Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авлаа

2015-03-12

     Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооноос санаачилан аймгийн Иргэний Танхимд зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийн үеэр гаргасан зарим саналыг хүргэж байна.
Хэлэлцүүлгийг санаачилагч, аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ
 Бид одоог болтол сонгуулиар ялсан аль нэг намын мөрийн хөтөлбөрийн дагуу байшин будах, гаднах талбайг тохижуулах, хонгилын шугам солих, зам засах гээд хотод хийгдэж байдаг л нэг хэвийн асуудлуудыг шийдвэрлэсээр ирсэн. Дархан хот нь гэр хорооллоор бүслэгдэж, утаан дотор амьдарч байна. Хөгжлийг тодорхойлсон томоохон ажлын байр, хөтөлбөр төслүүд алга, нийслэл Улаанбаатартай холбосон ямар нэгэн тээврийн асуудлыг шийдвэрлэсэн зүйл алга. Нэг талаас болохгүйн зовлон олон байгаа ч, нөгөө талаас бид Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийг эртнээс хийж, анхаарахгүй бол хойч үедээ ямар хотыг өвлүүлэх гээд байгаа нь эргэлзээтэй байна.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАЯ.

Ш.Эрдэнэбат /Авто тээврийн Үндэсний төвийн Дархан салбарын дарга/
1. Өнөөдөр бид Дархан хотын иргэд хэмээн өөрсдийгөө ярьж байгаа боловч сумын иргэд шүү дээ. Дархан хот болгох статусын асуудлыг хэрхэн шийдэх вэ? Багануур, Налайх шиг хот болох асуудлыг ярих хэрэгтэй байна.
2. Дархан хот 96000 хүн амтай гэж илтгэлд дурьдагдлаа. Гэтэл Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын иргэд орон сууц худалдан авч, манай хотод суурьшиж байна. Тэд нийгмийн, эрүүл мэндийн үйлчилгээг Дарханаас авч байна. Тэгэхээр аймгийн хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд хот төлөвлөлтийн асуудлыг авч үзэх цаг нь болжээ.
3. Хот төлөвлөлт зөвхөн орон сууцны асуудал биш юм. Татварын баазаа нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, тэдгээрийг хаана байршуулж, газар олголтыг хаана хийх вэ гэдгийг нарийн тооцох шаардлагатай байна.
4. Онгоцны буудал, метро зэрэг олон сайхан мөрөөдөл ярьж байна. Энэ бол зөв. Гэхдээ эхний ээлжинд нийтийн тээврийн асуудалд онцгой анхаарая. Ер нь Дархан-Уул аймаг тээврийн асуудлаар бодлогоо тодорхойлж, аймгийн ИТХ-аар батлуулах шаардлагатай. Бидэнд гарт барих тээврийн бодлого байхгүйгээс маш олон төвөгтэй байдлууд үүсч байна. Жишээ нь: Улсын төсвийн хөрөнгөөр барьсан автовокзалыг ашиглах гэхэд бөөн асуудал үүсч байна.
5. 2050 он хүртэл төлөвлөж буй асуудлуудаа үе шаттайгаар төлөвлөж, нэн тэргүүнд хүн амын судалгаа хийх хэрэгтэй байна.
САЛБАР БҮР ДАГНАСАН СУДАЛГААНЫ АЖЛУУДЫГ САЙН ХИЙЖ ЭХЭЛЬЕ

 Б.Жаргалсайхан /Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга/:
 - Эрдэнэбат даргын хэлсэн санал дээр нэмж хэлэх санал байна.
     Аймгийн ЗДТГ-ын зүгээс тээврийн бодлогыг өөрсдийн хэмжээнд барьж ажиллаж байна. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллагуудын оролцоо өндөр байх ёстой. Тээврийн салбарынхан тээврийнхээ бодлогыг гаргаж ирмээр байна. Бодлого боловсруулах үйл явцад мэргэжлийн сургуулиудыг  оролцуулж байх нь зүйтэй. Салбар бүр дагнасан судалгааны ажлуудыг сайн хийх шаардлагатай байна. Энэ ажил энэхүү хэлэлцүүлгийн дараагаас эхэлнэ гэж харж байна.
  Хотын соёл, хог, хот төлөвлөлт гээд нарийвчлан ярьвал үр дүнтэй болно. Төрөөс гаргаж байгаа мэдээлэл нь хязгаарлагдмал учир их дээд сургуулиудтай хамтран хотын хөгжлийн асуудлаар чиглэл чиглэлээр судалгаа хиймээр байна.

АЛИВАА ХОТЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛ ЮМ.

С.Галбадрах /Дархан хотын оршин суугч, Дарханы Технологийн сургуулийн багш, доктор/
Чухал асуудлаар хэлэлцүүлэг хийж байгаад талархаж байна. Нэмэлт саналууд байна.
1. Хотоо төлөвлөж, хотын иргэн болсноороо хотын соёлыг төлөвшүүлдэг. Иймд Үндсэн хуульд засвар оруулж, хотын статусыг эргэн сэргээх нь зүйтэй. Хотын хүн амын тоо, улс орны нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг харгалзан үзвэл энэ шаардлага зүй ёсных юм. Хотын оршин суугчдын үндсэн эрх зөрчигдөж байгаа юм. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулинд хотын иргэд хотын удирдлагыг шууд сонгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хотын захирагчаа шууд сонгож, хотын захирагч мөрийн хөтөлбөр дэвшүүлж, хотынхоо хөгжлийн талаар урт удаан хугацааны зорилго дэвшүүлж, хотын зөвлөлийн гишүүд / манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид/  гэх мэт чухал заалтууд хязгаарлагдсан байгаа юм. Дархан хотын орон зай үгүйлэгдэж байна. Өнгөрсөн онд маш олон хэлэлцүүлэг хийгдсэн Дархан хотын дүрмийн тухай асуудал яригдсан. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Дархан хотын иргэдээс 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл санал авч, цаашид холбогдох шатны байгууллагад өргөн барина. Энэ бол амин чухал асуудал. Ингэснээр бид Дархан хотынхоо хөгжлийг удирдлагаас нь эхлээд зөв сонгож, зөв төлөвлөж ажиллах юм.
2. 2008-2021 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө байгаа гэж хэллээ. Тэр төлөвлөгөө бий. Гэхдээ тэрхүү төлөвлөгөө нь холыг харсан төлөвлөгөө байж чадсан уу гэдэг нь асуудалтай. Тэр төлөвлөгөөг барьж ажиллаж байгаа гэж ярьлаа. Яаж барьж ажиллаж байгаа нь бас эргэлзээтэй. Тэр төлөвлөгөө сейфэнд байгаа.  Уг төлөвлөгөөг шинэчилж боловсруулах шаардлага тавигдаж байна.
3. Аливаа хотын хамгийн чухал зүйл нь боловсон хүчний асуудал юм. Бусад улсын жишээнээс харахад өрсөлдөх чадвартаа өндөр боловсролтой мэдлэг чадвар бүхий хүмүүсийг татан авах өөрөөр хэлбэл оюуны урсгалыг татах гарцаа хамгийн ихээр чухалчилдаг. Боловсон хүчнийхээ оюуны нөөцөд тулгуурлан техник технологоо сайжруулж, улмаар хотоо хөгжүүлдэг. Манай аймагт шинжлэх ухааны парк байгуулах маш чухал заалт тусгагдсан. Манай аймагт оюуны өндөр багтаамж бүхий үйлдвэрлэл хөгжүүлэх боломж нөөц бий. ШУТИС, ХААИС, Анагаах зэрэг сургуулиудаа дагаад гарааны компаниуд бий болно. Эрдэмтэн судлаачид ажиллана. Бусад судлаачдыг үйлдвэр технологийн паркад ажиллуулах боломжтой. Тэгэхээр оюуны өндөр чадамж бүхий иргэдийг бэлтгэх асуудал хамгийн түрүүнд яригдана. Энэ чиглэлээр их дээд сургуулиуд тодорхой хүрээнд ажиллаж байна.
5. Тодорхой концепц бидэнд хэрэгтэй байна. Концепцгүйгээр том том мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Гэтэл цаана нь хотын хөгжлийг төлөвлөсөн концефц төлөвлөгөө шаардлагатай байна гэдгийг энэ хэлэлцүүлэг харуулж байна. Энэ асуудалд хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс илүү их санаачилга тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

ДАРХАН ХОТЫГ 2021 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ
СЕЙФЭНД БАЙДАГ ГЭЖ БУРУУ ОЙЛГОЖ БАЙНА.

Д.Батжаргал /Аймгийн Захирагчийн албаны дарга/
Галаа докторын шүүмж санал дээр тайлбар хэлмээр байна.
Дархан хотыг 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг сейфэнд байдаг гэж буруу ойлгож байна. Дунд хугацааны хөтөлбөрийг үндэслэж, улс төрийн намууд болон засгийн эрх авч байгаа орон нутгийн удирдлагууд мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Ингэснээр тус хөтөлбөр хэрэгжиж яваа юм.
Дархан хотын статусыг сэргээх асуудал нь бидний өдөр тутмын мэтгэлцээний сэдэв. Үндсэн хуулинд өөрчлөлт орохгүй бол Дархан хот хот биш Дархан-Уул аймгаараа явна. Үнэхээр хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, ЗЗНДНТУТХуулиуд хоорондоо зөрчилдөж байна. Тийм учраас бид аймгаараа яваа. Ер нь бол Хотын хөгжил суурьшлийн бүс бий болгох асуудал нь аймаг, хотоосоо шалтгаалахгүй гэсэн хувийн бодол байна. Энэ хотод амьдарч байгаа хувь хүний хөгжилтэй хотын хөгжил холбоотой. Иймээс бид Дархан хотын иргэн гэж ямар хүн байх, Дархан хотын төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд оршин суугчид ямар дүрмээр яаж амьдрах талаар судалгаа явуулж байна. Хотын иргэдийн ухамсараас үүдэн хийсэн бүтээн байгуулалтууд эвдэрч байна.
Дархан хотын нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд нэг дүрмээр амьдрах шаардлагатай гэж хувьдаа бодож байна.

АЙМГИЙНХАА ХИЛИЙН ЦЭСИЙН АСУУДЛЫГ ДАВХАР ШИЙДМЭЭР БАЙНА

О.Нямдаваа /ДДЦС-ийн Гүйцэтгэх захирал/
Чухал хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна.
1. Хотын статусын сэргээхийг би хувьдаа дэмждэг. Бид аливаа зүйлийг төлөвлөхдөө хууль эрхзүйн зохицуулалтанд нийцсэн байх ёстой гэдэг. Тэгэхээр хотын статусыг сэргээхийн тулд өнөөдрөөс ажлаа эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Энэ асуудлыг ярихдаа хилийн цэсийн асуудлыг давхар шийдмээр байна. Манай аймгийн хилийн цэсийн асуудал Хараа голоор хязгаарлагддаг. Суурьшлийн бүс оновчгүй болчихсон. Хараа голынхоо цаана байгаа иргэд Сэлэнгэ аймгийн газар нутагт амьдарч байна. Том хотууд ихэвчлэн голуудыг түшиглэж баригдсан байдаг. Орхон голын хөндий рүү суурьшлийн шинэ бүсийг барих саналтай байна. Усны хангамжийн асуудал маш чухал.  Орчин үеийн технологийг хэрэгжүүлж ажиллахад ус бохирдох асуудал гарахгүй.
2. Дэд бүтэц түрүүлж хөгжих ёстой. Дэд бүтцийг хөгжүүлэхдээ тунелийн системтэй хослуулж хөгжүүлэх ёстой. Тунелийн систем нь метротой хамт хөгждөг.
3. Эрчим хүчний алдагдалгүй технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Алдагдалгүй технологи нь агаарын бохирдлын асуудлыг давхар шийдэж байдаг юм.
4. Дархан хотод хөрөнгө оруулалтыг татах орчинг бүрдүүлэх асуудлыг нарийн судлах шаардлагатай. Үүнийг нарийн нягт бодох ёстой.
5. Ложистикийн асуудал яригдах ёстой. ДДЦС хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага байна. Судалгааны баг ирээд 200 мегаватт хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлэе гэхэд манай ложистикийг голж байна. Манай эргэн тойрны бүх газар хувьд очсон байна. Энэ асуудлаа та бүхэн шийд гэж байна. Ложистикийн асуудлаа маш сайн бодож баймаар юм байна.
6. Хотын хүн амыг өсгөх асуудлаар санал оруулмаар байна. Аливаа хотын хүн ам 500-аас даваад явчихвал хот нь маш хурдтайгаар хөгжиж эхэлдэг. Энэ бол хүчирхэг хотын нэг том үзүүлэлт болдог. Хүн амыг нэмэгдүүлэх бодлогыг механикаар дэмжиж, нүүлгэн шилжүүлж ирье. Таатай нөхцлийг ард иргэдэд үзүүлэх бодлого барих хэрэгтэй.
Дээрхи саналуудыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд маш сайн сайн судалгаа хийгдэх шаардлагатай. Судалгаанд суурилсан ажил үр дүнд хүрэх нь илүү байдаг.

ХОТ ТӨЛӨВЛӨХӨД ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ НЬ ХИЛ ХЯЗГААР

Д.Эрдэнэбаяр /Архитектор/
Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аймгийн Иргэний Танхимынханд талархал илэрхийлье.
Миний хувьд хот төлөвлөлтийн асуудлаар 2 дахь удаагийн хэлэлцүүлэгт оролцож байна. Хот байгуулалтын зураг төслийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байна. Ажиглагдаж байгаа, хэлэх саналууд олон байдаг.
Иргэний Танхимд аливаа хэлэлцэж байгаа асуудлыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим баримтжуулж, түүх болгож хадгалах хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад олон нийтийн оролцоо чухал гэж ярих болсон. Энэ хэлэлцүүлэг ч мөн оролцоог хангасан чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.
1. Хотын хөгжил гэж ярихад хамгийн түрүүнд зураг байдаг. Дархан хотыг ямар чиглэлээр хөгжүүлэхийг харуулсан зургийг хотын ерөнхий архитектор бидэнд танилцууллаа. Дархан хотын эхний 2 ерөнхий төлөвлөгөөг Оросууд хийсэн. Оросууд барьсан. Өнөөдөр бид зах зээлд орчихоод өөрсдөө зураг хийсэн. Хийсэн зураг маань шаардлага хангахгүй сейфэнд байна гэж шүүмжлүүлж байна. Зургийг тогтмол өөрчилж, байнга хөгжүүлж ажилладаг юм билээ.
Хот байгуулалтын зураг төсөвт хот хөрөнгө зарж байх ёстой. Дархан хотод хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мөнгө байхгүй гэж сонссон. Яамнаас мөнгө гаргаад хийе гэхээр эндээ учир зүйгээ олохгүй байна. Хотын хөгжлийн зураг төсөвгүй юм чинь Дархан хот маань яаж хөгжих юм бэ.
2. Хот болох аймаг болох ялгаагүй гэж хэлж болохгүй. Маш их ялгаатай. 2004 онд хот болох нь зөв юм гэж Дарханы иргэд саналаа хүргүүлсэн. Нам улс төртэй холбоотой. Ард түмэн Дархан хот болгох санал нэгтэй байдаг.
3. Хот төлөвлөхөд хамгийн чухал асуудал нь хил хязгаар. Дархан хотын хил хязгаар тулчихсан. Ийм учраас хил хязгаарын асуудлыг эхэлж ярьж, дараагаар нь хотын хөгжлөө ярих ёстой юм.
4. Хүн амын тоог хязгаарлахгүй бол болохгүй. УБ хот хүн амын даац хэтэрсэн машин техник нь багтахгүй. Утаатай хот болсон. Хотын иргэн хотын татвар төлдөг хариуцлагатай иргэн байх ёстой. Түүнээс биш Ховдын хороолол, Увсын хороолол гэж хашаа бариад хороолол үүсгэж амьдрахыг хэлэхгүй.
5. Дэд бүтэц маш их хуучирсан. Үйлдвэрт хэрэглэж байсан дулааныг орон сууцанд хэрэглэж байна. Хэрэв үйлдвэрүүд хөгжөөд ирвэл орон сууцнууд дулааны хомсдолд орно. Цахилгаан ч мөн ялгаагүй. Үүнийг давхар бодолцож байх ёстой.
6. 20 жил тутам тухайн хотын хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ 2 дахин өсдөг бичигдээгүй хуультай. Би 1985 онд Дархан хотод ирсэн өнөөдөр 2015 он 30 жиийн хугацаанд Дархан хотын хүн ам, нутаг дэвсгэр 2 дахин өсчихсөн байна. Үүний үр дагавар хор холбогдлыг хэдэн цаг ярих болно.
7.  Дархан хотод онгоцны буудал хэрэгтэй байна. Яг одоо шаардагдаж эхэлж байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүд Дарханд онгоцоор буух гэтэл онгоцны буудал байхгүй. Хайж хайж урд толгой дээр талбай олж бөөн ажил болж буулгасан. Онгоцны буудал баталионд байсан. Гэтэл одоо гэр хороолол болчихсон. Ноён Хонгорын урд энгэрт онгоцны буудал байсан. Одоо хурдан морины зам болсон. Удахгүй наадмын талбай болно гэсэн. Тэнд Брежнев дарга бууж байсан түүхтэй. Хонгорт олон улсын шаардлага хангасан онгоцны буудлыг Оросууд төлөвлөсөн байдаг. Гэтэл тэнд одоо Хонгорынхон газар олгоод эхэлчихсэн байгаа шүү.
Онгоцоо бид нар хаана буулгах уу? Үүнийг хотын төлөвлөлтөнд тусгах шаардлагтай байна.
8. Авто замын асуудлыг тээврийн дарга хөндөж байна. Зун нь замаа хучаад сайхан болгочихдог. Өвөл нь НААҮГ-ынхан хөлдөөж байгаад нүдчихдэг. Тэнд өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан шүү дээ. Ганц сайхан цас цэвэрлэдэг машин авч болдоггүй юм уу. Гэтэл айлын хашаанд цас цэвэрлэдэг төхөөрөмж хийчихсэн байна шүү дээ. Санаачилгатай ажиллая.
9. Аж Үйлдвэрийн парк байгуулна гэж олон жил ярилаа. Дархан хотод 5 хүдрийн үйлдвэр ажиллаж байна. Гэтэд тэд Дарханд харъяалагддаггүй Улаанбаатарт харъяалагдаж, хамаг татвараа Улаанбаатарт өгдөг байх жишээтэй. Яахаараа  Дарханд үйлдвэрээ барьж, Дарханы дэд бүтэц хэрэглэчихээд Дарханы хөгжил цэцэглэлтэнд татвараа өгдөггүй юм бэ. Барилга нь ашиглалтанд ороход манай комисст явсан аймгийн захиргааны хүн: -Чи яахаараа татвараа манай аймагт өгдөггүй юм гэж асууж байсан.  Үүнийг л аймгийн удирдлагууд шалгаж, үйлдвэрүүдээ цэгцлэхгүй юм бол Аж үйлдвэрийн парк байгуулна гэж яриад байж болохгүй.

ГАЗАР ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙХДЭЭ ТУХАЙН ГАЗАРТ ТОХИРОМЖТОЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
ХИЙЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ


П.Содгэрэл / ХААИС, Инженерийн тэнхимийн эрхлэгч/
ШУ-ны үндэслэлтэйгээр үйлдвэрлэлийг явуулах талаар ярьж байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн саналыг хэлэе.
1. Газар төлөвлөлтийг хийхдээ тухайн газарт тохиромжтой байдлын үнэлгээ хийж байх нь зүйтэй. Нийгмийн зориулалттай барилга байгууламж ялангуяа сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг төлөвлөхдөө 3 үнэлгээг заавал хийж байх шаардлагатай байна. Тодруулбал:
- Хэрэгцээт байдлын үнэлгээ. Сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгийн хэрэгцээ байна уу гэдгийг заавал судлаж байх
- Хөрсний хувьд,  агаарын хувьд, ургамлын хувьд тохиромжтой байгаа эсэх
- Хотын норм стандартад нийцэж байгаа эсэхийг заавал судлах ёстой. Төлөвлөлт шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж байгаа нь эргэлзээтэй байна. Дэвшилтэд технологиуд нэвтэрсэн байна. Үүнийг ашиглаж байх нь чухал байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийж,  нөөц боломжийг судласны дараагаар  газар олголтыг хийж байх нь чухал байгаа юм.
2. Орон зайн мэдээллийн дэд системийг байгуулах шаардлагатай байна. Улсад хийгдээд эхэлсэн энэ ажлыг нэвтрүүлэхэд идэвхитэй ажиллая. Хот төлөвлөлт уул уурхай эдийн засгаа хөгжүүлэхэд энэ талын мэдээллээр бүрэн хангаач ээ гэж хэлэх байна.
3. Сүүлийн жилүүдэд орон сууцны зориулалттай газар олголт маш их нэмэгдэж байгаа нь гэр бүлүүдийн ая тухтай аюулгүй орчинд бага анхаарч байна гэж хэлэх байна. Хүн амыг чанартай орон сууцаар хангахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Дархан хотын барилгажилтын бүрхэцийн судалгаагаар барилгажилтын бүрхэц 20-оос бага хувьтай гэж заасан байдаг. ОХУ-д 15-аас бага байх ёстой гэж үздэг. Хуучин хороололд 19, шинэ хороололд 21, хээтэй хороололд 20, микр хороололд 21 хувьтай байна. Норм дүрэмд оччихсон. Төлөвлөлт хийхдээ маш сайн анхаармаар байна. Иймд хот төлөвлөлтийн норм дүрэм хэр зэрэг эвдэгдэж байна вэ гэдэгт үнэлгээ хийлгэх саналтай байна.
4. Орон сууцны хороолол дунд баар, караоке байхад иргэд дургуйцдаг. Энэ бол хориглох ашиглалт байх ёстой.  Орон сууцны хороолол дунд өрхийн эмнэлэг байх ёстой. Нэгдсэн эмнэлэг байж болохгүй. Ашиглалтын горимыг тогтоох хэрэгтэй байна. Төлөвлөлтийг хийхдээ орон зайн анализ дүн шинжилгээний дэвшилтэд аргыг ашигламаар байна.
5. Дархан хотын хогийг ландфилийн аргаар зайлуулах бүрэн боломжтой. 5 га газар шаардлагатай. Судлаж үзэхэд нийт 15 газар байна. Эдгээр 15 газарт л хогийг булж устгахад тохиромжтой. Өөр газар тохиромжгүй. Хэрвээ өөр газар төлөвлөчихсөн бол нийгмийн болон амьдрах орчинд хор хөнөөлтэй гэдгийг хэлэх байна. Мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтарч ажиллах санал тавьж байна.
6. Эрсдлийн бүс нутгийг илрүүлэх ёстой.  Хотоос гадна Дархан-Уул аймагт цөлжилт асар их нэмэгдэж байна. Цөлжилтөнд нэрвэгдэх магадлалтай газрыг илрүүлж болно. Аль хүчин зүйл цөлжилтөнд их нөлөөлж байгааг нь илрүүлж, төлөвлөлтийг хийх ёстой. Ингэснээр ойжуулах хүсэлтэй иргэнд уг газрыг өгөх маягаар асуудлыг шийдвэрлэх гарц байна.
7. Дарханчуудын үеийн үед онцлон хайрлаж, хадгалан хамгаалах газар нутаг, эко бүсийг олж илрүүлэн, хамгаалалтанд авч, ашиглалтын горимыг тогтоосон уу. Хэрвээ тогтоогоогүй бол энэ ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлж байна. Энэ бол эко туризм хөгжих боломж юм.
Хариулт: Д.Элдэвсайхан /Аймгийн Ерөнхий архитектор/
Содгэрэлийн асуултанд хариулая.
1. Ойлголцлын зөрүү байх шиг байна. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг ямар нэгэн үндэслэлгүй таамгаар хийж байна гэдэг асуудлыг хөндлөө. Тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага тухайн аймаг орон нутгийн ерөнхий төлөвлөгөөг эхлээд боловсруулдаг. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслээд хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулдаг. Бас хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслээд газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулдаг. Тухайн жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулдаг. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авсан байгууллага хийж гүйцэтгэдэг. Төрийн байгууллага саналаа өгдөг. Газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийт иргэдээс санал авч, боловсруулсны үндсэн дээр боловсруулдаг юм.
2. Хотын суурьшлийн бүсэд нэмж барилга баригдаж байна гэсэн байна. Ер нь Дарханы суурьшлийн 2 дугаар бүсийг тойруулаад дахин 8 хороолол төлөвлөсөн. Төв дотор барилга барих биш шинээр хорооллуудыг төлөвлөж барих бодлого барьж байна. 8 хорооллын төлөвлөлтөнд үндэслээд инженерийн дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлээд явж байна. Дархан сумын 9, 10 дугаар багийн 11, 12 дугаар хороолол болон 14 дүгээр багийн 6 дугаар хороололд инженерийн шугам сүлжээний асуудал 100 хувь шийдэгдэж байна.

ДАРХАН ХОТОД СОЁЛЫН ХУВЬСГАЛ ХИЙЕ

  Ё.Вандансүрэн / “Шар нуруу” ХХК-ийн зөвлөх/
Ямар сайхан хотууд элсэн дунд байгуулагдсан байгааг та бүхэн харж байна. Дархан бол маш сайхан газар. Бидэнд ёс суртахуун, соёл дутсанаас манай хотхөгжихгүй байна. Юуны өмнө хотын соёлыг анхаарая. Мэндлэхээс эхлээд хогоо хаяхгүй байхаас эхэлмээр байна. Ёс суртахуун нийгмийн дархлаа. Ёс суртахуунгүй эх орон, ёс суртахуунгүй сайд байна. Ёсзүйтэй байсан үед юуг ч хийж болно.
Иймд Дархан хотын дүрмийг батлаж, уг дүрмээр Дархан хотод оршин суухаар шилжин ирж буй иргэн нь:     
1. Ажлын байртай болсон байх
2. Орон сууцтай байх
3. Данс нээсэн байх 3 тодорхой шаардлагыг тавьж, эмх цэгцэнд оруулая.
Дархан хотод соёлын хувьсгал хийе. Шударга байдал хэрэгтэй байна. Аливаа зүйлийг бодитоор нь тусгаж дүгнэж байх нь чухал байна. Худал ярих нь хэтэрч байна. Манай улс 18,9 миллиард долларын өртэй болсон байна. ЭНэ бүх бусармаг үйлдлийг залуучууд дуугуй суугаад байж болохгүй ээ. Залуучууд энэ бүгдэд анхаарал хандуулж соргогоор хүлээж авах цаг иржээ.

ХОТЫНХОО СТАТУСЫГ ЗӨВШӨӨРҮҮЛЧИХЭЭД ДАРААГИЙН АСУУДЛЫГ ЯРЬВАЛ ИЛҮҮ ДӨХӨМТЭЙ

Л.Нарантуяа  /Судалгаа хөгжлийн эрдмийн академийн Дэд тэргүүн/
Дархан-Уул аймгийг Дархан хот болгох тухай асуудлыг шинжлэх ухааны үндэстэй нотолгоон дээр суурилсан суурь судалгааг хийсэн.
Албан ёсны бичиг баримтад Дархан-Уул гэдэг ч нийтээрээ Дархан хот гэж ярьдаг. Нэр томъёоноос эхлээд болохгүй байгаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирэх зорилгоор нийт судлаачдын дунд онол практикийн хурал зарласан.
 Хотын дүрэм, хотын хөгжил, хотын цэцэглэлт, 2050 гэж ярихаасаа илүү эхлээд хотынхоо статусыг зөвшөөрүүлчихээд дараагийн асуудлыг ярьвал илүү дөхөмтэй гэсэн санал байна.


ХОТЫН ХӨГЖЛИЙН ХУУЛЬ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ БИДНЭЭС ОЛОН ЗҮЙЛИЙГ ШААРДАЖ БАЙДАГ

н.Жаргалсайхан / Аймгийн Ерөнхий архитектор асан/
Тодорхой хугацаанд Дархан хотыг хөгжүүлэх асуудалд гар бие оролцож явсан. ЗХУ-д Дархан хотын 2 дахь ерөнхий төлөвлөгөөг хийхэд гар бие оролцож явсан.  Дархан хот хэрхэн хөгжиж байна вэ гэдэгт мэргэжлийн үүднээс анхаарч ажиглаж явдаг. Хурдацтай биш ч гэсэн урагшилж байна. Хотын хөгжлийн хууль хүссэн хүсээгүй биднээс олон зүйлийг шаардаж байдаг.
1. Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг би хувьдаа 2 үе шаттайгаар харж байна.
•    2035 он хүртэл шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу явагдах ёстой.
•    2035-2050 он хүртэл Смарт сити буюу ухаалаг хот руу шилжих ёстой. Энэ нь дэлхийн нийтийн стандартад нийцсэн хот болох ёстой. 
Хотын үндсэн зарчмуудыг иргэн төрийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх ёстой. Эхний ээлжинд байгаль орчны ухаалаг бодлого шаардлагатай байна.  Цэцэрлэгжсэн ногоон хот болох ёстой. Байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүч түлхүү ашигладаг, усаа цэвэршүүлэн эргүүлэн ашигладаг болмоор байна.
2. Хот төлөвлөлтийн цахим мэдээллийн санг ажиллуулж, хотын хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээллэдэг байя.
3. Тээврийн ухаалаг хот болох ёстой.
4. Цэвэр усны нөөцийн асуудалд анхаармаар байна. Усыг дахин боловсруулах, саарал усыг ахуй хэрэглээнд ашиглах хэрэгтэй байна.
5. Хог хаягдалыг дахин боловсруулж, дулааны эрчим хүчийг гаргаж авах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Энэ бол маш зөв зүйтэй ажил.


      Дархан хотын хөгжлийг тодорхойлох мэргэжлийн байгууллага гараад ирэхэд Дарханыхаа мэргэжилтнүүдийг оролцуулая гэдэг дүгнэлт хэлэлцүүлгээс гарлаа. Оролцуулахдаа санал асуух төдийхөнөөр биш гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгүүлдэг, судалгаа шинжилгээ хийлгэж ажилладаг байя гэсэн тодорхой дүгнэлтэнд хүрлээ.
Хэлэлцүүлэгт нийт 17 хүн, 95 асуудлаар санал гаргав.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%