Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Жилд нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

2014-12-25

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн төмрийн хүдэр боловсруулах “Нойтон соронзон баяжуулах үйлдвэр”-ийн нээлт болов. Нээлтэд тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан, үйлдвэрийн удирдлагууд Уул Уурхайн яамны сайдын зөвлөх н.Бат-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд тус аймагт ажиллаж байгаа эрчим хүчний үйлдвэрийн удирдлагууд, мэргэжлийн хяналтын газар зэрэг хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Шинээр ашиглалтад орж байгаа энэхүү нойтон соронзон баяжуулах үйлдвэр нь төмрийн хүдэр баяжуулах гурван шугамтай, жилд 1 сая тонн, 0-10 мм ширхэгтэй, 45-50 хувийн төмрийн агуулгатай хуурай хүдэр боловсруулж 700 мянган тонн -0-070 мм ширхэглэлтэй 64 хувиас дээш төмрийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Уг төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламжийн нэгдүгээр ээлжийн далангийн ажлыг 2014 оны 7 дугаар сард эхлүүлж дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэж энэ сарын нэгэнд улсын комисст хүлээлгэж өгчээ. Тус хаягдлын байгууламжийн нэгдүгээр ээлжийн далан нь 565,000 м3 багтаамжтай хаягдал хадгалах сан, ус тунгаах далан, үерийн шуудуу, хуруун шүүрүүл, пезометрийн цооног, хяналтын цооног зэрэг хэсгүүдээс бүрддэг байна. Түүнчлэн тус байгууламж нь 100 хувь HDPE геомембран доторлогоотой баригдсан нь үйлдвэрийн эргэлтийн усны алдагдлыг багасгаж байгаль орчинд нөлөөлөх эрсдлийг арилгах боломжийг бүрдүүлсэнээрээ давуу талтай гэж тус үйлдвэрийн удирдлагууд нээлтийн үеэр оролцогчдод тайлбарлалаа. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн Хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал К.Энхчулуун:-Манай “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь “Уул уурхай, Металлургийн цогцолбор үйлдвэр” болон хөгжих концепци төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн ажлыг анх 2010 онд үндсэн хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулснаар үндсэн хоёр шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний шат буюу төмрийн хүдрийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж улмаар боловсруулах үйлдвэрүүдээ байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2014 онд бүрэн хийж дууслаа. Энэ ажлын нэг хэсэг болсон Нойтон соронзон аргаар төмрийн хүдэр баяжуулах тус үйлдвэр нь үндсэн гурван шугамтай ажиллаж жилдээ нэг сая тонн хүдэр боловсруулж 64 хувиас дээш төмрийн агуулга бүхий 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтайгаар суурилагдсан нь Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болж байгаагаараа онцлог. Мөн энэхүү баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор аймаг орон нутагт шинээр ажлын байр бий болох, байгууллагын ашиг орлого, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ирэх 2015 оноос бид төслийн хоёрдугаар шатны ажлууд болох шууд агижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, тээвэр ложистик, цахилгаан хангамж, дэд бүтэцийн асуудлуудыг шийдвэрлэж үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж шинээр гангийн үйлдвэр байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Эх орны байгалийн баялгаас нэмүү өртөг шингээсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах Монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэх бас нэг алхам амжилттай хийгдэж байгаа нь та бидний хуваалцах ёстой баяр мөн. Монгол гангийн урсгалыг таслалгүй авч явах эр зоригийн үйл хэргийг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн хамт олонд оногдуулсан хариуцлагатай үүрэг. Энэхүү туйлын хариуцлагатай үйл хэргийг манай хамт олон нэр төртэй гүйцэтгэх болно” гэв. Үүнээс гадна тус Төмөрлөгийн үйлдвэр” нь төмрийн хүдрийн гурван орд газар болох Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн гурван ордыг эзэмшдэг. Эдгээрийн Төмөртэй, Төмөртолгойн ордуудад ил уурхай нээж шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэж төмрийн хүдрийн хуурайн соронзон баяжуулах үйлдвэрүүдийг байгуулж төмрийн хүдрийн хуурай баяжмал үйлдвэрлэж байна. Монгол улсын стратегийн ач хобогдол бүхий Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10 кВ-ын Ерөө дэд станцын өргөтөл, 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВ-ын Төмөртэйн дэд станцыг энэ оны зургадугаар сарын долоонд ашиглалтад оруулж нээлтээ хийсэн. Мөн тус ордод бүтээгдэхүүн ачиж буулгах терминаль болон “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Хангайт өртөө хүртэлх 34,5 км төмөр зам татах ажлыг эхлүүлж гүйцэтгэгчээр дотоодын байгууллагууд ажилласан байна. Эднийх концессийн гэрээнд шилжиж “Кью Эс Си” ХХК нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай 2010 онд “Хөрөнгө оруулалт”-ын гэрээг байгуулж хамтран ажиллаж эхлээд дөрвөн жил орчим хугацаа өнгөрчээ. Энэ нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийг өргөтгөн шинэчилж “Уул-Уурхай Металлургийн цогцолбор” үйлдвэр болгон хөгжүүлэх зорилготой. Уг ажлыг төр засгаас дэмжиж 2008 онд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж цаашлаад металлургийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан. 2014 онд Засгийн газар болон Төрийн Өмчийн Хорооноос “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьчлалыг “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж улмаар Засгийн газрын 69 дүгээр тогтоол гарч, концессын гэрээгээр “ДТҮ” ТӨХК-ийн цаашдын үйл ажиллагааг явуулах нь үр дүнтэй гэж үзсэн байна. Уг гэрээгээр төр ямар нэг хариуцлага хүлээж баталгаа гаргахгүй бөгөөд хувийн хэвшил 100 хувь эрсдэлийг үүрч металлургийн цогцолбортой болгох үүргийг хүлээсэн. Эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нь ирэх таван жилд төмрийн хүдрээс нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дотоодын зах зээлээ бүрэн хангаж чадахуйц үндэсний үйлдвэрийг байгуулах зорилготой аж.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%