Төслийн багийн бүрэлдэхүүн болох НҮБ-ын ХХААБ-ын Техникийн зөвлөх Др. С. Жигжидпүрэв, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б. Энхтуяа, Санхүү, үйл ажиллагааны ажилтан, Мэдээлэл харилцааны туслах ажилтан Ц. Батжаргал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б. Гантулга нарыг Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хүлээн авч уулзлаа.
Төслийн хүрээнд Ховд аймгийн Дарви сумын малчид, малчдын хоршоо хамтдаа зорилтот зах зээлд чиглэсэн үржлийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу малынхаа ашиг шим, бүтээмжийг нь нэмэгдүүлэн амьжиргаагаа сайжруулах “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн Ховд аймаг дахь Хөгжил Политехникийн коллежийн сургалтын хөтөлбөрт НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран боловсруулсан чадамжийн 9 нэгж бүхий “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг оруулж, коллежийн дэргэд малын 5 төрлийн тэжээлийн цех барихаар ажиллаж байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Энэ төслийн гол зорилго, хүрэх үр дүн нь уур амьсгалд ухаалаг, хариуцлагатай, гамшигт тэсвэртэй мал аж ахуй эрхлэх бодлого эрхзүй, байгууллагын чадавхыг НҮБ-ын ХХААБ-ын дэлхийд танигдсан арга хэрэгслүүдээр сайжруулах юм.