрэлтүүлгийг бүрэн хийсэн бол энэ онд гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг 300 гаруй сая төгрөг зарцуулж хийнэ. “Дархан хөгжлийн загвар хот”-ын хүрээнд тохижилтыг хорооллуудаа үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ онд бид Дархан сумын 9, 10 дугаар багийн нутагт 1.1 тэрбум төгрөгөөр “Жишиг хороолол”-оо 7 цэгт хийж иргэдэд нь хүлээлгэж өгнө. Шарын гол суманд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр эхлэсэн 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байрын ажлыг энэ онд гүйцээх бол хогийн цэг, дөрвөн байрын дээврийн засварыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хонгор сум энэ жил орон нутгийн хөгжлийн сангаар сумын төвийн засварын ажлуудыг багц болгон тавьж “Жишиг сум” болох зорилт тавин ажиллаж байна. Орхон сум өнгөрсөн онд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийнхээ засварын ажлыг бүрэн хийсэн бол улсын төсвийн хөрөнгө 1.5 тэрбум төрөгөөр сумын төвийн цэвэр, бохир усны шугам хоолойг бүрэн засварт оруулсан. Эднийх улсын төмс, хүнсни й ногооны хэрэгцээний 18 хувийг дангаараа хангадаг. Тиймээс эднийх ногооны талбайн усжуулалт, хашаажуулалтыг эрчимтэй сайн хийж байгаа. Мөн төрийн ажил үйлчилгээг сайжруулах ХБНГУ-ын төсөл хэрэгжүүлж энэ жил Сертификат авахаар ажиллаж байгаа зэрэг олон ажлыг амжуулж байна” гэв.

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%