Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав: Төрийн албанд орсон шигээ гарч чаддаг байх нь соёлтой, хүнлэг чанар гэж боддог

2014-12-03

Д.Ядамжав бол нутгийн түмнийхээ итгэлийг хүлээж аймгийн ИТХ-д хоёронтоо сонгогдсон төлөөлөгч. Бөхмөрөн сумынхаа ард түмнээр хүрээлүүлж сумын Засаг даргаар зургаан жил ажиллачихаад одоо боллоо гээд ажлаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Түүнийгээ төрийн алба бол мөнхийн зүйл бишээ. Тэнд чадварлаг, мэдлэгтэй, туршлагатай хүн ажиллах ёстой. Хамгийн гол эрүүл хүн ажиллах ёстой. Ажлын байр бөглөчихөөд чөлөө аваад алга болох нь соёлгүй, хүнлэг бус зүйл. Ер нь тэгээд нэг цагт орсон шигээ гарч чаддаг байх хэрэгтэй гэж эрсхэн хариулах зарчимтэй нэгэн. Манай сум хурдан хөгжсөн нь иргэдийн ухамсарт гарсан өөрчлөлтийн тусгал гэж даруухан ярина. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 
- За хоёулаа таны ажлаасаа яагаад чөлөөлөгдөх болсон вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье. 
- За тэгье. Товчхондоо бол эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Ер нь би нэг ажил хийхээрээ амрах гэдгийг мартаж махарч ажилладаг хүн. Түүнээс болоод маш их ядарч, эрүүл мэнд их муудсан байна. 
- Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа учраас ажлаасаа чөлөөлөгдсөн юм биш үү? 
- Би сумын Засаг даргаар ажиллахгүй гэж өмнө нь хоёр ч удаа өргөдөл гаргаж байсан хүлээж аваагүй байсаар өдийг хүрсэн. Авлитай тэмцэх газарт шалгагдаж байгаа учраас ажлаас чөлөөлөгдсөн зүйл огт байхгүй. Авлигатай тэмцэх газар шалгаж, нягтлах ажлаа аль дээр хийсэн шүү дээ. 
- Ямар асуудлаар шалгуулах болсон вэ? 
- Манай Бөхмөрөн суманд олон уурхай ажилладаг. Тэдний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдэд хэрэг болохуйц зүйлийг орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж хийж өгөх сонирхол байдаг. Нөгөө талаас иргэдэд ч гэсэн дор хаяж өвлийн түлшээ авчих юмсан гэсэн эрмэлзлэл бий. Энэ асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаасаа иргэд дэвшүүлэн тавьсан. Түүнийг нь Засаг даргын хувьд ажил хэрэг болгож, сумынхаа нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Энэ хүрээндээ багийн төвийг цахилгаанд холбуулж, халуун ус бариулсан. Мөн наадмын талбай бариулж авсан. Үүнийг журмын дагуу орон нутгийнхаа өмчид бүртгэж авсан. Харин 2013 оны жилийн эцсийн аудит хийхэд эдгээр зүйлсийг хэнээр хийлгэв гэдэг асуудал гарч ирж, бид компаниудтай хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд хийлгэсэн гэдгээ л хэлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн байгаль орчин хамгаалах, дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр хамтарч ажиллана гэсэн. Түүнтэй зөрчилдөж байна гэсэн. Өөрөөр хэлбэл компаниудаар сумандаа хэрэгтэй зүйл хийлгэж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдсэн нь дээрх хууль болон ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн. Үүнийг надад эрх зүйн дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангах ёстой аймгийн Засаг даргын Тамгын газрын ХЗХ-ийн авлигын асуудал хариуцсан мэргэжилтэн авлигын асуудал байж магадгүй хэмээн үзэж шалгуулахаар хэлтсийнхээ даргын гарын үсэгтэй бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. АТГазар бол мэдээлэл очихоор шалгадаг. Түүнийхээ дагуу намайг шалгаж гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзээд 2014 оны 6-р сарын 13-нд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан. Аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичгийн дагуу надад сануулах арга хэмжээ авсан. Ийм л зүйл болсон. Түүнээс Авлигатай тэмцэх газар дуудагдаад, байцаалт өгөөд байгаа зүйл алга. 
- Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй газарт нутгийн иргэдэд нь нөхөн төлбөр олгох асуудал олон улсад байдаг. Манай улсад хуулиар хориглочихсон. Гэтэл иргэд энэ талаарх мэдээлэл, олон улсын туршлагыг сонсож мэдээд та бүхнээс шаарддаг уу? 
- Намайг Засаг дарга болоод л Бөхмөрөнд нүүрсний уурхай ажиллаж эхэлсэн юм биш. Өмнө нь байж л байсан. Иргэдийн эсэргүүцэл байж л байсан. Нүүрсний уурхайнууд Тамгын газрын хэдэн ажилтнуудад нүүрс өгөөд л өнгөрдөг байсан. Харин би Засаг дарга болоод далд яваад байгаа энэ зүйлийг ил болгож, Бөхмөрөн сумын өрх бүрт өвлийн нүүрсийг нь өгдөг болсон. Мөн иргэдийнхээ үүсгэл санаачилгаар сумандаа хэрэгтэй байгаа зүйлийг хамтран ажиллах гэрээ байгуулж компаниудаар хийлгэдэг болсон. Би далд байсан зүйлийг ил болгож, хэсэг бүлэг хүн хүртдэг байсныг нь нийт иргэддээ хүртээж, түүнийг нь бичиг цаасаар албажуулсныхаа төлөө л хууль зөрчсөнд тооцогдоод байгаа хүн л дээ. Өөрийн чинь хэлсэнчлэн уул уурхайн компаниудад нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн нутгийн иргэдтэй хамтран ажилладаг туршлагууд бий. Ганц манай суманд биш. Яагаад гэвэл тухайн бүс нутагт амьдарч буй иргэд маш ихээр хохирч байдаг. Бэлчээр сүйддэг, хөрс доройтдог. Манайд бага хэрэгждэг, олон улсад сайн туршлагад тооцогддог ийм зүйл байна. Үүнийг зохицуулсан эрх зүйн орчин алга. Иргэд шаардлага тавьдаг. Сумын Засаг дарга ажиллахгүй байна. Уурхайгаас дэмжлэг бага авч байна. Их авах ёстой гэх зэргээр. 
- Ер нь таныг сумандаа үнэтэй жорлон бариулаад, илүү гарсан мөнгийг гүйцэтгэгчтэйгээ хувааж авчихаад Авлигатай тэмцэх газарт дуудагдахын цагт аргагүйн эрхэнд ажлаа өгсөн гэсэн яриа тодорхой хэмжээнд тарсан байна? 
- Жорлонг ямар ч үнээр барьж болох байх л даа. Манай суманд орон нутгийн хөгжлийн сангийн 
мөнгөөр жорлон баригдсан нь үнэн. Гэхдээ сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр юу хийхийг Засаг дарга мэддэггүй, иргэдээс санал аваад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг баталдаг. Түүний дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан тендерийн хороо ажилладаг. Тамгын газар захиалагчаар оролцдог. Гэрээ байгуулдаг. Хэзээний би энэ ажилд оролцдоггүй байсаар ирсэн. Бие засах газрын тухайд бид жижиг зүйлээ анзаардаггүй л дээ. Суманд хийгдсэн олон ажлуудаас энэ л эргэлзээтэй гэж шүүрч авч асуудал дэвшүүлээд байгаа юм шиг байна лээ. Манай суманд олон газраас хүмүүс ирдэг. Суманд нийтийн бие засах газрыг оновчтой шийдсэнийг тэмдэглэж хэлээд байдаг юм. Үнэ мөнгөний тухайд тус бүр нь 4 өрөө бүхий 2 бие засах газар нэгийг нь 2 сая 150 мянган төгрөгөөр бариулсан байсан. Нийлээд 4 сая 300 мянган төгрөг болж байгаа. 
-Интернэт, нийгмийн сүлжээгээр таныг авлигын хэргээр шалгагдаж байна гэж нэлээд яригдлаа 
- Би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Хотод сурч байгаа оюутан хүүхдүүдэд минь л хэцүү байх шиг боллоо. Гэхдээ яах вэ намайг таньдаг, надтай харилцаж үзсэн хүн бүр намайг хэн бэ гэдгийг мэдэж байгаа учраас сандрах, мэгдэх, гутрах зүйл алга даа. Намайг мэддэгүй, бидний тухай ойлголтгүй, Бөхмөрөн суманд очиж үзээгүй хүмүүс л ийм зүйл ярьсан байна лээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаачид манай суманд ажиллаад буцахдаа бид 240 сумаар орсон. Танай сум шиг ийм сум хараагүй гэж ярьж, бидэнд урам өгч байсан. Тэгэхээр бидэнтэй, уулзаагүй бидний хийснийг хараагүй хүмүүстэй юугаа ярих билээ. Үүнээс болоод манай сумын нэр хүнд унана гэж юу байхав. Дараагийн сонгуульд нэр дэвших вий, ажлаас гарсныг далимдуулаад дайраад авья гэсэн зорилготой биз. Манай суманд очоод хар, дансны гүйлгээ шилэн халаасаар, хийсэн ажил нь тендерийн материалтайгаа бүрэн байгаа. Үүнийг хараагүй алсаас ярьж байгаа нь өөрсдийн зорилготой биз. Сүүлийн үед залуучууд хүний мууд дурлах нь ихсэж дээ. Хүний мууд дурлаж, идсэн уусан гэж хардах нь тэдний эрх байж болох ч өөрсдөө тиймэрхүү, түүнийг эрэлхийлдэг, боломж бүрдвэл идэж уухаас буцахгүй хүмүүс л оргүй зүйлээс овоо босгож хардаг байх. Ингэж ярьж байж кайф авдаг биз. Телевизүүдээр явж байгаа мэдээлэл ч гэсэн авах зүйл алга. Үүнээс болж иргэд сэтгэл санаагаар унах, урам зориггүй болох зүйлс гарч байна. 
- Дөрвөн жилийн өмнө байна уу даа Ховд, Бөхмөрөн хоёр сумын хөгжил өдөр шөнө шиг байна гээд орон нутгийн хэвлэл дээр гарсан байсан. Гэтэл сүүлийн хоёр жил танай сум ажлаараа аймагтаа тэргүүллээ. Хурдан өөрчлөгдөхөд юу нөлөөлөв? 
- Би Засаг даргаар зургаан ажил ажилласан. Намайг ажил авч байхад буюу 2008 онд 19-р байранд бичигдэж байлаа. Бүх албан байгууллагын ажил хангалтгүй. Гэрэл цахилгаангүй, айлуудын хашаа гэж ундуй сундуй, архи уудаг архичидтай сумын тоонд орсон байсан. Хажуудаа гол устай баян хангайтай болоод ч тэрүү иргэдийн санаачилга самбаа сайн биш байсан. Миний хувьд ажлаа аваад өөрөө үлгэрлэж иргэдээ ажил хөдөлмөрт уриалсан, иргэдээ сэдэлжүүлсэн. Тэгтэл сумын амьдрал, ахуй төрх бага багаар сайжирсан. 19-р байрнаас айргийн тавд орж ирсэн. Сүүлийн хоёр жил тэргүүлж байна. Бөхмөрөн хурдан өөрчлөгддөг сум гэж хүмүүс хэлдэг. Яваад ирэхэд л өөр болсон байдаг. Өнгө зүс нэмсэн байдаг гэж. Хоёрт сумынхаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бид үр бүтээлтэй зүйлсийг хийж чадсан. Жишээ нь 1.5 метрийн өргөнтэй Нэг километр явган хүний замыг бид 25 сая төгрөгөөр тавьсан. Манай сумынхан өөрснөө брожураа үйлдвэрлэдэг. Гэтэл үүнийг худалдаж аваад хийсэн бол их тоо гарна. Манай зэргэлдээ Баян-Өлгийн Ногооннуур сум ийм ажлыг 40 сая төгрөгөөр зарласан байна лээ. Би буруу хэлж байж магадгүй Улаангомд иймэрхүү ажил 60 саяар хийгддэг байх. Энэ мэтчилэн бид орж ирсэн хөрөнгө оруулалтаа, сумынхаа, хүн ардынхаа нөөцөд тулгуурлан иргэдтэйгээ хамтран хийсэн. Ингээд дарга, цэрэг гэлтгүй хамтран хичээсний үр дүнд Бөхмөрөн сумын дайтай сум болж байна даа. 
- Хувийн хэвшлийн түншлэлээр томоохон ажил хийсэн анхны сум мөн л танай сум байсан? 
- 2013 онд манай сум хувийн хэвшлийн түншлэлээр 800 орчим сая төгрөгийн ажил хийсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувийн хэвшилтэй хамтран ажиллах талаар шийдвэр гарсан. Бид түүнийг хэрэгжүүлж ажилласан. Сумдаас анхлан бид нэгдсэн халаалтад холбогдсон. Хувийн хэвшил хувийн хөрөнгөөрөө хийгээд одоо үйлчилгээгээ үзүүлээд явч байна. 
- Таныг танай сумынхан их хүндэтгэдэг. Ядамжав дарга иргэдтэйгээ ойр, тэдний хуу дунд орж ажилладаг. Бодлого шийдвэрт иргэдийнхээ саналыг чухалчилж, нийтийг хамарсан ажил ч иргэдтэйгээ зэрэгцээд хог цэвэрлээд, хашаагаас янзлаад явж байдаг гэж? Үүнийг шүүмжлэх гэсэн нэг нь бусдад таалагдахын тулд хичээж байна аа гэж хардаг? 
- Би төрийн албан хаагч, сум орныг удирдаж байгаа хүн. Ёс зүйтэй, өөрөө үлгэрлэж ажиллах шаардлагатай. Ёс зүйтэй ажиллана гэдэг нь ёс зүйтэй байя гэж бодохоос гадна үйл хөдлөлөөрөө харуулах ёстой. Энэ бол миний эцэг эхээс, нийгэм, хамт олноос олж авсан хүмүүжил, боловсрол, амьдралын туршлагатай холбоотой. Би нийтийн аж ахуйн үйлчилгээний газар залуу байхдаа удирдах ажил хийж байсан. Өмч хөрөнгө идэж болохгүй, хамт олноо хүндэлж дээдэлж, тэднийг сонсож ажиллахыг тэр үед л суралцсан. Энэ туршлагаараа олон жил ажиллаж байна. Хүмүүс намайг хайрлаж хүндэлдэг нь надад мэдрэгддэг. Түүнд нь би урамшиж ажилладаг. Манай сум хурдан өөрчлөгдсөн. Залхуу, архи уудаг байдлаасаа хурдан салсан. Одоо ихэнх айл өрхүүд хувийн байшинд амьдарч байна. Санаачилгатай залуучууд улам нэмэгдэж байна. Тэд эрт босч олон ажил амжуулахыг хичээдэг болсон. Энэ мэт амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлтийг хүмүүс өөрчлөлт гэж хүлээж авдаггүй. Түүнийг бага олж хардаг. Бөхмөрөн сумын төвөөр дайраад гарсан хүн энэ сум хогтой байна уу, муухай байна уу, гоё байна уу гэдгийг олж харна. Манай сум хурдан хөгжиж өөрчлөгдсөн нь хүмүүсийн ухамсар сэтгэхүйд гарсан эерэг өөрчлөлтийн тусгал. Түүнээс би бүгдийг нь хийгээгүй. Харин иргэдээ ажил хөдөлмөрт уриалж, далд ухамсарт нь байгаа сайн чанаруудыг нь сэргээсэн, сэрээсэн. Би архи уудаг байсан. Дарга болоод архинаас гарсан. Дарга нь уугаад байвал дараачийнх нь уугаад л явна. Би дарга гээд бусдыг зараад суухыг хүсдэггүй. Өөрөө тоосгоо цохиод л ажлынхаа заваар байшингаа барьж авсан. Орон нутгийн хөгжлийн сан гэж байхаас өмнө бид ард түмэнтэйгээ нийлээд зураг гаргаад батлуулаад гэрэл шонгоо татаж байсан. Тамгын газрын хамт олонтойгоо амралтын өдрөөр хог цэвэрлэх, мод тарих гээд нийтийг хамарсан ажилд өөрөө манлайлаад л оролцдог байлаа. Муухан хийж байгаа хүн байвал дэмжээд, буруу хийж байвал засаад өгөхийг хичээдэг. Ажилсаг, хөдөлмөрч чанар бол миний аав ээжээс өгсөн хүмүүжил. Түүнээс нэр алдар олж, нийтээр хүрээлүүлэхийн тулд хийж байсангүй ээ. 
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн болж байна. Энэ жилийн хувьд энэ л асуудлыг шийдье гэсэн зүйл юу байна? 
- Мөнгө төгрөг бага байхад түүнийг, үүнийг шийдүүлье гэж ярих нь илүүц гэж бодож байгаа. Бөхмөрөн гэхээсээ илүү Увсынхаа хөгжлийн төлөө санал, санаачилга гаргана гэж бодож байгаа. Улсаас мөнгө авлаа, байшин барилга барилаа, халамж өгч байна, тодорхой түвшинд ажилтай орлоготой болголоо. Дан ганц эдгээрийг хийгээд хөгжихгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хэрхэн хөгжих юм бэ гэсэн асуудал гарч ирнэ. Ерөөсөө иргэдийнхээ санаачилгыг өрнүүлэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжих ёстой. Төр ганцаараа бүгдийг шийдэж чадахгүй. Дээр хэлсэн Бөхмөрөн сум өмнө байснаасаа хурдан өөрчлөгдсөн үндэс нь иргэдээ идэвхитэй, санаачилгатай болгосонд байсан гэж. Бөхмөрөн сумын иргэд хийж болох ямар л ажил байна бүгдийг хийхийг хичээдэг. Бид өөрсдөө өвсөө хадаж, тоосгоо цохиж, брожураа хийж байна. Тиймээс Увсынхан хөдөлмөрч, ажилсаг, бүтээлч, оюунлаг, бие бялдрын хөгжилтэй гэх мэтээр иргэдийнхээ үндсэн чанарт нь тулгуурласан хөдөлгөөн өрнүүлж, ажил хэрэг болгох, иргэдээ сэргээсэн, тэдний нөөц бололцоог илрүүлсэн 2015 он байгаасай л гэж хүсч байна. 
- Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%