Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

2014-12-02

     Илтгэгч :  Дархан-Уул аймгийн Засаг дарга С. Насанбат
    
     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө!
     Эрхэм нөхөд өө!
 
   Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахдаа сумдын ЗДТГазар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлагуудаас саналыг авч, “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,  “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021 он/” зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдтэй нягт уялдуулан боловсруулсанд энэхүү зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний онцлог, ач холбогдол нь оршиж байгаа юм.
     2014 оныг аймгийн хэмжээнд “Иргэн, төрийн холбоог бэхжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд:
1.    “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэнэ”,
2.    “Хотын соёлыг төлөвшүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ” гэсэн 2 зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх 10 арга хэмжээ, 15 ажил  бүхий төлөвлөгөө боловсруулан батлуулж, холбогдох төр, захиргааны байгууллагуудад үүрэг даалгаврыг өгч хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
    “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн нийт 9 бүлэгт тусгагдсан 95 зорилт, 333 үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулан ажилласнаар  2014 оны  11 сарын байдлаар тус хөтөлбөрийн хэрэгжилт 56.25 % буюу 2.81 онооны үзүүлэлттэй байна.
      “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хэрэгжүүлэн ажиллахаар тусгагдсан дараах хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
1.    “Ном” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 2/03 дугаар тогтоол)
2.    “Авъяас” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 2/03 дугаар тогтоол)
3.    “Төрийн захиргааны албан хаагчийн чадавхийг дээшлүүлэх” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 36 дугаар тогтоол)
4.    “Дархан хотын орон сууцны 6 дугаар хорооллыг Орон сууцны жишиг хороолол” болгох төсөл (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 41 дүгээр тогтоол)
5.    “Мөнх ногоон хот” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 41 дүгээр тогтоол)
6.    “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр” (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 48 дугаар тогтоол)
7.    “Монгол хэл бичгийн аймгийн дэд хөтөлбөр” (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 56 дугаар тогтоол)
8.    “Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 57 дугаар тогтоол
9.    “Архигүй монгол хүн” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоол)
10.    “Смарт Дархан” хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 30 дугаар тогтоол) зэрэг хөтөлбөрүүд болно.

        Аймгийн ИТХ-аар батлагдсан 2005-2020 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг 3, хөтөлбөр 6, төсөл 1, дэд хөтөлбөр 25, нийт 35 бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
            Дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Та бүхэнд танилцуулья.
НЭГДҮГЭЭР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:
         Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангуулах 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 32 хэрэгжүүлэх арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллалаа.
         Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2014 оны 10 дугаар сард төвийн бүсийн 5 аймгийн 183 эрх бүхий албан тушаалтнуудын дунд, мөн 6, 11 дүгээр саруудад аймгийн  төр захиргаа, хууль хяналтын болон нийт иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад  Авлига, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх түүний хор уршиг, төрийн байгууллагын ил тод байдлыг хангуулах чиглэлээр  сургалтыг зохион байгуулж, уг сургалтад 600 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
      2014 онд “Гэмт явдлаас сэргийлье” аяныг жилийн турш зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан, ажлын хэсгийн хурлыг 2 удаа хуралдуулж хийх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.  Аяны хүрээнд Их дээд сургуулийн сурагчдын дунд АСТ тэмцээн зохион байгуулж, орон нутгийн телевизүүдээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 төрлийн шторк, богино хэмжээний 2 удаагийн нэвтрүүлгийг гарган нийтэд хүргэлээ.    
       Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд шинэчилсэн бүртгэлийг явуулсан ба 97 төрийн бус байгууллага албан ёсоор  бүртгэгдээд байна. 2014 онд Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн “ Орон тооны бус зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  “Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах нь” сэдэвт сургалтад 5,  “Төрийн бус байгууллагын ня-бо бүртгэл, санхүүгийн тайлан гаргах  аргачлал” сэдэвт сургалтад 30 гаруй ТББ-ууд оролцлоо.  “Хүчирхийлэлд өртсөн  хохирогчид үйлчилгээ үзүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг түр  хамгаалан  байршуулах байр”-ыг “ Сэтгэлийн Дэм Мөнх” ТББ-ыг түшиглэн байгуулж,  үйл ажиллагаанд нь 8.3 сая төгрөгийн дэмжлэгийг  Орон нутгийн хөгжлийн сангаас үзүүлсэн.
      2014 онд “Смарт Дархан” аймгийн хөтөлбөрийг боловсруулан “Цахим засаглал” программыг аймгийн нийт төрийн албан хаагчдад хэрэглэж хэвшүүлэх зохион байгуулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
       Орон  нутгийн үйл амьдралтай холбоотой 1463 мэдээ мэдээлэл мөн тендерийн урилга, ажлын байрны захиалгатай холбоотой 150 гаруй мэдээллийг e-darkhan.com сайтад байршууллаа. Мөн аймгийн ЗДТГ-ын facebook хаягт 857 мэдээ, мэдээлэл бэлтгэн нийтэллээ. Аймгийн албан ёсны вэб сайт болох darkhan.gov.mn сайтыг 2014 оны 05 дугаар сараас эхлэн ажиллуулж, АТГазар болон бусад төрийн байгууллагуудын шаардлагад нийцүүлэн орон нутагтай холбоотой мэдээллийг бүрэн оруулж,  50 гаруй мэдээ мэдээллийг бэлтгэн байршуулсан байна. Орон нутгийн DBS, ЛХА, ТВ-12 телевизүүдтэй хамтран 21 удаагийн “Нээлттэй төр” ярилцлагад холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж нийт 15 удаагийн ярилцлага бэлтгэн иргэдийн хүртээл болголоо. “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”, “Оны онцлох хүн-2014”, “Цэвэрч хотын төлөө” зэрэг нийт 20 шторкийг бэлтгэж олны хүртээл болголоо.  Орон нутагтай холбоотой 25 удаагийн мэдээ,мэдээлэл бэлтгэн МҮОНТ, ТV-5 телевизүүдээр  нэвтрүүлж, SBN, TB-8, ТВ-9, UBS, NTB, ТВ-5,  телевизийн уран бүтээлчид манай аймагт ажиллах үеэр аймаг орон нутагтай холбоотой 59 мэдээ, мэдээлэл өгч холбогдох, иргэдэд хэрэгцээтэй болон цаг үеийн холбогдолтой 496 зарыг орон нутгийн телевизүүдээр дамжуулан иргэдэд хүргэлээ.

   2014 оны эхний 11 сарын байдлаар аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний Танхим”-аас 22 удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ арга хэмжээнд давхардсан тоогоор 1873 иргэн оролцож, 336 гаруй санал гарсаныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллалаа.
     Мөн “Иргэний танхим”-тай хамтран “ИРГЭНИЙ СОЁЛООС ХОТЫН СОЁЛ ХАМААРНА” хэлэлцүүлгийг зохион байгуулан 200 гаруй иргэнийг хамруулж, уг хэлэлцүүлгээс гарсан 275 саналыг нэгтгэн холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг ханган, үүрэг даалгавар өгч ажиллалаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэддээ нээлттэй хүргэх зорилгоор “Хөрөнгө оруулалт хөгжлийн төв” ТББ-тай хамтран “ДАРХАН ХОТЫН ДҮРЭМ”-ийн төслийг боловсруулан 2 дахь хэлэлцүүлгийг нээлттэйгээр зохион байгуулж, уг хэлэцүүлэгт 90 гаруй иргэд оролцон дүрэмд тусгах саналаа өөрийн биер болон бичгээр ирүүлсныг судлан үзэж, дүрэмд тусган ажиллахаар дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

ХОЁРДУГААР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:
       Дархан-Уул аймгийн ДНБ 2012 онд 269,3  тэрбум, 2013 онд 386,6 тэрбум төгрөг болж өссөн ба 2012 оныг 2013 онтой харьцуулбал  ДНБ  117,3 тэрбум төгрөгөөр буюу 1.44 дахин  өслөө. Нэг хүнд ногдох ДНБ оны үнээр 2012 онд 2868,3 мянган төгрөг, 2013 онд 4074,6 мянган төгрөг болж,  2012 оныг 2013 онтой харцуулбал 42.0 хувиар өссөн байна. Тус аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 2.0 хувийг үйлдвэрлэж байна.
Аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлт 2014 оны эхний 10 сарын байдлаар 164,4  тэрбум төгрөгт /2005 оны зэрэгцүүлэх үнээр/  хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.6 тэрбум төгрөгөөр буюу18.5 хувиар өссөн дүнтэй байна.
      Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтөнд  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга, барилгын материалын үйлдвэрүүд мөн үндэсний хувцас, гутал, арьс ширний  үйлдвэрлэл нэмэгдсэн нь  нөлөөлжээ.   
“Дархан нэхий” ХК-ийн боловсруулсан төсөл ҮХААЯ-аар  дэмжигдэн Чингис бондын хөрөнгө оруулалтаас 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, арьс шир боловсруулах шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг эхлүүлэн 11-р  сарын байдлаар 95667 ш хөх шир боловсруулж, 28888 ширхэгийг Итали улс руу экспортод гаргаад байна.
        Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж буй "Эко ноос" ХХК  нь  Чингис бондоос 6,2 тэрбум төгрөгийн дэмжлэг авч Япон улсын ноос боловсруулах  тоног төхөөрөмж авч суурилуулан үйл ажиллагаагаа өргөтгөөд байна. Мөн энэ онд багтаан БНХАУ-аас ноос угаах, самнах машин тоног төхөөрөмж оруулж ирэн суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
      Аймгийн хүн амын хаврын улиралд шаардлагатай махны 50,0 хувь буюу 1000 тн махыг жил бүр үйлдвэрийн аргаар бэлтгэн нөөцөлж, хэрэглэгчдэд нийлүүлснээр махны үнийг тогтворжуулан, хангамжийг сайжрууллаа.
      “Төвийн бүсийн түншлэл-Дархан” үзэсгэлэн худалдааг аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон ба энэ ажлын хүрээнд 2014 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд  6 аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож 300 гаруй  нэр төрлийн 50 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан ба  энэхүү  үзэсгэлэн худалдаа нь  Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв аймгууд  болон Улаанбаатар хотын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах,  худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн чухал  арга хэмжээ боллоо.
      2014 онд 17,1 мянган га талбайд тариалалт хийж   үр тариа 10, 8 мянган га-аас 15,1 мянган тн буюу га тутмаас 14,0 центр, төмс 596 га-аас 6,7 мянган тн буюу га тутмаас 112.9 центр,  хүнсний ногоо 1,3 мянган га-аас 14,4 мянган тн буюу га тутмаас 117,4 цн, тосны ургамал 5,7 мянган га-аас  3,9 мянган тн буюу га тутмаас 7 цн, малын тэжээл 341,2 га-аас 528 тн буюу  га тутмаас15,5 цн, жимс жимсгэнэ 123,9 га-аас 30 тн  ургацыг  тус тус хураан авсан нь аймгийнхаа хүн амын хүнсний нийт хэрэгцээний үр тариаг 100 хувь, төмс хүнсний ногоогоор 2,3 дахин хангахуйц ургац хураан авсан байна.
    
        Хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны талаар
    
    Дархан-Уул аймагт 2014 онд Улсын төсвийн 36.6 тэрбум төгрөгний, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 1.5 тэрбум төгрөгний, орон нутгийн хөгжлийн сангийн 9.5 тэрбум төгрөгний, орон нутгийн төсөв болон замын сангийн 3.5 тэрбум төгрөгний, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.4 тэрбум төгрөгний, нийт 51.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 169 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ.
     2014 онд төлөвлөлт болон иргэдийн саналд тулгуурлан Улсын болон орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 99 бараа, ажил, үйлчилгээнд 19.2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор төрийн болон төрийн бус байгууллагын 500 төлөөлөл, иргэд үнэлгээний хороонд орж ажилласан байна. Мөн тендерийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор худалдан авалтын 20.0%-ийг цахим хэлбэрээр хийсэн байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 58 бараа, ажил, үйлчилгээг иргэдийн оролцоотойгоор зохион байгууллаа.

      “Жишиг хороолол” төслийн талаар

       Төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах замаар иргэдийн ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үйл ажиллагааны гол чиглэл юм.  Ийм ч зорилгоор хорооллыг иж бүрнээр нь тохижуулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд “Жишиг хороолол” төслийг санаачилсан юм. 2013 онд “Жишиг хороолол”-1 төсөл Дархан сумын 11,12-р багт амжилттай хэрэгжсэн билээ. 2014 онд    “Жишиг хороолол-2” төслийг  Дархан сумын 4, Өргөө багийн нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ.  Энэ төслийн хүрээнд: 3.2 мян м2 талбай бүхий 200 автомашины зогсоол, 4.9 мян м2 талбай бүхий 2.5 км урттай явган хүний зам тохижилтын хамт, 16.2 мян м2 талбай бүхий ногоон байгууламж хашаажуулалтын хамт, 0.5 км сайжруулсан шороон зам, 0.4 км асфальтан хучилттай замын шинэчлэлт, хорооллын дотор сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй Led гэрэл 100 ш, 9 хэсэг газарт хүүхдийн тоглоомын иж бүрэн  талбай, 150-200 хүний суудалтай задгай талбай зэрэг байгууламжуудыг шинээр байгуулж ашиглалтад тус тус орууллаа. Мөн “Жишиг хороолол-2” төслийн хүрээнд 5 байрны зоорийн давхрын инженерийн шугам сүлжээг шинэчлэн засварлаж, 5 байрны гадна фасадны өнгө үзэмжийг сайжруулан төв автозамын дагуух  82 ширхэг гудамжны гэрлийг LED гэрэлтүүлгээр шинэчиллээ.
        Бид цаашид “Жишиг хороолол-3” төслийг 2015 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл  ажлыг хангаж байна. Бүрэн эрхийн хугацаанд энэхүү төслүүдийг хэрэгжүүлсэнээр 40 гаруй мянган иргэдийн ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Дархан хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн орон сууцны ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны гаднах фасадыг  1.0 тэрбум,   нийтийн эзэмшлийн орон сууцны 24  байрны зоорийн давхрын инженерийн шугам хоолойн засварт 1.8 тэрбум төгрөг тус тус зарцууллаа.
        Орон нутгийн хөгжлийн сангаас аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн зориулалтаар 2 автомашиныг 57.0 сая төгрөгөөр, Шарын гол сумын Цагдаагийн Тасаг, Орхон сумын Цагдаагийн хэсэгт УАЗ-31512 маркийн 2 автомашиныг 52,0 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийлээ.  Төслийн шугамаар Малын хулгайтай тэмцэх тасагт УАЗ-31512 маркийн 1 автомашиныг шилжүүллээ.
     Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд малын хулгай болон бусад гэмт хэрэг буурах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
    2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бандийн толгойд баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Мангирт хороололд 100 хүүхдийн цэцэрлэг,  Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийн цэцэрлэг, 150 ортой сургуулийн дотуур байрны барилга,  8 дугаар баг Энэрэл цогцолбор сургуулийн хашаанд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд ажлын явц  70-85%-ийн гүйцэтгэлтэй байна. Дээрхи барилгуудыг барихад улсын төсвөөс нийт 6.0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
    “Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг”-ийн байрыг 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, автомашины парк шинэчлэлд  300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 автомашин нийлүүлэгдээд байна. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийн барилгыг аймгийн төсвийн 450.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авлаа.
    ЭМЯ-наас 19,4 сая төгрөгний  үнэ бүхий автомашиныг Хонгор сумын “Эрүүл мэндийн төв”-д хүлээлгэн өгсөн.     
    2014 оны улсын төсвийн 1 тэрбум 491 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 3 давхар барилгын барилга угсралтын ажил дууссан ба гадна, дотор засварын ажил хийгдэж байна.

       Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар

    Иргэдэд нийтийн тээврийн хөнгөн шуурхай, соёлтой  үйлчилгээг хүргэх ажилд ахиц гарч байна. “Элит Хөгжил” ХХК, Тээвэр Авто Замын Газартай хамтран 2013 оны 12-р сараас эхлэн хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээнд “Том оврын автобусны үйлчилгээг”-г нэвтрүүллээ.
    Нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор  автобусны 8 буудлыг шинээр байгуулж, ашиглалтад орууллаа.     
    Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдад олгох нийтийн тээврийн нөхөн олговрын асуудлыг холбогдох газруудад удаа дараа тавьж ажилласны үр дүнд 2015 оны орон нутгийн төсөвт нийтийн тээврийн хөнгөлөлтийн нөхөн олговорын санхүүжилтийг шийдвэрлүүллээ.
    Алслагдсан гэр хорооллын сургуулийн насны хүүхдийн нийтийн тээврийн үйлчилгээнд 2 автобус үйлчилж эхний 11 сарын байдлаар  давхардсан тоогоор 72,0 мян хүүхдэд  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.
    Мөн Орхон суманд энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр 650 хүүхэд хүүхдийн автобусаар үйлчлүүлсэн байна. Ахмад настнуудын үйлчилгээнд 2 автобусыг батлагдсан маршрутын дагуу явуулж хэвшүүлсэнээр давхардсан тоогоор 98522 ахмадууд хамрагдсан байна.
    Хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах талаар
Бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол цэцэрлэгийн хүртээмж болон хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх асуудал байсан. Энэ ажлын хүрээнд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийг шинээр байгуулах, өргөтгөл хийх, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох зэргээр зохион байгуулж ажиллалаа. Үүний үр дүнд төрийн өмчийн 18, хувийн өмчийн 19, байгууллагын 3 цэцэрлэгт 6678 хүүхдийг хамруулж, хамран сургалт 83.0 %-д хүрч өмнөх оны мөн үеийнхээс 10.0 %-иар нэмэгдсэн байна. 2015 онд 450 хүүхдийн  цэцэрлэг шинээр ашиглалтад орно. (Дархан сумын 1, 8, 15 дугаар баг, Шарын гол сум).  Цаашид бүрэн эрхийн хугацаанд шинээр 4-6 цэцэрлэг ашиглалтад оруулж, СӨБ-ын хамрагдалтыг 86.0%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.
     Аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, эцэг эхчүүд, багш ажилчид өөрсдөө санал санаачлага, идэвхи зүтгэл гарган ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд  294,2 сая төгрөгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн хүүхэд багачуудад аятай тухтай орчин бүрдүүлсэнийг би зориуд цохон тэмдэглэж талархал илэрхийлье. Мөн урсгал засварыг 57,7 сая төгрөгөөр  хийж гүйцэтгэлээ. Үүний үр дүнд хүүхдийн сурч, боловсрох таатай нөхцөл бололцоо бий болж байна.
      2014 оны эхний 11 сарын байдлаар “Ном”, “Авьяас” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хамгийн хүртээмжтэй 25 төсөлд ОНХС-аас 49.0 сая, мөн Олон улс болон улсын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад амжилт үзүүлсэн шилдэг тэргүүний сурагчид, багш, дасгалжуулагч нарт  аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн шагналд 7.2 сая төгрөг тус тус зарцууллаа.
    Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад 2014-2015 оны хичээлийн жилд “Бага боловсролын үндэсний цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж сайжруулах, суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн тохироцыг Үндэсний лаборатори Оюуны-Ирээдүй цогцолбор сургуульд шалган туршиж, энэ оны 3 дугаар улирлаас бүх сургуульд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил, зохион байгуулалтыг бүрэн хангаад байна.
       ЕБС-ийн суралцагчдын болон багшийн ажлыг үнэлж дүгнэх журам бүрэн шинэчлэгдэж чанарын үнэлгээний тогтолцоонд шилжсэн бөгөөд үүний үндсэн баталгаа болсон элсэлтийн ерөнхий шалгалтаар манай аймаг 2014 онд Улсын хэмжээнд  4 дүгээр байранд шалгарсан нь боловсролын салбарын чанарын амжилтын нэг гол үр дүн гэж үзэж байна.
 
          Эрүүл мэндийн чиглэлээр
    
    2014 оныг ЭМЯ-наас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”  болгон зарласантай  холбогдуулан аймгийн хэмжээнд 8 зорилтын хүрээнд 60 ажил хийхээр төлөвлөж ажиллалаа.
    Аймгийн хэмжээнд 0-1 хүртэлх хүүхдийн нас баралт Улсын дундажаас 1 дахин бага, эхийн эндэгдэл гараагүй, хүүхдийн хүлээн авах тасгийн “Хүлээн авах хэсэг”-ийг орчин үеийн жишиг стандартад нийцсэн хэсэг болгосон зэрэг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 50.0 сая төгрөгийн хандив, тусламжаар 7 хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлснээр иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ 94.3%-д хүрсэн байна.
    Аймгийн хэмжээнд 5 “Өрхийн эрүүл мэндийн төв” нь нийгмийн эрүүл мэндийн 8 чиглэлээр багц тусламж үйлчилгээ үзүүлж, энэ арга хэмжээнд 218333 иргэн, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 105981 иргэн буюу 48.5% нь хамрагдсан нь өмнөх оныхоос 10.7%-иар өссөн дүнтэй байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролын мэдлэг  76.4%, хандлага 37.8%, дадал 26.2% дээшилсэн дүнтэй байна.
    Аймгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн салбар хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 2014 онд 5768 эх хүнд жирэмсний хэв авиан оношлогоо хийлгэснээр 8 ургийн гажгийг оношилж, зөвлөлгөө өгсөн, 172 иргэнд дурангийн цөс авах хагалгаа хийлгэснээр иргэдэд 22.3 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна.
    Мөн 2363 эхийн төрөлтийг мониторгийн тоног төхөөрөмж ашиглаж төрүүлснээр эрүүл хүүхэд төрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, хүүхдийн эрчимт эмчилгээнд 378 хүүхэд эмчлүүлснээр сэхээрэл 96.0%-ийн үзүүлэлттэй гарсан байна.  

    Нийгмийн халамж,  хамгааллын  чиглэлээр

       “АХМАД НАСТНЫ ХӨГЖИЛ  ХАМГААЛЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО”  үндэсний зөвлөгөөнийг аймагтаа зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн  184 ахмад настан, нийт 300 гаруй зочид,  төлөөлөгчид оролцсон.
      Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 6769 ахмадад 635,9 сая, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламжийг 511 иргэнд 174,6 сая, халамжийн тэтгэврийг 2115 хүнд 2.095,5 сая төгрөгийг тус тус нийгмийн халамжийн сангаас олгоод байна. Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдэд гэр олгох нэг удаагийн тусламжийг нийт 245 иргэнд олголоо.
       Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага 2014 онд 1586 болж, өмнөх оноос 199 аж ахуйн нэгж, байгууллагаар нэмэгдэн,  1225 малчин иргэн, 10822 ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагчийг эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Нийгмийн даатгалын сангуудад мөн онд 39,1 тэрбум төгрөг хуримтлуулж, иргэдийн тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд 47.5 тэрбум төгрөг зарцууллаа.

      Хөдөлмөр эрхлэлтийн  чиглэлээр
    
    Орон нутгийн хэмжээнд бий болсон ажлын шинэ байрны бүртгэлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь ангилж үзвэл хамгийн их ажлын байр бий болгож буй салбар нь боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарууд байна.
    2014 оны 11 сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлээр - 687, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд - 80, Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд- 80, Сум хөгжүүлэх сангаар - 46, Улсын төсвийн хөрөнгөөр – 61, Хувийн хөрөнгө оруулалтаар -776, нийт 1803 ажлын байр бий болж “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн байна.
    2013 оноос эхлэн “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж  алслагдмал гэр хорооллын өрхүүдийн сургуулийн насны хүүхдийг    тосох, сургуульд хүргэж өгөх, ой хээрийн гал түймэр, хог хаягдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор морин ба эко эргүүл, төмс хүнсний ногоо тариалах  зэрэг арга хэмжээнд 40-с дээш насны нийт 445 иргэнийг төсөл, хөтөлбөрт хамрууллаа.

     Орон сууцны  хангамжийг сайжруулах талаар

        2013-2014 онуудад Засгийн газрын “100000 айл орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 24 байршилд 2114 айлын нийтийн орон сууц шинээр ашиглалтад орсноор 8000 гаруй иргэд тохилог орон сууцанд амьдрах нөхцөл бүрдлээ.
        Хотын захын барилгажаагүй байгаа талбайд иргэдийн хүсэл шаардлагад нийцсэн, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, зөв төлөвлөлт бүхий инженерийн шугам сүлжээ, хашаажуулалт, зам талбайн цогц шийдэлтэй амины орон сууцны цогцолбор хорооллыг бий болгох зорилгоор хийсэн нэг гол ажил бол Дархан хотын иргэдэд зориулсан 251 айлын амины орон сууцны төсөл юм.
        Энэ төслийн инженерийн шугам сүлжээ, хашаа, гэрэлтүүлгийн угсралтын ажлын зураг төсвийг магадлалд оруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ”Бурхант-хясаат” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
       Энэ ажлын хүрээнд бохирын төв шугамын угсралтын 4090 метр шугам, 217 худаг угсарсан ба 1 дүгээр контурын дулаан, цэвэр усны төв шугамын ажил 100% хийгдсэн ба 2 дугаар контурт түгээх шугамын 43 худаг, шугам угсралтын ажил 85.95%-тай хийгдэж байна.

Дархан хотын дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах талаар

1.    Цэвэр ус хангамжийн шинэчлэл
    Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  “Комфорт- Импекс” ХХК нь Дархан хотод 100-500 мм-ийн диаметртэй, 18.3 км урт цэвэр усны шугамын  ажлыг хийж гүйцэтгэлээ.
    Мөн Дархан хотын ус хангамжийн системийн гэмтлийн давтамж ихтэй 13 цэгийн нийт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засвар шинэчлэлтийн ажлын эхний хэсэг 1,0 тэрбум төгрөгийн ажлыг 2014 онд “Алъяанс тех” ХХК гүйцэтгэлээ.
    Орхон суманд Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,5  км цэвэр ус хангамж, 1,5 км бохир ус ариутгах татуургын шугам хоолойн шинэчлэлийн ажлыг “SMD” ХХК нь 100% хийж гүйцэтгэлээ.

2.    Дулаан хангамжийн шинэчлэл
    Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11,12 дугаар хорооллын дулаан хангамжийн барилга угсралтын ажил болон ЦТП буюу дулаан хуваарилах 2 цэгийн тоног төхөөрөмжийн угсрах ажлыг “Алъяанс Тех” ХХК нь 100% гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өглөө.
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Дархан сумын 15  багийн Хабитат, Мангиртын чиглэлийн инженерийн шугам сүлжээний ажлыг 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум,  0.6 тэрбум, нийт 1.6 тэрбум төгрөгийн ажлыг “ЧМ” ХХК нь 100% хийж гүйцэтгэлээ. 2015 онд үлдсэн ажлыг хийж гүйцэтгэнэ.
     Дархан-Уул аймгийн хэмжээнд бүх сумдын нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын зоорийн давхарын инженерийн шугам сүлжээний 30.0 гаруй хувийг шинэчлэн засварлахад  2.1 тэрбум, аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон соёлын байгууллагуудын сантехникийн засвар шинэчлэлийн ажилд 1.2 тэрбум төгрөгийг тус тус зарцууллаа.

3.    Цахилгаан хангамжийн шинэчлэл
    2014-2016 онуудад улсын төсвөөс Дархан-Уул аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр 30,2 тэрбум төгрөг хуваарилагдан УИХ-аар батлагдсан. 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10.9 тэрбум төгрөг санхүүжилт хийгдэж, үлдсэн хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.
    Тухайлбал:
     - Дархан сумын 2,3 дугаар хорооллын гадна цахилгаан хангамжийн 5.4 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй ажлыг “Мон-Консалт Энержи” ХХК гүйцэтгэж бүрэн хийж гүйцэтгэлээ.
    - Дархан сумын 11, 12, 23, 24, 25, 26 дугаар хорооллын гадна цахилгаан хангамжиийн 10.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг “Тавин лан” ХХК нь 6.7 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ажлын гүйцэтгэл 80.0 гаруй хувьтай байна.
    - Хөтөл хорооллын 2000 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн 1.8 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй ажлыг “Эрчит цэнэг” ХХК 1.0 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ажлын гүйцэтгэл 90.0 гаруй хувьтай байна. 2014 онд багтаан бүрэн хүлээлгэн өгнө.
    - Үйлдвэрийн районы 35/6 кв-ийн шугам, дэд станцын хамт 3.9 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй ажлыг “Эй Би Жи Энерго” ХХК нь 1.9 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ажлын гүйцэтгэл 90.0 гаруй хувьтай байна.
    - Дархан ДДС-ын үнсэн санг шинэчлэх 8.9 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй ажлыг “Хотгор зам” ХХК нь Улсын төсвийн 3.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн явц 55.0 хувьтай байна.
    - Бурхант дэд станцын 110/6 кв-ийн дутуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.
      Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотын төв гудамжны гэрэлтүүлэг болон гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, шинээр суурилуулах ажилд нийт 900.0 сая төгрөг зарцууллаа. Үүнд хотын төв замын дагуух гэрэлтүүлэг 376 ширхэг 250-400 вт-ын улайсах лампыг БНСУ-ын эрчим хүч бага зарцуулдаг орчин үеийн 180 вт-ын ЛЕД гэрлээр солилоо.     
      Орхон, Хонгор сумдын зам талбайн гэрэлтүүлэгт 67.0 сая, Хараа голын гүүрнээс  Ширээн нуруу хүртэлх зам дагуу болон 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 2,7 км замын гэрэлтүүлэг, Хөтөл хорооллын өндөрийн 6 гэрэлтүүлэг зэрэгт 235,6 сая төгрөгийг тус тус зарцууллаа.

4.    Хотын доторхи автозамын засвар шинэчлэлийн ажлын талаар
    - Дархан сумын 11,12 дугаар багийн нутаг дэвсгэрт 0,99 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 543,1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв. /16 давхар байрнаас Дархан Зочид буудал хүртэлх зам/
    - Дархан сумын 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрт 0,46 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 169,9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. /Хээтэй хорооллын дундах зам/
    - Дархан сумын ЗДТГ-аас төмөр замын гарам хүртэлх 0,67 км  авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 240,7 сая төгрөгөөр авто замын хийж гүйцэтгэлээ.
    Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэснээр Дархан хотын доторх асьфалтбетон хучилттай Шинэ-хуучин Дарханы төв замын засвар шинэчлэлтийн ажил дуусч байгаа юм.
    Аймгийн төсвийн 526.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Монгол алт”-ний уулзвар дээр “Дөрвөн замын уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, орчин үеийн жишигт нийцсэн гэрлэн дохио, гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ уулзварын дулаан дамжуулах шугам хоолойг нэвтрэх сувагт шилжүүлэх ажлыг “ДДС” ТӨХК нь 267,0 сая төгрөгөөр гүйцэтгэж ашиглалтад өгсөн.
    Мөн Шинэ-хуучин Дарханыг холбосон 8.0 км автомашины замын эхний хэсэг болох 2,48 км замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, газар шорооны ажил эхлээд байна.
    Дархан, Шарын гол, Орхон сумдуудын гэр хорооллын доторх  4.3 км сайжруулсан шороон авто зам, гүүрийн засвар шинэчлэлт, автобусны стандарт зогсоолуудыг 432.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.
    Шарын гол сумын Шаазгайтын 0,46 км  бетон замыг 179,9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.
     Хот төлөвлөлт, газар олголтын талаар    
    “Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу 8-н хороололд  “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан ба энэ төлөвлөлтийн асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болон аймгийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.
Уг төлөвлөлтийн хүрээнд Дархан сумын 10 дугаар баг 25 дугаар хороололд 251 айлын “Амины орон сууцны төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд уг төсөл нь орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд хот байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг  бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас ямар нэгэн санхүүжилт аваагүй гэдгээрээ онцлог юм.
    Аймгийн Захирагчийн алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудын инженерүүд, барилгын зураг төслийн “Мон-Мос” ХХК-тай хамтран 2014 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд газар зохион байгуулалт, инженерийн шугам сүлжээний хүртээмж түүний ашиглалт хэтийн төлөв бодлогын талаар судалгаа хийж,  Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  Ерөнхий төлөвлөгөөний дагуу 8-н байршилд нийт 230,7 га талбайд 13162 айлын амины болон нийтийн орон сууц барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан.
     Дархан сумын 3, 11, 12,13, 23, 24, 25 дугаар хорооллуудын цахилгаан хангамжийн ажлын дагуу хаалттай хуваарилах байгууламж 3, хаалттай дэд өртөө 27-г хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулсан. Дархан сумын үйлдвэрийн районы цахилгаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажлын хүрээнд 35кв-ын агаарын шугамын трассыг тодорхойлж угсралтын ажил хийж дуусгалаа.
       “Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн Мангирт, Хабитат хорооллын Инженерийн шугам сүлжээний зураг төслийг гүйцэтгэж, угсралтын ажил хийгдэж байна. Мөн аймгийн хэмжээнд анх удаа гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллийн 152 га талбайд хийсэн ба энэхүү төлөвлөлтийн дагуу 900 гаруй айл өрхөд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулж газар олголт хийлээ.
    Дархан хотын нийтийн орон сууцны 3 дугаар хороолол нь Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт 19.6 га талбайд 12 давхар 60 айлын орон сууц 13 /нийт 780 айл/, 9 давхар 90 айлын орон сууц 8 /нийт 720 айл/, 1250 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 10, 16 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга 2,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, авто зогсоол баригдахаар төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн орон сууцны 11 дүгээр хороолол нь Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 8.0 га талбайд 12 давхар 60 айлын  нийтийн орон сууц 16 /нийт 960 айл/, 450 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2 болон 3 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, авто зогсоол, 2 давхар өргөх төхөөрөмжөөр тоноглогдсон автомашины  гараашийн барилгууд баригдахаар төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн орон сууцны 12 дугаар хороолол нь Дархан сумын 10 дугаар багийн нутагт 13,5 га талбайд 12 давхар 60 айлын орон сууц 22 /нийт 1320 айл/, 450 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга , 2 болон 3 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, автомашины зогсоол баригдахаар  төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн орон сууцны 13 дугаар хороолол нь Дархан сумын 11 дугаар багийн нутаг дэвсгэрт 23.2 га талбайд 12 давхар 80 айлын орон сууц 5 /нийт 400 айл/, 9 давхар 45 айлын орон сууц 10 /нийт 450 айл/, 12 давхар 48 айлын орон сууц 4 /нийт 192 айл/, 5 давхар 25 айлын орон сууц 20 /нийт 500 айл/, худалдаа үйлчилгээний төвийн барилга 3,   1250 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 240 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга,  140 хүүхдийн цэцэрлэгийн барилга ,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, автомашины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн болон амины орон сууцны 24 дүгээр хороолол нь Дархан сумын 10 дугаар багийн нутагт 12,9 га талбайд 16 давхар 80 айлын орон сууц 10 /нийт 800 айл/, 9 давхар 90 айлын орон сууц 15 /нийт 1350 айл/, 45 айлын  амины орон сууц, 1250 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2,3 болон 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай авто зам талбай, автомашины зогсоол барихаар төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн орон сууцны 29 дүгээр хороолол нь Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 75.0 га талбайд 12 давхар 60 айлын орон сууц 25 /нийт 1500 айл/, 9 давхар 45 айлын орон сууц 28 /нийт 1260 айл/, 12 болон 9 давхар 150 айлын орон сууц 12 /нийт 1800 айл/, 7 давхар 70 айлын орон сууц, 5 давхар 25 айлын орон сууц 15 /нийт 375 айл/, 16 давхар 70 айлын орон сууц 4 /нийт 280 айл/, 1250 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга , 10, 12, 16, 20 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга 6ш,  нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, автомашины зогсоол барихаар төлөвлөгдсөн.
    Дархан хотын нийтийн орон сууцны 31 дүгээр хороолол нь Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 48.1 га талбайд 8-н төрлийн загвар бүхий 390 айлын /80-250м2/ амины орон сууц, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, хатуу хучилттай зам талбай, автомашины зогсоол барихаар төлөвлөгдсөн.

      Газрын харилцааны талаар
    Аймгийн 2014 оны тухай жилийн батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2  дахь заалтын дагуу 6 байршилд нийтийн зориулалттай орон сууцны газрын эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын 2014 оны 202, 230, 289, 30, 97 дугаар захирамжийн дагуу ажлыг хэсэг байгуулагдан ажиллалаа.
Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг хуулийн дагуу 4 удаа зохион байгуулж, орон нутгийн төсөвт 129.9 сая, мөн урьд оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмших шийдвэр гарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Монгол улсын газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг орон төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж,  551.8 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүллээ.
Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний дагуу 2014 оны 11 сарын байдлаар 500.2 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Мөн урьд оны их хэмжээний газрын төлбөрийн өртэй 10 аж ахуйн нэгж, байгууллагын 58.0 сая төгрөгийн өрийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байна.
    Аймгийн ИТХ-ын 2014 оны 05 дугаар тогтоолын дагуу шинээр сууршлын бүс үүсгэн Дархан, Орхон сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 152.0 га талбайд төлөвлөлт хийж, нийт 560 иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

     Төрийн удирдлагын чиглэлээр
    Тайлант хугацаанд аймгийн Засаг дарга миний бие батлагдсан хуваарийн дагуу “Иргэдийг  хүлээн авах өрөө”-гөөр 154 иргэнтэй уулзан тэдний  санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
        Иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор аймгийн ЗДТГазар нь нээлттэй 70371212 дугаарын утасаар 125 иргэний  санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, зарим иргэдийн саналыг аймаг, сумын хөгжлийн бодлогын баримт бичигт тусган ажиллаж байна.
        Аймгийн хэмжээнд  2014 оны III улирлын байдлаар 22562 иргэний санал, өргөдөл, гомдол хүлээн авч, 21652  өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг амаар болон бичгээр өгсөн ба өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.9 хувь буюу 4.79 онооны үзүүлэлттэй байна.   

Гадаад харилцааны чиглэлээр

    Аймгийн хэмжээнд 2014 онд
  • 01 дүгээр сард Дархан хот болон Веспрем хотуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ,
  • 03 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн ИТХ, БНСУ-ын Кёнги аймгийн хурлын хооронд найрамдалт харилцааны “Санамж бичиг”,
  • 05 дугаар сарын 21-нд аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Төмөрпүрэв, Улан-Үдэ хотын Соёлын хэлтсийн дарга Ковалева Ирина  Владимировна нар соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр,
  • Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга С.Баясгалан, Улан-Үдэ хотын Аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Лагаев Александр Евгеньевич нар бизнес, худалдаа үйлчилгээний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг тус тус шинээр байгууллаа.
    2014 онд БНЭнэтхэг Улс, БНКазакстан Улс, БНАСАУ, Турк, Кувейт зэрэг 6 улсын Элчин сайдууд Дархан-Уул аймагт айлчилж, ажил хэргийн уулзалтуудыг зохион байгууллаа.
    2014.05.21.23-ны өдрүүдэд “Улан Үдэ-Дархан хотуудын эдийн засаг,
соёлын өдөр-2014” үйл ажиллагааг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд Улан-Үдэ хотын албаны 10, ажлын хэсгийн 9, бизнесийн 23, аж ахуйн нэгж, байгууллагын 40, уран бүтээлч  68, урлагын хүүхдүүд 38, нийт 165 төлөөлөгч оролцлоо.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

     2014 онд өмнөө тавьсан зорилтоо хамтын хүчээр амжилттай зохион байгуулсан гэж үзэж байна. Бид бүхэнтэй хамтран аймаг, орон нутгиийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, сум орон нутгийн удирдлагууд, төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэддээ талархал илэрхийлье.  
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%