Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

С.Эрдэнэ: Дарханчууд Нийгмийн халамж үйлчилгээг цогцоор нь хүртэх боломжтой боллоо

2015-02-24

    XVII жарны Галзууруулагч хэмээх модон хонь жилийн Цагаан сарын босгон дээр Дархан-Уул аймагт ХАХНХ-ын яамны иргэдэд үйлчлэх, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн гурван давхар шинэ байрны нээлт болж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцсон юм. С.Эрдэнэ сайдын хувьд яамныхаа ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, олон шинэ бүтээн байгуулалт өрнүүлсээр яваа хөдөлмөрч үр бүтээлтэй сайд билээ. Дархан-Уул аймгийн иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх энэ сайхан оффисын зэрэгцээ Улаанбаатар хотод ХАХНХ- ын яамны шинэ оффис, ажилтан албан хаагчдынх нь орон сууцнаас бүрдэх арван хэдэн давхар орчин үеийн өвөрмөц шийдэлтэй барилгыг энэ 2015 онд ашиглалтад оруулах гэж байгаа гээд тоочоод байвал С.Эрдэнэ сайд ямар их ажил амжуулж байгааг төвөггүйхэн ойлгож болно. Баянгол дүүргийн Засаг дарга байхаасаа эхлээд очсон газар бүртээ ихээхэн сэтгэл гарган шинэ бүтээн байгуулалт өрнүүлсээр яваа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй Дархан-Уул аймгийн иргэдэд үйлчлэх шинэ байрных нь нээлтийн үеэр уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Дархан-Уул аймаг Улаанбаатарын дараа орох хүн амын суурьшил ихтэй газар. Өнөөдөр нээлтээ хийж байгаа иргэдэд    үйлчлэх байрны талаарх сайдын сэтгэгдлийг сонсоё?

За өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ сайхан иргэдэд үйлчлэх төвийн байр ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн 100 гаруй мянган иргэд нийгмийн халамж үйлчилгээг хурдан шуурхай хүртэх боломжтой болж байгаад сэтгэгдэл өндөр байна. Дархан-Уул аймгийн 'Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс байрлаж байсан хуучин байр нь 1970 онд ашиглалтад орсон, хүн ажиллаж болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчихсан байсан. Тэгээд ХАХНХ-ын яамнаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ийм сайхан байртай болсноор Дархан-Уул аймгийн иргэдэд нийгмийн халамж үйлчилгээ илүүтэй хүрч, иргэн бүртэй тулж ажиллах боломжтой болж байна. Нийгмийн хамгааллын бодлого маань иргэдэд хүрч хурдан шуурхай байхын тулд манай ажилтнууд өөрсдөө ая тухтай ажлын байртай байх нь давын өмнө шийдэх ёстой асуудал болоод байсан юм. Тэр ч үүднээс Дархан-Уул аймгийн барилгачид энэ сайхан байрыг хурдан, чанартай барьж ашиглалтад оруулсанд ХАХНХ-ын сайдын хувьд үнэхээр баяртай байна.
-Дархан-Уул аймаг бол хүн амын суурьшил ихтэйгээс гадна төмөр зам, авто замаар улсынхаа нийслэлтэй холбогдсон хөл хөдөлгөөн ихтэй газар. Энэ ч утгаараа Нийгмийн халамж үйлчилгээ хурдан шуурхай байж, иргэн бүрт хүрч байх ёстой. Энэ талаар сайдын хувьд ямар бодолтой байна?
Тэгэлгүй яахав. Дархан-Уул аймаг бол өөрөө Монгол орны өнцөг булан бүрээс залуус Эвлэлийн илгээлт өвөрлөн ирж бүтээн босгосон залуу хот. Нөгөө талаар хүн амын зорилтот бүлэгт хамрагдах иргэд олонтой, дээр нь явуулын хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газар. Энэ ч утгаараа Нийгмийн халамж үйлчилгээ хурдан шуурхай, чанартай байх ёстой. Олон улсын чанартай томоохон зам харилцаа дайран өнгөрдөг хүн амын зайлшгүй халамж үйлчилгээ үзүүлэх ёстой зорилтот бүлгийн шилжилт хөдөлгөөн ихтэй зэрэг олон онцлогтой. ХАХНХ-ын яамнаас барьж байгаа бодлогын хүрээнд өнгөрсөн оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж богинохон хугацаанд иргэдэд бүх талын үйлчилгээ үзүүлэх гурван давхар ийм сайхан байртай болж байгаа нь иргэддээ чиглэсэн маш том хөрөнгө оруулалт юм. Манай ажилчид хамгийн орчин үеийн техник хэрэгслээр өвч тоноглогдсон, ажлын байрны нөхцөл дээд зэргээр хангагдсан байртай болж байгаа нь төрөөс Нийгмийн халамж үйлчилгээний салбарт ямар их ач холбогдол өгч байгаагийн нотолгоо болж байна. Ер нь ХАХНХ-ын яамнаас барьж байгаа гол бодлого нь зорилтот бүлгийн иргэдээ зөв тодорхойлсны үндсэн дээр хүн бүрт хүрч ажиллахад л чиглэгддэг. Энэ ч утгаараа манай Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн өнгөрсөн онд нийт хүн амынхаа амжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийж, тэр судалгаан дээрээ тулгуурлан хүн амын халамж үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлэх боломжтой болсон нь томоохон амжилт юм.
-Энэ сайхан байртай болсон Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон ёстой л шижигнэсэн сайхан залуучууд харагдаж байна. Одоо ч урам зориг дүүрэн ажиллах байх даа?
Тэгэлгүй яах вэ. Би сая Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Ганболдтой хамт тууз хайчлан шинэ байрны нээлтийг нь хийлээ. Ер нь манай ХАХНХ-ын яамны ажилтнууд жинхэнэ мэргэшсэн төрийн ажилтнууд байдгаас гадна ихэнх нь шижигнэсэн залуучууд байдаг. Жил гаруйн өмнө энэ барилгын шавыг тавилцахад оролцож байсан лам багштайгаа хамт нээлтийг нь хийж байгаадаа сэтгэл өндөр байна. Дархан-Уул аймаг нь найман мянга гаруй ахмад настан, гурван мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг хүн амын суурьшил ихтэй хот Эдгээр иргэдэд хүрч ажилладаг манай яамны залуу хамт олныг энэ сайхан шинэ байртай болгосон нийт барилгачиддаа дахин баярлалаа.
Урлаг соёл, спорт биеийн тамир гээд нийгмийн бүхий л үзүүлэлтээрээ Улаанбаатарын дараа ордог Дархан-Уул аймгийн иргэд Нийгмийн халамж үйлчилгээний бүх үйлчилгээг нэг дороос чанартай, түргэн шуурхай хүртэнэ гэдэгт ХАХНХ-ын сайдын хувьд бүрэн итгэлтэй байна. Энэ байранд хэн нэгэн дарга суухгүй энд ямар нэгэн баар цэнгээний газар үүдээ нээхгүй. Энэ байранд Дархан-Уул аймгийн иргэд Нийгмийн халамж үйлчилгээ л хүртэх болно.
-Улиран одож байгаа морь жилд ХАХНХ-ын яам ямар ажлууд амжуулж, аль хэр үр бүтээлтэй ажилласан бэ?
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт амжилт бүтээл дагуулсан их ажлын жил өнгөрч байна.Бид Монгол гэр бүлийн хөгжил, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон ажил санаачлан зохион байгуулж, өнгөрсөн оныг “Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил” болгон зарлаж үр дүнтэй олон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүллээ. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлснийг манай иргэд мэдэж байгаа байх. Түүнчлэн нийт иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүртэх боломжийг бүрдүүлэх “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг, УИХ- аар хэлэлцүүлэн батлуулсаныг онцлон дурдахыг хүсч байна.
Бид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 500,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22,000 мянган төгрөгөөр, 500,000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20,000 төгрөгөөр нэмэгдүүлж, харин нийгмийн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,500 төгрөгөөр шинэчлэн тогтоож 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж эхэлсэн сайхан мэдээтэй сар шинээ угтаж байна.
-ХАХНХ-ын яамнаас Хүүхэд хамгааллын талаар цогц хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээрбэлдэж байгаа гэсэн. Тэр талаар сайдын үгийг сонсоё?

Тийм ээ. Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон. Өнгөрсөн 20 гаруй жил хэрэгжиж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй хууль учраас хүүхэд хамгаалах, эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогголцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай байгаа юм. Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төсөл нь таван бүлэг 41 зүйлтэй. Хуулиар хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж. хуүхэд хамгааллын  үндэснии тогтолцоог бий болгох, нийгэм гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх хамгаалах  асран хамгаалах харгалзан дэмжихтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулах юм.
Хүүхэд хамгааллын бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсан, одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.
Ингэхдээ хүүхдийн эрхийг хангах талаар “Гэр бүл төвтэй” хандлагыг баримталсан бөгөөд энэ хуулиар хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан гэж ойлгож болно.
-За танд баярлалаа?
За танай сониноор дамжуулан ХАХНХ- ын яамны хамт олондоо болон нийт Монголын ард түмэндээ XVII жарны модон хонь жилийн сар шинийн мэнд дэвшүүлж байна. Та бүхэн элгээрээ энх мэнд, элбэг дэлбэг, сар шинээ сайхан тэмдэглээрэй.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%