Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2019.03.18/ боллоо.
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг.
Энэ удаагийн хурлаар “АШУҮИС-ийн хүрээнд 2017-2018, 2018-2019 оны хичээлийн жилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын тухай мэдээлэл”, “Дархан тээвэр ХХК-иас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын тухай мэдээлэл”-тэй танилцлаа.
АШУҮИСургуулийн Дархан салбар нь нийт 850 оюутантай бөгөөд үүний 457 нь шинэ элсэгчид юм. Тус сургуулиас Оюутны дэлгэрэнгүй судалгааг улирал тутамд шинэчлэн гаргах, гэмт хэрэгт өртөх магадлалтай оюутны судалгааг гаргах зэргээр тогтмол хяналт тавьж, шинээр элсэгч болон дотуур байранд амьдардаг оюутнуудад архи, тамхи, Зөрчлийн тухай хуулийн сургалтыг аймгийн Цагдаагийн газартай жил бүр зохион байгуулдаг байна.
Тус сургуулиас оюутан, багш, ажилчдад тулгамдаж буй нийгмийн тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэх, сэтгэл санааны хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгчдийг чадавхжуулах, сэтгэл гутрал, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэхэд чиглэсэн зөвлөн туслах мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг байгуулжээ.
Харин Дархан тээвэр ХХК буюу Дарханчуудын нэрлэж заншсанаар Шинэ орчин худалдааны төвийн захиргаа нь өөрийн харьяаны харуул хамгаалалтын албаны ажилчдын үүрэг оролцооны дагуу нийгмийн хэв журмыг сахиулах, түрээслэгчдийн бараа материалын бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарал хандуулж ажилладаг хэмээн тус компанийн орлогч захирал Ч.Сэд-Аюушжав ярилаа.
Мөн Цагдаагийн албан хаагчтай хамтран 1000 гаруй түрээслэгчдийн дунд сургалт зөвлөгөөн зохион байгуулах, байгууллагын ажилчид олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх зэргээр ажилладаг бөгөөд захын гадна, дотор талд 136 камер объектын гал хулгайн дохиоллыг ажиллуулж, 24 цагийн хяналтыг тавьдаг байна.
Мөн тус хурлаар аж ахуйн нэгж болон боловсролын байгууллагуудын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, холбогдох хуулийн хэрэгжилтэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгууллаа.