Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил, Дархан хотын төрсөн өдрөөр “Ахмад гэр бүлийн алтан сургаал-Залуу гэр бүлийн андгай өргөх” ёслол  /2019.10.17/ Гэрлэх ёслолын өргөөнд боллоо.

Залуу хосууд андгай өргөхийн зэрэгцээ Дархан хотод 58 жил хослон амьдарсан ахмад буурлууд алтан сургаалаа залуу гэр бүлдээ хайрласан юм. Энэ өдрийн арга хэмжээний гол зорилго нь Залуу гэр бүлийг нийгэмд төлөвшүүлэх, ахмадуудаасаа суралцах, тэдэнд өвөг дээдсийнхээ ариун нандин сургаал, ёс заншлыг эрхэмлүүлэх, монгол гэр бүлийн уламжлалт хэв шинжийг хадгалан хамгаалах, журамт үүргээ биелүүлж, үр хүүхэд, эцэг эх, төр нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлахад нь оршжээ.

Өнөөдрийн арга хэмжээг Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Ахмадын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сум багуудын Ахмадын хороо, зөвлөл, Иргэдийн төлөөлөл хамтран явуулсан байна.

Энэ өдрийн андгай өргөх ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Аймгийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэндаваа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нар урилгаар оролцож залуу хосууддаа баяр хүргэлээ. Эдүгээгээс 58 жилийн тэртээ Дархан хотынхоо тулгийн чулуу тавилцаж өргөө гэрийнхээ болон, өөдлөн дэгжих Найрамдлын хотынхоо галыг асаалцсан ахмад гэр бүлд Аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж “Хүндэт өргөмжлөл” гардуулсан юм.

Манай аймагт жилд дунджаар 500 орчим залуу хосууд гэрлэлтээ батлуулж гал голомтоо бадраадаг байна.