Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Зөвлөх Р.Тунгалаг-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Т.Ганболд нар Хонгор сумын нутагт байрлах ХХААХҮЯ-ны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, орон нутгийн мал аж ахуйн стратеги төлөвлөгөөг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжүүлэхээр ярилцсан.
Аймгийн ИТХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2025.03.19/ Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.
Малын удмын сангийн Үндэсний төвийн захирал Ч.Гантөгс болон мэргэжилтнүүдийн зүгээс тэжээлийн талбай, тээгч малын өвөлжөөний асуудал тулгамдаж байгааг дурьдаад сум тус бүр нэг чиглэлийг сонгон төрөлжүүлэн хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос дүгнэлт гарган аймгийн ИТХ-ын дарга болон Хуралдаанд танилцуулах бөгөөд Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулахад бүх талаар дэмжиж ажиллана гэв.
Малын удмын сангийн үндэсний төв нь Монгол Улсад үүлдэр омгоор баталгаажсан хээлтүүлэгч мал, мөн импортоор орж ирсэн өндөр ашиг шимт малаас үр үйлдвэрлэж үндэсний генийн санд хадгалж, хамгаалах, биотехнологийн дэвшилтэд аргаар малын ашиг богино хугацаанд нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад зорьсон төрийн үйлчилгээний байгууллага юм.
@онцлох