Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын 109 дэхь өдрийг тохиолдуулан НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2019- “WOMEN S MARCH” АЛХАЛТ-ыг /2019.03.07/ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчин, албан хаагчид, оюутан залуусын төлөөлөл оролцож, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээрээ нэгдэхийг уриалсан юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Нэг тэрбумаараа тэмцье-2019- “Women s march” алхалтын үйл ажиллагааг нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр “Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ”Иргэн таны төлөө”, “Хайрлая хамгаалъя”, “Би гэр бүлдээ хайртай”, “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-нэгдье” зэрэг аян, арга хэмжээ, “Өсвөр насны хүүхдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” зөвлөгөөн, хэлэлцүүлгийг эцэг эх, оюутан сурагчдын оролцоонд тулгуурлан 2 үе шаттайгаар зохион байгуулсан тухай мэдээллийг хүргэж, цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалалтад авч, эрхийг нь хангах, ажилтан, алба хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагаас зохион байгуулах ажил, арга хэмжээ, гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллана” хэмээн онцлов.
Уг арга хэмжээний үеэр залуучууд хүчирхийллийн эсрэг нэгдэж буйгаа Флаш моби бүжгээр илэрхийллээ. Мөн “Хүчирхэг эмэгтэй”-г дүрслэн харуулсан гар зургийг өнгө өнгийн будгаар амьлуулж, үүгээрээ дамжуулан хүчирхийллийн хохирогчдод сэтгэлийн дэм үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ нэгдэхийг уриалжээ.