Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас
2024-10-17
Номгон сумын сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт "Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр сумын сонгуулийн хорооноос сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг Хуралд өргөн мэдүүлж байна. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар заасны дагуу анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт эхлэн хуралдуулахаар товлон зарласан билээ. Номгон сумын сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 1569 сонгогч бүртгэгдсэнээс 1089 сонгогч буюу 69.41 хувь нь саналаа өгсөн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч 5 тойргийн 21 мандатад нэр дэвшиж сонгуульд оролцсоноос МАН-аас 14, АН-аас 7 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, шийдвэрийг нийтэд мэдээлж байна.