Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Дарга Б.Батцэнгэл баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

2015-01-01

           Улиран одож байгаа   2014 он нь  алдрай бяцхан үрс, ачит ээжүүд, эхчүүдийн  эрүүл мэндийг дэмжих урианд чиглэгдсэн, олон бүтээн байгуулалт, бүтээлч ажлуудыг санаачилж хийсэн, амжилт, үр дүнгээр дүүрэн, эрчимтэй шинэчлэлийн жил байлаа. Бид хамтдаа хүн ардынхаа эрүүл энхийн цаглашгүй үйлсд зүтгэж, чанарын гол үзүүлэлт болсон эхийн эндэгдэлгүй, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Энэ их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтэн, ажиллагсад, иргэд, үйлчлүүлэгчдэдээ гүн талархал илэрхийлж, шинэ оны мэнд хүргэж мэндчилье!
         Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг иргэддээ олгоход, олон улсын стандартад дүйсэн эмчилгээ, оношлогоо  хийх  нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. 2014 онд  6 төрлийн дурангийн мэс заслыг 260, бөөрний архаг дутагдлыг эмчилэх Гемодиалезийн эмчилгээг 7 хүнд, уян дурангийн оношлогоо эмчилгээ 1800,  чих хамар хоолойн дижитал дурангийн оношлогоо 2300, эмчилгээ 4500, Компьютер Томографийн оношлогоо 2100 гаруйг хийж, орон нутагтаа оношилж, эмчлүүлэх боломжийг бүрдүүлснээр УБ хот руу явах иргэдийн чирэгдлийг 15%-аар бууруулж чадлаа.
       Монгол Улсын Засгийн Газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМЯ-ны хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж, 2014 онд 1.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ.  Үүнд  37 төрлийн  469.1 сая төгрөгний  эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлж, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд Герман улсын Wolks Wagner  фирмийн 390 сая төгрөгний өртөг бүхий “Шүдний нүүдлийн амбулатори,  300 сая төгрөгний өртөгтөй  бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн  2 автомашин, 3 энгийн автомашинаар хангаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн барилгын засвар, Шарын гол СЭМТ-ийн дээврийн засвар, Орхон СЭМТ-ийн гарааш, мооргын барилгын засварт нийт 632 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.  
          Гэгээлэг нэгэн сайхан үйлсийг дурдахад, халуун сэтгэлийн дэм, тусыг үзүүлж, эх, хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө бодит хөрөнгө оруулалт хийж, нийгмийн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлсэн Д.Даваасамбуу захиралтай “МБМ”ХХК,  Б.Тунгалаг захиралтай “Маргад цэцэн-Уул” ХХК,  С.Гантуяа захиралтай “Сайнхүү-ивээл сан”, Аймгийн Засаг дарга С.Насанбат  зэрэг олон байгууллага, хувь хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.  Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
          Эмч, эмнэлгийнхэн бид айл болгоны гэрт, өрх бүрт эрүүл мэндийн мэдээллийн гэрэл гэгээ цацруулсан “Эрүүл мэндийн довтолгоо”  арга хэмжээг онцолж байна. Иргэн бүрт эрүүл мэндийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг олгох чиглэлээр эрүүл мэндийн аян, өдөрлөг, сургалт, сурталчилгаа зэрэг 448  үйл ажиллагааг зохион байгуулж, манай аймгийн хүн амын 2 хүн тутмын нэг нь  буюу 45000 иргэнийг хамруулж, эрүүл мэндийнхэн ард иргэдийн бие биенээ дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
       Мөн 2014 он эмч, мэргэжилтнүүдийн хувьд гадаад, дотоодод мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн, суралцаж чадавхижсан, юм үзэж, нүд тайлсан он болж өнгөрөв. “Айвико-Интернешнель” ХХК,  “Гранд-Мед” эмнэлэг, Арьс Судлалын Үндэсний Төв, Сонгино-Хайрхан, Баянгол Дүүргийн ЭМН, Өмнөговь, Өвөрхангай, Орхон аймагт 100 гаруй эмч, мэргэжилтэн   очиж,  эмнэлгийн соёл, удирдлага, зохион байгуулалт, орчин үеийн оношлогоо эмчилгээний технологитой танилцсан ба  Япон, Солонгос, Тайвань улсад  30 гаруй эмч мэргэжилтнүүд семинар, сургалтанд оролцож, олон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний арга барилаас суралцлаа.
          Эрүүл мэндийн үйлчилгээний арга барилыг өөрчилж шинэчлэх, төрөлжсөн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, эмнэлгийн ачаалал, хүлээгдлийг бууруулахад НЭМТ, нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасагт нэвтрүүлсэн Цахим бүртгэл мэдээллийн тогтолцоо чухал үр дүнгээ өгч байна. Энэ онд  ЭМЯ-наас  долоо хоног бүр Цахим хурлыг зохион байгуулж, цаг үеийн болон мэргэжлийн  мэдээллээр  шуурхай хангаж ажилласан нь үр дүнтэй болж, эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулахад  ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болов.  
        Ийнхүү бид оношлогоо, эмчилгээний шинэхэн тоног төхөөрөмжтөй, тав тухтай ажлын орчин нөхцөлтэй, холч ирээдүйг харсан хүсэл эрмэлзлэл, мөрөөдөлтөй болсон энэхүү цаг үеийн амжилт бүтээлээ улам бататгаж, айчлан ирж байгаа 2015 ондоо Залуучууд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сайн сайхны төлөө   ажлын шинэ гараагаа эхлэхэд бэлэн байна. Улс орны эдийн засгийн хямралын сорилт бэрхшээл байгаа боловч, хамтдаа гэсэн сэтгэл, зүтгэлээр хийвэл чадахгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна.
                   ....Цэцэн тунгалаг ухаан
                       Цэгцтэй үнэн үгс
                       Зөв сэтгэл, шудрага үйлс
                       Зүгийг зааж, ирээдүйг хөтлөнө.....
Өрх бүрт, Иргэн болгонд Шинэ жилийн мэнд хүргэж, эрүүл энх, баяр жаргалаар дүүрэн, элбэг хангалуун байхын ерөөл өргөе!

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%