Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН БИЧИГ БАРИМТЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2020-07-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ хамтран “Дархан-Уул аймгийн Автотээврийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд, иргэдээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.07.08/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Автотээврийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн багийн удирдагч, доктор, дэд профессор Ч.Ганзориг, Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨАТҮГ-ын дарга Т.Алтангэрэл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, төслийн багийн гишүүн З.Бадрал,  аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцсон ба Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан оролцогчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, оролцогчдыг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 126 км хатуу хучилттай авто замаар 15 мянган тээврийн хэрэгсэл байнгын хөдөлгөөнд оролцдог бөгөөд хүн амын өсөлтийг дагаад энэ тоо жил ирэх тусам өсч байна.

Аймгийн хэмжээнд автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Дархан-Уул аймгийн Автотээврийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээр мэргэжлийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан, тэдний саналыг авч тусгалаа.

“Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь авто замын болон автотээврийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн хэрэгжилтийг хууль, тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай авто замын засвар, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, зорчигч, нийтийн тээвэр, ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг юм.

Тус байгууллагаас 2019 оны 6-11 сар хүртэлх хугацаанд төв замын 2128м2 бэлдсэн нүхнүүдийг халуун асфальт бетон хольцоор дүүргэж,  ан цавын хагарлыг гагнаж засварласан ба мөн 163 ширхэг замын тэмдэг солих буюу шинээр байрлуулж, шинэчлэн засварлажээ.  

 “Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас автотээврийн салбарын бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлснээр нийтийн такси үйлчилгээнд тавигддаг ерөнхий шаардлагыг тодорхойлсон MNS 5122:2002 стандартыг мөрдүүлэх, нийтийн такси үйлчилгээний байнгын болон түр зогсоолыг байгуулах, төлбөр төлөлтийн байдал, газар зүйн байршил, хурд гэх мэт үзүүлэлтүүдийг утасгүй сүлжээний бодит цагийн төхөөрөмж ашиглан хянах нөхцлийг бүрдүүлэх, Төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлэх, ухаалаг зогсоол барих, үйлчилгээнд явж буй автобусны талаар мэдээллийг бодит цагт олж авах боломжийг зорчигчдод олгох, нийтийн тээврийн хөдөлгөөнийг хянах төв байгуулах, зэрэг автотээврийн салбарыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.

Энэ хөтөлбөрийн төслийг дараагийн шатанд олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг тусгах ажлууд үргэлжлэх юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%