Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийг тогтоох нормативыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Үүний дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг батлах тухай” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын төсөлд төрийн байгууллагуудын албан хаагчдын саналыг авч тусгах ажлыг аймгуудад зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативын төсөл”-д төрийн албан хаагчдын саналыг тусгах нь” хэлэлцүүлгийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр нар болон аймгийн Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Статистикийн хэлтэс, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд нээж үг хэлсэн бөгөөд, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг батлах тухай” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын төсөл танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцсон төрийн албан хаагчдын зүгээс орон сууцны доор үйлчилж байгаа цэгүүдийг багасгах, төсөлд байгаа хүн амын тоог байнгын оршин суугчдын тоогоор гэж заах, Минимаркет, хайпермаркетдаа сул агууламжтай архи, согтууруулах ундаагаараа үйлчлээд хүнсний дэлгүүрийг бүр мөсөн хасах, зочид буудлуудад архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа асуудлыг цэгцлэх, орон сууцны доор байрлах газруудыг бүрмөсөн хасах, хүн амын тоог нийслэл 4000, аймаг 2000, сум 1500 гэж заах, архи, согтууруулах ундаа түүгээр үйлчилж буй цэгүүдийн стандартыг хатуу барьж тэдний тоог бууруулж хасах, хүний тоог харьцуулж бодохдоо насанд хүрээгүй хүний тоог оруулж биш зөвхөн 18-аас дээш насны иргэдийн тоонд харьцуулж гаргах, зөрчил гаргасан ААНБ-дад дахин архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байх зэрэг саналыг гаргалаа.