Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ДСЦТС" ХК АЙМГИЙН ЗДТГ-ААС АНАГААХЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ГУДАМЖИЙГ 49,3 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛНА

2019-04-04

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид /2019.04.03/ Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан Сэлэнгэ Төв аймгийн бүс нутагт сүүлийн жилүүдэд шинээр хийгдсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил, хэрэглэгчийн гомдол саналыг бууруулсан технологийн менежмент, компанийн хэмжээнд нэвтрүүлсэн ухаалаг системүүдийн талаар болон хэрэглэгчид рүү чиглэсэн үйл ажиллагааны мэдээллүүдийг сонслоо. Төлөөлөгчид 16 чиглэлээр асуулт санал тавьж зарим багууд дээр тулгамдаж байгаа тодруулах шаардлагатай асуудлуудад хариулт авлаа. 
Сүүлийн 8 жилийн хугацаанд ДСЦТС ХК Дархан-Уул аймгийн хэмжээнд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Шарын гол сумын шугам сүлжээг 100 хувь шинэчилж, Дархан-Уул аймгийн хэмжээнд 22.000 өрх байдгаас 21100 өрхийг ухаалаг тоолуураар хангаад байна. Үлдсэн 900 ахуйн хэрэглэгчийг ухаалаг системд холбохоор ажиллаж байна. Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд орон сууцны байрны 1575 давхрын щитийг иж бүрэн шинэчилж засварласан. Үлдсэн 1250 ш давхрын щитний засвар шинэчлэлийг 2019-2020 онд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд СӨХ-ны салбар зөвлөлөөс ирсэн хүсэлтэд тусгагдсан зөрчлүүдийг бүрэн барагдуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай компанийн төлөөллүүд танилцууллаа. Орон сууцны байрнуудын давхрын шитийг шинэчилж засварласнаар иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж өнгө үзэмж сайжрах юм. Мөн уулзалтын үеэр "Гудамж" төслийн хүрээнд тус компанид хуваарилагдсан / аймгийн ЗДТГ-аас Анагаахын сургуулийн уулзвар хүртэлх/ 740 м гудамжийг ДСЦТС ХК-ийн нэрэмжит болгон тохижуулахаар ажиллаж байгаа талаар танилцуулсан. Нийт төсөв нь 49,3 сая төгрөг бөгөөд ДСЦТС ХК-ийн өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажлыг хийхээр болсон юм.Энэ жил 18 сая төгрөгөөр хуримтлагдаж овоорсон шороог зөөж бродюрнаас газрын түвшинг доошлуулж байх ёстой хэмжээнд хүргэж тохижилт хийх бэлтгэл ажлаа хийнэ. Харин ирэх 2020 онд явган хүний зам тавих, хогийн сав, сандал сүүдрэвчүүдийг байрлуулж гудамжийг шинэчлэн тохижуулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус гудамж Гэрэлт гудамжтай холбогдож байгаа учраас гудамжны гэрэлтүүлгүүдийг шинээр хийхээр төлөвлөж байгаа тухай Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат танилцуулгандаа дурьдлаа. 
Мөн үеэр ДСЦТС ХК-ийн тулгамдаж байгаа 2 томоохон асуудлын талаар төлөөлөгчдөд танилцуулж анхаарч ажиллахыг хүслээ. Тухайлбал орон сууцны цахилгааны ерөнхий щитний өрөө иргэдэд хувьчлагдснаас болж, тухайн обьектын цахилгаан эрчим хүчний найдвартай байдал алдагдах, айл өрх, ААНБ иргэний аюулгүй байдал алдагдах, гал гарах эрсдэл өндөр байгаа тухай танилцуулж гарц шийдэл олж хамтран ажиллахыг хүссэн юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд 197 байрны 92 щитний өрөөг иргэдэд хувьчилчихаад байгаа юм. Ингэснээр тухайн эзэн нь гэртээ эзгүй байх үед ямар нэг цахилгааны гэмтэл тасралт гарсан тохиолдолд орон сууцны 100 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчийг богино хугацаанд сэргээж чадахгүй хэд хоногоор щитний өрөөний түлхүүр хүлээх зэргээр асуудал тулгардаг тухай танилцууллаа. Мөн Эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчиж буусан айл өрхийн тоо буурахгүй байгааг дурьдаад одоогийн байдлаар хамгаалалтын зурвас зөрчиж өөрсдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсгээд байгаа 220 тохиолдол байгаа бөгөөд эдгээр иргэдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр санаа тавьж хамтран ажиллахыг хүссэн юм. Хамгаалалтын зурвас зөрчиж буун цахилгаан соронзон орны нөлөөнд автсанаар иргэдэд ямар хор хөнөөлтэй талаар танилцуулж дамжуулагч утас газарт тасарч хөндийрүүлэгч гэмтсэн үед маш аюултай нөхцөл байдал үүсч болох талаар сануулсан юм. 
Тус уулзалтанд Хот байгуулалт, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Д.Элдэвсайхан, гишүүн Н.Чимэддорж, Д.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Д.Баасанжав, Т.Тулга болон Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Мэргэжилтэн Ч.Батжаргал, ДСЦТС ХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар, Хяналт шинжилгээ аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Ч.Чинцогт холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%