Аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчид эрхлэх асуудлын хүрээний дагуу Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь /2023.04.28/ танилцлаа.
Тус тасаг хүний сэтгэцийн эрүүл мэндийг эмчилдгээрээ онцлог бөгөөд Дархан-Уул аймгийн хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, тэгж, хүртээмжтэй хүргэж, анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхээр зорьж ажиллаж байна.
Тус тасаг нь шүүх сэтгэцийн дүгнэлт, сэтгэл, оюун санааны эмчилгээ, оюун ухааны түвшин тодорхойлох, идэвхжүүлэх эмчилгээний үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тандалт судалгааг хийдэг байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийн стресс бухимдлаас үүдэлтэйгээр хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөд орох нь нэмэгдэж, улмаар залуужиж байгаа бөгөөд архины хамаарлаас үүдэлтэй донтолт газар авч байгаад мэргэжлийн эмч нар зовниж байна.
Тиймээс аймаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулах ажлыг шат дараалан хамтран хийх хүсэлтийг тавьлаа.
Мөн эмч ажилчдын зүгээс тус тасгийн ажлын орчин нөхцлийг сайжруулах , сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, сэтгэцийн эмгэгтэй хүнийг асрах төрөлжсөн асрамжийн газар байгуулах, сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний зориулалтын спорт заал байгуулах зэрэг саналуудыг тавьлаа.
Төлөөлөгчид ажлын тайлангаа аймгийн ИТХ-ын даргад танилцуулах бөгөөд нас насны иргэдэд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх асуудлыг нэн тэргүүний ажил хэрэг болгохоор ярилцлаа.