Аймгийн ИТХ нь орон нутгийн цаг үеийн бодлогыг тодорхойлж, шийдвэрийг батлан гаргах, мөн ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.
Дархан-Уул аймгийн ИТХ нь “Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо”, “Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо”, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо”, “Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо”, “Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо” гэсэн 5 хяналтын хороотой бөгөөд өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга хяналтын хороодын дарга нартай уулзах үеэрээ /2019.03.26/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтуудын хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гаргаж ажиллах чиглэл өгсөн юм.
Үүний дагуу аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль, эрх зүйн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.04.09/ хуралдлаа.
Тус хурлаар аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Төрийн захиргаа Удирдлагын хэлтсээс хэрэгжүүлж буй 12 зорилт 21 арга хэмжээ, Хууль эрхзүйн хэлтсээс хэрэгжүүлж буй 11 зорилт, 25 арга хэмжээний хэрэгжилттэй танилцлаа.
Тус хорооноос аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болох Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм.