Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дарханчууд “news.mn”-ийг сонгодог

2014-12-02

    Хэвлэлийн Хүрээлэнгийн Хойд Бүсийн төвөөс өдөр тутам сайтаас мэдээлэл авдаг Дархан хотын 16-аас дээш насны оюутан сурагчид, янз бүрийн ажил албаны 600 хүнээс санал асуулгаар судалгаа авахад 42 хувь нь зөвхөн “News.mn”-рүү ордог гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдыг нас хүйс мэргэжлээр нь түүвэрлэн жигд сонгосон учраас найрамдлын хотын иргэдийн дийлэнх нь “News”-ийн байнгын хэрэглэгчид гэдэг нь харагдлаа. Үүсэн байгуулагдсанаасаа хойш 10 жилийн турш мэдээлэл түгээж яваа “News” агентлагийн хамт олонд Дарханы сэтгүүлчид, уншигчдаас баярын мэнд хүргэж сэтгэгдлээ илэрхийлж байна.

Р.Жавхлантөгс-“Ара фильмс”студийн эрхлэгч, сэтгүүлч: -Агентлаг нь мэдээллийг хурдтай шуурхай хүргэдэгт бид талархдаг. Хүмүүсийн сонирхож чих тавьж байгаа онцлого үйл явдлын мэдээллийг “news.mn” арав хорин минутын өмнөх байдлаар нь цаг хугацааг нь зааж мэдээлж хэвшсэн. Амралтын өдрүүдэд ч аливаа үйл явдлын мэдээллийг алгасалгүй өртөөчлөн нийтэлдэг нь уншигчдын эрэлтэд нийцдэг. 


Б.Отгонбаатар -“Аа Жи Би”телевизийн редактор
: -Ажлын зав чөлөө багатай хүмүүс мэдээлэл хайж янз бүрийн сайт ухалгүй шууд л “news.mn”-рүү орох нь амар байдаг. Мэдээллийн багтаамжаараа бүрэн итгэлтэй. Сэтгүүлчид бид хамгийн түрүүнд “news.mn”-ийг л ашиглаад хэвшчихсэн. Орон нутгийн мэдээ нь 21 аймгаараа байнга шинэчлэгдэж байдаг нь эдний нэг давуу тал. Хөдөөгийн ажил амьдралыг тогтмол мэдээлдэг, орон нутгийн уншигчидтайгаа эргэх холбоо сайн тогтоосон сайт гэж иргэд үнэлдэг. Дарханчууд нутаг орныхоо тухай мэдээллийг “news.mn”-ээс л түрүүлж олж үзсэн байдаг.       

Ө.Рагчаасүрэн-“Орхон” телевизийн редактор: -Би компьютрээ асаагаад нэтрүү ороход “news.mn” хаяг хамгийн дээр нь байдаг. Ингэж тохируулсан хүмүүс миний эргэн тойрноор дүүрэн байгаа. Энэ нь “news.mn”-д итгэсний илэрхийлэл. Урлаг соёлын мэдээ нь бусдаас илүү сонирхолтой өргөн хүрээг хамардаг. Танин мэдэхүйн ач тустай номонд дурлах, хүний сайхан сэтгэл, оюунлаг гэгээрүүлэх мэдээллийг их тавьдаг нь уншигчдад гойд таалагддаг. “News.mn” Монгол бичгийн дэд сайт нээхээр болсныг дуулаад баярлаж байгаа хүн олон бий. Энэ нь хүүхэд залуус төдийгүй бүх хүн сайт руу орж суралцахад ач тустай. Бидний сонголт зөв гэдгийг улам баталлаа. “News” агентлагт ажилладаг залуусын ур чадвар, хурдтай шинж чанар, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг зүтгэлийг нь үнэлж байгаагаа илэрхийлье.     


Ж.Дашдорж –“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн мастер: -Дөнгөж нээнгүүт л цэгцтэй тэхдээ хүний анхаарлыг татсан, бас хэтэрхий эрээн мяраан биш, реклам баннерт нүд эрээлжлэхгүй гээд олон сайн юм “news.mn”-д бий. Хүн тогтмол ашиглахаар бүр дасчихдаг. Хаашаа эхэлж орж ямар мэдээлэл үзэхээ илүү мэддэг болчихоор ямар ч цаг гарздадгүй. Хоёр дахь арван жилдээ улам хүчирхэгжиж, олж авсан нэр хүнд брэнд чанараа бататган илүү их амжилт гаргахын ерөөл өргөе!





Мэдээг бэлтгэсэн: С.Эрдэнэцэцэг

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%