Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дарханы сэтгүүлчид Марк Хантераас суралцана

2014-11-08

Хэвлэлийн Хүрээлэнгийн Хойд Бүсийн Төвөөс эрхлэн Дархан-Уул аймгийн телевиз, радио, сонин, цахим сайтын сэтгүүлчидтэй редакц дээр нь “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдэвт цуврал уулзалт ярилцлага хийлээ.

Хэвлэлийн Хүрээлэн, Герман улсын “Дойч Вэлле” академаас хамтран саяхан зохион байгуулсан “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөтөлбөр” боловсруулах сургалтанд бүсийн зохицуулагч оролцож ирээд аяны богцоо сэтгүүлч нөхдөдөө ийнхүү задлав. Уг сургалтанд дэлхийд танигдсан эрэн сурвалжлагч сэтгүүлч Марк Ли Хантер уригдан ирж багшилсан нь онцгой сонирхолтой болсныг дуулгалаа. Профессор Марк Ли Хантер нь “Таамагт суурилсан судалгаа” хэмээх эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага номын зохиогч юм. Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн ширээн дээр үргэлж дэлгэгдэг энэ номыг ЮНЕСКО байгууллагаас эрхлэн монгол хэлээр хөрвүүлснийг манай сэтгүүлчид Хэвлэлийн Хүрээлэнгээс авч ашиглах боломжтой.

Олон нийтийн тусын тулд аливаа эх сурвалжийн араас араас зориг зүрхтэй  мөрдөн мөшгихдөө баримт нотолгоог хуулийн дагуу шударгаар олж  илэрүүлэх нь эрэн сурвалжлах сэтгүүлчийн баримтлах үндсэн зарчим гэж онцолдог. Мэдээлэл олж авахад нээлттэй эх сурвалжийг чадварлагаар ашиглах нь чухал. Эрэн сурвалжлах олон аргын нэг нь таамаглал дэвшүүлж түүнийгээ задлан шинжлэх, цуглуулсан баримтуудаа эмхэтгэн “Мастер файл” үүсгэж үр ашигтай ашиглах ур чадварт суралцах шаардлагатай гэдгийг нэрт сэтгүүлч өөрийн хувийн туршлагаараа жишээ татан сонирхолтой ярьжээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг  бүтээлч шийдэл болгон хөгжүүлснээр олон нийтийн дэмжлэгийг авч редакц, сэтгүүлч аль аль нь өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлдэг нь бидэнд цоо шинэ ойлголт байв гэдгийг бүсийн зохицуулагч сонирхуулав. Эрэн сурвалжлагч сэтгүүлч нь ганц нэгээрээ ажиллахын оронд эвлэлдэн нэгдэж байж өөрсдийгөө хамгаална. Сэтгүүлчдэд иргэний нийгмийн байгууллагууд өмөг түшиг болдог учраас тэдэнтэй холбоотой ажиллах хэрэгтэй. Манайд л гэхэд “Глоб интернэшнл” сэтгүүлчдийн төлөө бусдаас түрүүлж үгээ хэлдэг гэдгийг Дарханы сэтгүүлчид илэрхийллээ.Хантер багш Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээний талаар ойлголт авч түүнд нэгдэж ажиллахыг ч санал болгожээ.

Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулахад Герман улсын “Дойч Вэлле” академи тусалж байгаад талархаж байв. “Дойч Вэлле” академийн зүүн Азийн бүсийн зохицуулагч Эва Мехл хатагтай Дархан-Уул аймагт ажиллахдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар орж танилцан сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр орон нутгийн сэтгүүлчдийг сэтгүүл зүйн нэн орчин үеийн мэдлэгээр цэнэглэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгоод буцжээ. Үүнийгээ ч ажил хэрэг болгож эхэлсэнд түүнтэй уулзсан сэтгүүлчид талархаж байв. Орон нутагт телевиз, радио, цахим мэдээлэл түлхүү хөгжиж байгааг харгалзан сэтгүүлчдийн төрөлжсөн сургалт хэрэгтэй. Сургалтыг залуу болон туршлагатай сэтгүүлчдэд ялгавартай хөтөлбөрөөр хийж, редакторуудыг дангаар нь чадавхжуулах хүсэлт тавилаа.

Ө.РАГЧААСҮРЭН

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%