Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Орон нутгийн Өмчийн газартай хамтран Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааг зохицуулах журам, үнэ тариф тогтоох тогтоолын төсөлд олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.05.14/ Залуучууд театрын дугуй танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, оролцогчдыг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий морин тойруулга, гинжит савлуур, далайн дээрэмчний савлуур, кофены аяга, уран жолоодлогын машин зэрэг 5 багц тоглоомыг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан бөгөөд тоглоомын төвийн үйл ажиллагааг түр зохицуулах, ажлын хэсгээс туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулж өвлийн улиралд хадгалалт хамгаалалтыг хариуцаж ажиллажээ.
2020 онд нэмж агаарын дугуй, алсыг харагч тоглоомуудыг нэмж байрлуулах юм.
Дээрх тоглоомуудаар хүүхдүүдэд үйлчлэх үнэ тарифыг тогтоохоор иргэдийн саналыг цахимаар болон Иргэний танхимын хэлэлцүүлгээр авч байгаа бөгөөд тоглоомын үнийг 2000-4000 төг, үргэлжлэх хугацааг 3-4 мин байх саналууд зонхилж байна.
Эдгээр саналуудыг нэгтгэн, тогтоолын төсөлд тусган, улмаар аймгийн ИТХ-ын 16 дугаар ээлжит Хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлэх юм.