Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ИРГЭД ДЭМЖЛЭЭ

2019-01-10

Аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран “Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийх ажлын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжид нэмэлт өөрчлөлт оруулахад СӨХ-д болон иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг /2019.01.09/ зохион байгууллаа. 
Хог хаягдлын тухай хуулийн 8.1.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нь нутаг дэвсгэртээ мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно” хэмээн заасан байдаг бөгөөд нэн тэргүүнд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан хог хаягдлын үйлчилгээний хураамжийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орон нутгийн иргэдээсээ санал авч тусгаж байна. 
Уг хэлэлцүүлэгт Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нар, Бүх СӨХ-ны дарга нар, төрийн бус байгууллага,” ДДЦС” ТӨХК, “Дархан Төмөрлөг” ХК, “Дархан нэхий” ХК, “Тээвэр Дархан” ХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа илэрхийллээ. 
Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хотын төв, хот доторх ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, хог хаягдал, орчны бохирдол устгах тээвэрлэлтийг хариуцан ажилладаг.
Дархан сумын 18 багт нийт 25000 гаруй өрх, 79,000  гаруй хүн амтай бөгөөд 2017 онд гэр хороолол, орон сууц, аж ахуй нэгж байгууллага, барилгын гэсэн эх үүсвэрээс дунджаар 28,1 тн хог хаягдал гарчээ. 
Хотын өнцөг булан бүрт хуримтлагдсан эдгээр хог хаягдлыг өдөр тутамд газар дээрээс нь ачиж, татан зайлуулахад НААҮГ-ын тусгай зориулалтын шахдаг 4 машин   өөрөө буулгагч Зил-130   9  машин  хүрэлцдэггүй, тиймээс  үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулахын тулд нэмж 4-5 Зил-130 авто машин, 2 тусгай зориулалтын авто машин  шаардлагатай байгаа тухай НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханджаргал ярилаа.
Орон сууц, орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, тусгай байртай ААНБ, гэр хорооллоос хог ачиж тээвэрлэсний хураамжаар 2017 онд 400 сая, 2018 оны эхний 9 сард 304 сая төгрөгийн орлого орсон боловч ажилчдын цалин, НДШ, шатахуун зэрэг үйл ажиллагааны зардалд 733 сая төгрөг зарцуулагджээ.
Өөрөөр хэлбэл тус байгууллага нь олсон орлогоороо урсгал зардлаа ч нөхөж чадахгүй нөхцөл үүссэн учраас Хог хаягдлын менежментийн бодлогыг  хэрэгжүүлэх, тэр дундаа  хог хаягдлын үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.  
Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 76 дугаар тогтоолоор батлагдсан үнэ тариф буюу айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс сарын 1000 төгрөгийн хураамж авч үйлчилж байгаа юм. 
Харин уг үнэ тарифыг нэмэгдүүлж, нэг өрхөөс 2000 төгрөгийн хураамж авах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%