Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар хэрэгжүүлж буй Эрсдэлгүй Дархан-III аяны хүрээнд аливаа эрсдлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал Эрсдэлгүй Дархан-II аяны хэрэгжүүлэгч АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Дархан-Уул аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хяналтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус төслийн хүрээнд өнөөдөр /2023.06.02/ ерөнхий боловсролын 6 сургуулийн 200 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулж, тамхины хор уршгийн талаар сургалтыг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.
Үүнд тамхины хяналтын талаар дэлхийн чиг хандлага, Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгаар үйлчлүүлсэн өсвөр насны хүүхдүүдийн статистик мэдээлэл, утаат болон электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд учруулах эрсдлийг талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл хийж, уушгины багтаамж шалгах хөгжөөнт тоглоом тоглууллаа.
Уг сургалтаас өсвөрийн сургагч багш нарыг бэлтгэж, үргэлжлүүлэн сургууль тус бүрт сургалт хийх юм.