Дархан-Уул аймгийн түүх, соёлын нэгэн өв болсон “Дархан хайрхан” уулын тайх ёслол болж байна. Аймгийн ИТХ-ын 2025 оны 06 дугаар сарын 02 -ны өдрийн ээлжит бус 07 дугаар хуралдаанаар зуны тэргүүн сарын шинийн 09-ны билэгт сайн өдөр “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тайлга, тахилгын эхэнд монгол ёс, уламжлалын дагуу Залуучууд театрын дуучин С.Сүхбат, морин хуурч, МУСТА Д.Баттулга нар морин хуурын эгшиг, уртын дуугаар ая эгшиг өргөсөн юм.
Мөн Хараагийн Дарь Эхийн ламын Гэцог даржаалин хийдийн лам хуврагууд уул усны тайлга, тахилгын зан үйлийг уламжлал ёсоор гүйцэтгэн, ном хурж сүсэгтэн олонд буян хураахын ерөөл өргөв.

Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж, хайрхнаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш жил бүр тайж байгаа юм.

Тус хайрхан нь “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч байршдаг.

Дархан Хайрхан уулыг 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.


