Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр /2019.03.19/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн БОАЖГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Зэвсэгт хүчний ЗЗ0 дугаар анги, Мэргэжлийн ойн ангиуд зэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд оролцсон бөгөөд “2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх санал” Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Гантулга, “2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил түүний шийдвэрлэлт, цаашид энэ төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх асуудал” Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ёндонсамбуу, “2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, цаашид хэрэгжүүлэх санал” Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, “2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, цаашид гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх санал” Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан, “2018 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байдал, илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ, цаашид анхаарах асуудал”, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Навчгэрэл нар тус тус илтгэл мэдээлэл тавьсан юм.
Тус зөвлөгөөний үеэр байнгын хяналтын цэг ажиллуулах, хамтарсан эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, хууль хяналтын болон холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг саналуудыг гаргалаа.