Аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид 2023 онд хийх ажлын төлөвлөгөө болон Хурлын Зөвлөлийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Тухайлбал өнөөдөр /2023.10.18/ Шарын гол сумын Тулга сувилал ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо, үйл ажиллагаатай танилцлаа.
Сувилал ажлын нөхцөл байдлын талаар А.Идэрцэцэг Төлөөлөгчдөд танилцууллаа.
“Тулга” сувилал нь 2004 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны 18 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх мэргэжлээс шалтгаалах өвчтөний 25 ортой хойд бүсийн сувиллыг байгуулсан бөгөөд цаашид тус эмнэлгийн урсгал зардлыг улсын төсвөөр шийдвэрлэх аргагүй болсон учраас Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/03 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын зарчмаар менежментийн үр дүнг харгалзан хувьчилсан.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтэй иргэдэд үйлчлэхийн зэрэгцээ ахмадын сувилал ажиллуулж байна. 2023 онд тус байгууллага 41 ортойгоор нийт 490 хүнд үйлчилж, 349 сая төгрөгийн орлого олж үйл ажиллагаа сайжирсан байна.
Тус байгууллагын хувьд мэргэжлийн боловсон хүчин дутмаг, сувилалын байр нь дулаан алдагдалтай учраас өвлийн улиралд ажиллуулах боломжгүй болдог, гадна пасадыг шинэчлэх, нийт орлогын 80 хувь нь цалин, урсгал зардалд зарцуулагддаг учраас томоохон засвар шинэчлэл хийх төсөв хүрдэггүй зэрэг тулгамдаж буй асуудлаа илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид тус байгууллагыг томоохон үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах мөн олон нийтэд өөрийн үйлчилгээгээ сурталчлан таниулах зэргээр менежментээ сайжруулж, үйлчлүүлэгчдийн тоог нэмж орлогоо өсгөх боломжтойг зөвлөлөө.
Тус байгууллагатай танилцсан дүгнэлтийг боловсруулж, улмаар аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм.