Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ҮЙЛ ЯВЦ

2019-09-18

 “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж хэнийг үзэх талаар нарийвчлан заасан байдаг бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч болох нь архивын баримтаар нотлогдсон тохиолдолд Монгол улсын Дээд шүүх, Монгол улсын Ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг. Үүнд:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч шүүх болон түүнийг орлосон байгууллагаар шийтгэгдсэн тохиолдолд Монгол улсын Дээд шүүхэд,

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн боловч хэрхэн шийтгэгдсэн нь тодорхойгүй, эсвэл суллагдсан, баривчлагдан мөрдөгдөж байхдаа шоронд нас барсан тохиолдолд Монгол улсын Ерөнхий прокурорын газарт,

3. Тухайн үеийн нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдсан, намаас хөөгдсөн, нутаг заагдсан иргэдийн асуудлын тухайн үеийн шийдвэрийг гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалж байгаа анхан шатны шүүхэд тус тус хандана.

        Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргах бөгөөд мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөн байцаалт явуулсан тухай ямар нэг баримт, нотолгоо Тагнуулын ерөнхий газрын архивт байхгүй боловч орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдолд Монгол улсын Ерөнхий прокурорын газарт хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэх тухайг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан байдаг.

Жич: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгагдсан эсэхийг тодруулахыг хүсвэл Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /Засгийн газрын 11-р байр, 602 тоот/ -т хандах болон 51-261725, 51-266298 тоот утсаар холбогдон лавлана уу.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%