Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2019-01-10

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ хамтран “Орон нутгийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс автозам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ын төсөлд орон нутгийн иргэдийн саналыг авч тусгах хэлэлцүүлгийг /2019.01.09/  зохион байгууллаа. 
Хэлэлцүүлгийн эхэнд Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын менежер Т.Алтангэрэл “Автозамын тухай хууль, орон нутгийн автозамын сан бүрдүүлэх тухай”, “Орон нутгийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс автозам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ын төслийн талаар танилцуулав. 
Авто замын тухай хуульд “Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр байна” хэмээн заасан байдаг бөгөөд  “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-аас орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж, гүүрэнд үзлэг шалгалтыг тогтмол хийж, засвар арчлалт, шинэчлэлтийн ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хариуцан ажилладаг. 
Дархан суманд төв зам 50 гаруй км урт, 42,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хатуу хучилттай автозам байгаагаас ихэнх нь насжилт өндөр болсон, шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.
Замын эвдрэлд байгаль цаг уурын нөлөөллөөс гадна орон нутгийн чанартай авто замын эдэлгээ замын сангийн хөрөнгө хангалтгүйгээс муудаж жил ирэх бүр эвдрэл нэмэгдэж байна. Мөн борооны улиралд авто замын заадсаар борооны ус орж замын суурийг хөндийрүүлдэг ба үүн дээр хүнд даацын авто машин тээвэрлэлт хийснээр маш их хэмжээний авто замын нүхэн эвдрэлийг бий болгодог байна.  
       Өөрөөр хэлбэл шинээр зам барих төсөв жил ирэх тусам нэмэгдсээр байгаа атлаа тухайн замаар зорчиж, зам ашигласны төлбөр нь 2014 оноос хойш шинэчлэгдээгүй өнөөг хүрчээ. ?
Иймд орон нутгийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа суудлын тэргээс 1000 төгрөг, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000 төгрөг, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 төгрөг, ачаа тээврийн автомашинаас 1000-5000 төгрөгийн хураамж авах тухай журмын төслийг “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ боловсруулж, иргэдийн саналыг тусгалаа. 
Аймгийн авто замын засвар, шинэчлэлтийн ажилд  2017 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 9 төсөл, 2018 онд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 9 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд цаашид замын эвдрэл гэмтлийг засварлан шинэчлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%