Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх , хяналт тавих үүргээ Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, хууль зүй дотоод хэргийн Сайдын 2017 оны А/133 тоот тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-д заагдсан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирлээ.
2021 онд Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлэхээр 21 асуудлыг төлөвлөгөөнд тусган ажиллав. Хэрэгжилт 95,3 хувьтай байна.
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
Иргэний Зөвлөлийн хуралдааныг 6 удаа хийж 2021 онд төлөвлөгдсөн ажлууд, хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу зохион байгуулсан ажлын талаарх сонсгол тайлан мэдээг авч хэлэлцсэн болно. Үүнээс 2 удаагийн хурлыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайн болон хавтасаар материал тараан хэлэлцүүлж санал хүсэлтийг нь авсан.
2020 оны сүүлийн хагаст хийсэн ажлын тайланг гаргаж хуралдаанаар хэлэлцэн ИТХ-ын даргад танилцуулан, Вэб сайтад тавьж нийтэд мэдээллээ.
Зөвлөлийн гишүүдийн 2021 онд хариуцан гүйцэтгэх ажлын хуваарийг гарган хуралдаанаар баталж , хүргүүлэн хэрэгжилтийг хянаж гишүүн Л.Гүнчин, Л.Цогзолмаа нарын сонсголыг авч хэлэлцэн холбогдох санал зөвлөмжүүдийг ИТХ, Засаг даргад хүргүүлэхээр болов.
Иргэний зөвлөлийн албан бичгийн бланкуудыг шинэчилэн хэвлүүлж, албан ажилд ашиглаж эхэлсний дээр бичиг хэргийн материалыг нийлүүлж, гишүүдийг тусгай ажлын хавтастай болгон , ажиллах нөхцлөөр хангасан.
Цагдаагийн газрын шинэ удирдлагад Зөвлөлийн гишүүдийн танилцуулгыг хүргүүлж, шинээр томилогдон Иргэний зөвлөлтэй харилцах ажлыг хариуцсан захиргаа удирдлагын тасгийн дарга дэд хурандаа Э.Мөнхзолбоотой уулзаж ажил байдлаа танилцуулан холбогдох тайлан мэдээллийг гаргуулан авлаа.
Хоёр. Цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж санал өгөх ажлын хүрээнд:
Цагдаагийн газрын 2020 оны тайланг Иргэний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, иргэдээр хэлэлцүүлсэн онлайн хэлэлцүүлэгийн явц, байдалтай танилцав.
Цагдаагийн газрын 2020 оны санхүүгийн тайланд аймгийн Аудитын газрын гаргасан аудитын дүн, дүгнэлттэй танилцаж, анхаарал татсан зарим үзүүлэлтийг Ерөнхий дэвтэрийн бичилтээр хянаж үзэхэд шатахууны зарцуулалтын байдалд багагүй зөрчил илэрсэн болно. Түүнчлэн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг 199,5 сая төгрөгөөр дутуу байгуулсныг аудитаар залруулсан байна. Төсвийн төсөлд цалин хөлс, нэмэгдэлийг 3128848,0 мянган төгрөгөөр төсөвлөсөн нь тайлант онд батлагдсан төсвөөс 250229,8 мянган төгрөгөөр дутуу байгаа нь төсвийн төсөл үндэслэл муутай хийгдсэн байна гэж аудитын тайланд дурдагдсан байв.
Дээрх онд тус газар 140129,2 мянган төгрөгийн шатахуун 100 машинд хийж зарцуулсан нь хэдийгээр онцгой байдлын үеийн арга хэмжээтэй холбоотой боловч хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулж нэмэлт санхүүжилтээр ирсэн шатахууны зардлыг тусад нь бүртгэлд тусгаагүй зөрчил гаргажээ,
Санхүүгийн аудитын дүнтэй танилцан Иргэний зөвлөлөөс төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахад анхаарах, төсвийн зардлын гүйцэтгэлийг төсвийн ангилалын дагуу зөв тайлагнах, шатахууны зарцуулалтыг журамлах, зөв бичилт хийх, шилэн дансны хууль журмыг мөрдөх, үндсэн хөрөнгийн элэгдлийг зөв тооцож тайлагнаж байх талаар зөвлөмж гаргасан болно,
Гурав. Цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэг , зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд:
Аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нарын сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, саналаа оруулан Иргэний зөвлөлийн хуралд сургалтын байдал, явцын талаар уг асуудлыг хариуцсан зөвлөлийн гишүүний мэдээлэл, саналыг хэлэлцэж сургалтын талаар шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж байна гэж дүгнэсэн болно.
Төрийн нэгдсэн үйлчилгээний хяналтын системын теле камерын төхөөрөмжүүдийг засварлаж шинэчлэх, үйлчилгээ ашиглалтын зардал, операторуудын орон тоог төсөвт тусгах ажлуудыг хөөцөлдөж ажилласны үр дүнд хотын доторх теле камержуулалтад 2020 онд 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 148 ширхэг теле хяналтын камерийг шинэчлэн суурилуулсан боловч хяналтын камерын ашиглалтыг сайжруулах, урсгал засвар, ашиглалтын зардлыг шийдвэрлэх, нэмэлтээр суурилуулах хэрэгцээ шаардлага байна. Гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах талаар Шарын гол, Хонгор сумын удирдлагууд ихээхэн анхаарч Цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй хөрөнгө зарцуулж дэмжиж ирсэн нь тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчил буурах нөхцлийг бүрдүүлсэн байгааг сайшаан тэмдэглэж байна. Харин Дархан сумын хувьд байдал өөр байна. Урсгал зардлыг шийдвэрлээгүйгээс суурилагдсан камеруудын засвар үйлчилгээ хийгдэхгүй ажиллагаагүй болж , ямар ч хэрэггүй үхмэл хөрөнгийг бий болгоход хүргэж байна.
Дархан сумын 13.14, дүгээр багийн нутагт л гэхэд 45 ширхэг камертай ч бүгд ажиллагаагүй 2 жил болжээ. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй Арбатын гудамж, Төмөр замын вокзал хавьд ч камераар хяналт тавихад боломжгүйд хүрсэн байна.
Иймд шинээр хөрөнгө зарж камержуулалтыг сайжруулахаас илүүтэй хуучин байгаа камеруудаа засварлах, байнгын ажиллагаатай байхад шаардлагатай урсгал зардлуудыг шийдвэрлэх асуудал чухал байна.
Дөрөв. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд :
2021 онд цагдаагийн газарт иргэн, хуулийн этгээдээс 4051 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсний 941 нь буюу 23,2 хувь нь гэмт хэргийн шинжтэй 3110 нь буюу 76,8 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзлэж байна. Гомдол мэдээлэлүүд хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж байгаа болно.
Тайлант хугацаанд 18745 дуудлага мэдээлэл хүлээн авч бүртгэн шийдвэрлэснээс гэмт хэргийн шинжтэй 812, зөрчлийн шинжтэй 2402, зам тээврийн ослын 345 бусад төрлийн 15188 дуудлага мэдээлэл байсан байна. Нийт дуудлага мэдээллийн 81,0 хувийг эзлэж байгаа 15,2 мянган дуудлага мэдээллийг задлаж шинжлэн, ажил үүргийн холбогдолгүй мэдээллийг багасган ачааллыг хөнгөвчлөх, үүнтэй холбогдолтой зардлыг багасгахад ч анхаарах хэрэгтэй юм
Тав. Цагдаагийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд:
Цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хууль, Сахилгын дүрэм, Ёс зүйн дүрэм болон үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журмын дагуу зөрчил гаргасан албан хаагчиддаа дор бүр нь арга хэмжээ авч, холбогдох сургалтуудад сургаж , “Сахилга ёс зүй, хариуцлага” –ын зөвөлгөөнд оролцуулан ажиллаж иржээ.
Сахилга ёс зүйн зөрчилд 2019 онд 20, 2020 онд 30, 2021 онд 43 албан хаагч холбогдсон нь жил бүр өссөн байна.
Иргэний зөвлөл 2021 онд цагдаагийн газрын 2019,2020 онуудад сахилга, ёс зүйн зөрчил гарган арга хэмжээ авагдсан албан хаагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч дүгнэлт хийсэн болно.
Хоёр оны дүнгээр нийт зөрчилд холбогдогчдын 74,5 хувь нь офицер байгаа ба 2020 онд зөрчилд холбогдсон хүний дундаж нас 3,7 пунктаар, ажилласан жил 2,6 пунктаар илүү байгаагаас үзэхэд туршлагатай , олон жил ажилласан хүмүүс зөрчил гаргах явдал илүүтэй байлаа.
Нийт зөрчлийн 78 хувийг Сахилгын дүрмийн 12,4-д заасан “ Төрийн тусгай хамгаалалтын хуульд заасан үүргийг гүйцэтгээгүй” 12,12-д заасан “Хуулиар харъяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” 12,15-д заасан Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журам зөрчсөн зөрчил байгаа нь хууль тогтоомж хэрэгжүүлэх асуудал дээр анхаарах шаардлага байгааг харуулж байна.
Зөрчил гаргаж байгаа албан хаагчдын тоо жил бүр өсч, тэдгээрийн гаргасан зөрчлийн ихэнх хувь нь хууль тогтоомж зөрчсөн , хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаад хууль хяналтын байгууллага өөрөө онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарган цаашид анхаарах 3 асуудлыг зөвлөсөн болно
Зургаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хүрээнд:
Иргэний зөвлөл хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд Цагдаагийн газарт 8 зөвлөмж, аймгийн болон Дархан сумын ИТХ, Засаг даргад нийтдээ 9 санал хүргүүлсэн байна.
Дархан сумын 15 хэсгийн байцаагч нарын үйл ажиллагаатай танилцаж, хороодын засаг захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа , гэмт хэрэг зөрчлийн гаралт болон ажлын нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийж зарим санал дүгнэлтийг гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн болно
Хэсгийн байцаагч нар нутаг дэвсгэрийнхээ засаг захиргааны байгууллагатай ажлын уялдаа холбоо сайтай ажиллаж байна. Нутаг дэвсгэр том, хүн амын суурьшил шигүү ийм орчинд хэсгийн байцаагч ганцаараа ажиллах үнэхээр хүндрэлтэй байна. Хэсгийн байцаагчид хууль эрх зүйн дээд мэргэжилтэй, боловсон хүчнээр хангагдаж ажлын байрны нөхцөл сайн байлаа. Багийн ажилтнууд, хэсгийн байцаагчид камержуулалтыг сайжруулах, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгах гэсэн асуудлыг хамгийн гол санал болгон тавьсан болно.Мангирт хороолол 15 дугаар баг 24, 11 дүгээр багт 27, 12 дугаар багт 15, 12 дугаар багт 13, 14 дүгээр багт 11 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь иргэдийн тоотой харьцуулахад их байгаа төдийгүй гэмт хэрэг зөрчил гарах нэг нөхцөл болж байна. Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн 35,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзлэж байгаагаас ч үзэхэд дээрх цэгүүдийн тоог зайлшгүй багасгах шаардлагатай юм.
Олон нийтийн цагдаа нар урамшууллын хэмжээ бага гэсэн шалтгаанаар ихэнх нь ажлаасаа гарч байна. Урамшуулал бага байгаа болон олон нийтийн цагдааг орон тоогоор нь ажиллуулах талаар аймгийн ИТХ-д саналаа тавьсан боловч шийдэгдээгүй өнгөрсөн болно. Өнгөрсөн онд хийсэн хяналтаар 10 хүнээр дутуу ажиллаж байсан бол энэ оны эцэст 6 хүнээр дутуу ажиллаж байна.
Иргэний зөвлөлөөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажлыг нь хөнгөвчилөхөөс гадна иргэдийн ухамсарыг дээшлүүлэх , гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажилд ахиц гаргах, иргэд цагдаагийн байгууллагын хоорондын харилцаа зөрчил маргааныг хуулийн дагуу шийдэгдэхэд туслах үүднээс камержуулалтад орон нутгаас тодорхой хөрөнгө оруулалт хийж туслалцаа үзүүлэх талаарх саналаа аймгийн болон Дархан сумын ИТХ, Засаг даргад хүргүүлсэн . 2022 оны хөрөнгө оруулалтын болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөөнд ороогүй боловч төсвийн тодотгол, нэмэлт санхүүжилтээр зарим хэсгийг нь шийдэж өгнө гэдэгт итгэж байна.
Иргэдийн эрх зүйн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт мэдээлэл, зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулж зөвлөлийн гишүүн Л.Гүнчин Дархан сумын 3 дугаар багийн 102 иргэнтэй уулзалт ярилцлага хийсэн
2021 онд сумдад ажиллаж байгаа цагдаагийн салбар нэгжүүдийн ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Хонгор сумын цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаатай танилцаж, сумын ИТХ-ын даргатай ярилцлаа.
Хонгор сумын удирдлагууд Цагдаагийн хэсгийн ажилтнуудын ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах, унаа шатахуун, тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрыг тохижуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс гэрэлтүүлэг, камержуулалт хийхэд багагүй хөрөнгө оруулалт хийсэн байлаа. Хамгийн том нутаг дэвсгэртэй сумын хувьд нэг хэсгийн байцаагч их ачаалалтай, бас хүртэж ажиллаж чадахгүй байгаад анхаарч, байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх талаар Цагдаагийн ерөнхий газарт санал тавих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай “ арга хэмжээний хүрээнд Иргэний зөвлөлөөс 1100,0 мянган төгрөгийн үнэ бүхий 440 ширхэг зурагт хуудсыг хэвлүүлэн сургалт сурталчилгаанд зориулан өгсөн болно.
Долоо. Цаашид ажиллах талаарх санал
1, Өгсөн зөвлөмж, тавьсан саналуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудаас авч, тухайн асуудлын үр дүнг тооцож хэвших
2, Зөвлөлийн гишүүд хариуцсан ажлын чиглэлээр хуралдаанд сонсгол мэдээлэл оруулахдаа тухайн асуудлаар судалгаа хийж өөрсдийн дүгнэлтийг гарган өгөх зөвлөмж, саналыг хамт танилцуулж байх.
3, Шарын гол, Орхон сумын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчдийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох арга хэмжээ авч ажиллах
4, Цагдаагийн газарт иргэд аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа бусад төрлийн мэдээллийн бүтэцэд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах