Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өөрийн дөрөв, өрөөлийн 90 хүүхдийг хайраар дутаалгүй өсгөсөн ЭМЭГТЭЙ

2019-03-05

Өөрийн дөрөв, өрөөлийн 90 хүүхдийг нэг халуун ам бүл болгон өсгөж яваа гайхалтай эмэгтэйтэй уулзаж ажил, амьдралтайн танилцахаар Дархан-Уул аймгийн төвд байрлах “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд зочиллоо.


Орц, хонгил зэргээр амьдардаг орон гэргүй , бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг багаас нь энэхүү төвдөө авчран сургуульд сургаж, оюутан болгоод, ажилд оруулж, эхнэр, нөхөрт гарахад нь хүртэл гуйлгыг нь өгч, хуримыг нь хийж, орон байр, машинтай болоход нь дэмжлэг үзүүлж, худ ургуудтайгаа үргэлж холбоотой байдаг энэ олон хүүхдийн ээж нь болсоор ирсэн хүн бол тус төвийн үүсгэн байгуулагч, дарга Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун юм.

Тэрээр, "Одоогоор над дээр 40 хүүхэд байна. бусад нь оюутан болоод гарчихсан. Оюутан болсон хүүхдүүд маань амралтаараа төвдөө ирнэ, сургуулиа төгсөөд гэр бүлтэй болоогүй бол мөн л эндээ ирцгээнэ. Гэр бүлтэй болсон ч цагаан сараар ирж золгоцгооно, Мөн тэмдэглэлт баяр ёслол бүрээр ирдэг. Өнөр өтгөн гэр бүл шүү дээ манайх" хэмээн хуучилсан юм. 

Тодруулбал, тус төвийн нийт төгсөгчдийн 41 нь гадаад дотоодын их дээд сургуульд орсон бол ес нь МСҮТ суралцаж байгаа бөгөөд бүх хүүхдүүдийн сургалтын зардлыг асрамжийн төв нь бүрэн бүрэн даадаг бол сургуулиа амжилттай төгссөн хүүхдүүд нь эргээд дүү нартай тусалдаг байна. 

Биднийг очиход амралтын өдөр буюу бямба гариг таарсан учир ихэнх хүүхдүүд нь гэртээ /“Нарны хүүхдүүд” асрамжийн төв/ байсан юм. Зарим нь гал тогоондоо талх барьж, кекс, жигнэмэг хийцгээж, зарим нь өөрсдийн сонирхдог дуу, бүжиг, хөгжмийн дугуйландаа  орсон байлаа.


Бид хамгийн эхэнд гал тогооны өрөөгөөр нь зочиллоо. Дүү нар нь гурилаа жинлээд адилхан хэмжээтэй жижиг, жижиг хуваагаад цааш дамжуулахад дараагийнх нь нухаж хивэнд оруулна, арай том нь элдэнэ, нэг нь жигнүүрт хийж шарх зуухныхаа галыг тохируулна гэх мэтээр тун завгүй ажилладаг байна. Тэд өөрсдийнхөө идэх боорцог талхыг хийхээс гадна гэрээтэй хоёр ч цэцэрлэгийн үдийн цайны боов, боорцгийг бэлтгэж, орон гэргүй 100 гаруй хүүхдэд тусалдаг байна. 


Тэд биднийг гарахад, өөрсдийн бэлтгэсэн, ямар ч үйлдвэрийн бүтээгдэхүүний амтыг дагуулахааргүй тансаг амттай кексээр биднийг дайлсан юм. 


Харин дараа нь бид оёдлын өрөөнд нь ороход төвийн багш нар хүүхдүүдийнхээ тоглолтын гоёлуудыг урлаж байлаа. Тун удахгүй тус асрамжийн төвийн хүүхдүүд Япон руу тоглолтоор явах гэж байгаа тул багш нар нь хүүхдүүдийнхээ тоглолтын хувцсыг оёж байгаа энэ аж. 


Тэд жил бүр Японы хотуудаар тоглолт хийж жилийнхээ төсөв, хэрэгцээнийхээ мөнгийг олдог уламжлал тогтжээ. Тэр ч утгаараа багш нар нь хүүхдүүдээ уран нугаралт, дуу хөгжим, зураг, хайчилбар, бүжиг, оёдол зэрэг бүх л зүйлд сургаж, өөр өөрсдийнх нь чадварын дагуу хөгжүүлдэг байна. Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй тул ихэнх нь тоглолтын 3-4 номерт орчихдог гэнэ.



Энэ нь тэдний бэлтгэлээ хийж буй байдлаас тодхон харагдаж байлаа. Томчууд нь үндэсний язгуур урлагийн бэлтгэл хийж, ятга, морин хуур, ёочин тоглож байсан бол багачууд нь уран нугаралтын бэлтгэлээ хийж байсан юм. Тэд алдарт Диснейлендийн хөгжмийн фестивалийн гранпри шагнал хүртэж байжээ.


Мөн тэд өөрсдийн гэсэн урлантай. Урлангийн бүтээлээ борлуулаад урсгал зардлаа олдог аж.


Түүнчлэн энэ хотхоны бас нэгэн амин сүнс ажлын талбар бол авто угаалга. Төсөл бичиж, япончуудаас санхүүжилт авсан энэхүү угаалгын газар нь дархандаа л хамгийн шилдэгт ордог гэнэ. Японы угаалгын брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, япон технологиор угаадаг гэдгээрээ онцлог аж. Энэхүү угаалгын газарт бага ангийн хүүхдүүд нь алчуур угаадаг бол оюутан, их сургуулиа төгсөөд түр ажилгүй байгаа залуус нь ээлжээр цалинтай ажилладаг байна.



Мөн тэд асрамжийн төвийнхөө бүх тавилгыг өөрсдөө хийдэг гэнэ. Тус төвийн дарга С.Эрдэнэчулуун “Энэ олон хүүхдийг сурган хүмүүжүүлж, хүн болгоход асар их зовлон бэрхшээл тулгарч байсан ч буцах, болих эрх байхгүй хэмээн зүтгэсээр ирсэн. Олон хүүхэд байдаг тул муу зуршилтай хүүхэд ч ирнэ. Зарим хүүхдүүд шинэ дэвтрүүдээ зарж чихэр аваад идчихдэг. Тийм хүүхдүүдэд зүгээр цаас харандаа өгч явуулаад, орой ирэхээр нь бүх хичээлийг нь дэвтэр дээр нь хуулуулж бичүүлдэг. Энэ мэт маш олон асуудал гарна. Энэ бүхнийг өөрчилж, хүмүүжүүлж, энэ орчинд дасгадаг юм. Урлагаар, хөдөлмөрөөр хүүхдийг зөв тийш нь чиглүүлж хөгжүүлж байна. Хамгийн сайн чанар юу байна тэрийг нь олж илрүүлж урам өгч онгирооно, ингэж байж хүүхэд өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Манайд ирж байгаа хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй, мөрөөдөлгүй болчихсон байдаг. Чи гоё хоол хийдэг юм байна. Гоё зураг зурж чадаж байна гэх мэтээр урам өгнө. Ингээд дараагаар нь за чи ямар мэргэжилтэй болох уу, ийм мэргэжил чамд зохих байх, тийм байвал ямар вэ гэж асууна. Ингээд мөрөөдлийнх нь мэргэжлийг зуруулна. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд ийм, ийм зүйлийг чаддаг болох ёстой гэх мэтээр зөвлөнө. Нэг хүүхдийг гурваас дөрвөн өөр урлаг, спортын төрлөөр хичээллүүлдэг. Авьяасгүй хүн гэж байхгүй шүү дээ” гэж байлаа.


Олон арван бяцхан зүрхний гэр орон нь болж, амьдрал бэлэглэсэн "Нарны хүүхдүүд” төв нь 2000 онд Английн “Хүүхдийг ивээх сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдсан анхны таван халамжийн төвийн нэг аж. 


Тус төвийг 2005 он хүртэл Японы "Азийн хүүхдүүд сан" санхүүжүүлж байжээ. Энэ үед С.Эрдэнэчулуун багш хүүхдүүдээ монгол ахуй, ардын урлагаар хүмүүжүүлэхийг зорьсон тухайгаа бидэнд хуучилсан юм. Ингээд 2003 онд Японы Окинова хотод урлагийн анхны тоглолтоо таван хүүхдийн бүрэлдэхүүнтэй хийснээс хойш өнөөдрийг хүртэл 24 удаа Японы 14 хотод урлагийн тоглолт хийжээ. Тус төвийн хүүхдүүд алдарт Диснейлендийн хөгжмийн фестивалийн гранпри шагнал хүртэж байсан юм байна.

"Нарны хүүхдүүд" асрамжийн төвийг санхүүжилт 2006 оноос эхлэн зогссон тул С.Эрдэнэчулуун багш олон газраас хандив, санхүүжилт гуйсан ч боломж гараагүй гэнэ. Энэ хэцүү үед нь хэрвээ хүмүүс түүнд мөнгө өгсөн бол тэрбээр өөгшөөд, улам л бэлэн мөнгө, бэлэн гар хараад байх байсан ч болов уу гэж байв. Ингээд 10 сарын туршид мөнгөгүй, маш хүнд байдалтай байсан гэнэ. Энэ үед тэрбээр хүүхдүүдээ тэжээхийн тулд хуучин оёдлын машин худалдан авч, жижиг оёдлын цех ажиллуулж эхэлжээ. Гэхдээ оёсон бүтээлээ хаана, яаж борлуулахаа мэдэхгүй байсан тул япончууд руу захидал бичиж, улмаар япончууд тэдний бүтээлийг Япон улсад борлуулахад нь тусалсан юм байна.  Тэр цагаас хойш "Нарны хүүхдүүд" төв өрнөөсөө салж, Япончуудтай гэрээ хийжээ. Гэрээнд Япончууд багш нарын цалин, НДШ, хүүхдүүдийн хоолны зардлыг гаргах тухай л зааж өгчээ. Тухайлбал, тухайн үеийн гэрээнд махыг кг-750 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа гэнэ.

Энэ талаараа, С.Эрдэнэчулуун багш, "Юмны үнэ нэмэгдлээ гээд хамаагүй шаардлага тавихаар япончуудыг өөрсдөөсөө холдуулчихвий гэж их айдаг байсан. Тэд биднийг тэжээх албагүй шүү дээ. Иймээс бид өөрсдөө мөнгө босгох ажлаа хийж эхэлсэн. Бид оёдлын цехийн орлогоороо хүүхдүүдээ хувцасладаг. Бидний хийсэн бүтээл Японд маш их алдартай. Эрэлт хэрэгцээ ч их. Япончууд бидний бүтээлийг миний нэрээр  "Эрдэнэ" гээд брэнд болгочихсон байсан. Долоо хоног бүр оёдлын цехийн бүтээл Япон руу явдаг. Сүмийн 1000 ширхэг жижиг кимоно мөн хийж, япон руу илгээдэг.  Түүгээрээ бид хүүхдүүдээ хувцаслаад, хичээлийн хэрэглэлийн зардлыг олоод амьдардаг" гэсэн юм.

Т.Гэрэл


 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%